Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 2024 оны долоодугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан ААШТ-д оролцсон тамирчдын допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ. Үүнээс дөрвөн тамирчны шинжилгээний хариу эерэг буюу хориотой бодис хэрэглэсэн гэж гарсан юм. Эдгээр тамирчдын нэг болох МУГТ Б.Сугарсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ,
"Манай холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан өөрийн тойрон хүрээлэгч дунд нэр хүндээ алдсан. Хамгийн сүүлд намайг ДАШТ-д оруулахгүй гэж байгаад нэр хүндээ алдсан. Оруулахгүй гэж байсан тамирчин нь ДАШТ-д ороод, Дэлхийн аварга болчихлоо гэсэн яриа гарангуут, өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахиж намайг допингтой гэх яриа гаргасан.
Би өнөөдөр эх орныхоо нэрийг гаргах гэж шударга явсныхаа төлөө ийм хэл аманд орчихлоо. Өчигдөр орой над руу гар хөлөө залгуулсан. Тохиролцох гээд байх шиг байгаа юм. Би эх орныхоо нэрийг гаргах гэж явж байгаа хүн. Гэтэл сайтуудаар намайг допинг хэрэглэсэн гэж цацчихаад одоо надтай юу тохиролцох гээд байгаа юм. Энэ мэдээлэл одоо засрахгүй.
Энэ мэдээлэл гарсны дараа би өөрийн цахим сүлжээндээ шууд бичлэг хийж Ш.Амарсайханы талаар хэд хэдэн ноцтой зүйлс ярьсан. Нэг хүний тоглолттойгоор холбоо маань явдаг. Маш их мөнгө угаадаг талаар би өчигдөр хэлсэн. Өмнөх 2024 онд Азийн аваргын тэмцээнийг манай улс зохион байгуулсан. Түрүү жилийн тэмцээний хувьд 800 орчим сая төгрөгийг улсын төсвөөс авсан гэж би сонссон. Энэ мөнгө хаашаа орсныг бид мэдэхгүй.
Холбоогоо шинэчилж, гаднаас аудит оруулмаар байна. Манай холбоо улсын төсвөөс гадна жил болгон гадны холбооноос санхүүжилт авдаг. Энэ санхүүжилт нь гурван жил дараалан орж ирж байгаа. Хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирж байгааг тамирчид мэддэггүй. Ямар ч шилэн данс байхгүй.
Тиймээс АТГ үүнийг шалгаж өгөөч гэж хүсэж байна. Би өдийг хүртэл эмээгээд зүгээр л урдах зүйлээ хийгээд зүтгээд явж байсан. Одоо харин холбооныхоо болохгүй байгаа зүйлсийг зоригтой ил болгож байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (21)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!