Шинэ үеэ дарахаар тохиролцсон МАН, АН-ынхны БУЛГАНЫ БУДИЛААНЫГ Ерөнхий сайд зогсоох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 52 секунд
Зургийг UBN.MN

Манайхан аливаа юмны голыг олоод хэлчихдэг сонин улс. Үүний нэг жишээ бол Булганыхны талаарх хэд хэдэн яриа юм. Эхний яриа нь анхдагчид. Нээрээ л сансарт ниссэн анхны хүнээс эхлээд Таван шарын нүхэн гарцаар гарсан анхны жолооч нь хүртэл Булганых байсан гэдэг. Тайзан дээр дуулж байгаад унасан эмэгтэй хамтрагчаа татаж авалгүй үлдээсэн анхны аймаг бас л Булганых болж таарсан.

Тэгвэл дараагийн яриа нь будилаантай гэдэг тодотгол. Үүнийгээ нотлох мэт Булганыхан бусад аймгуудаас тэргүүлэн улс төрийн анхны будилаанаа эхлүүллээ.

Сонгуулийн дараа бөөн юм болж байж шинэ Засаг даргаараа Д.Пүрэв-Очирыг томилсон. Бусад аймгууд нь орон нутгийн сонгууль дуусгаад л шинэхэн засаг ноёдоо тодруулж, Ерөнхий сайдад уламжилсан. Гэвч Булганыхан тэгж чадалгүй хугацаа алдсаар 11 сар гаргасан.

Ингээд арай гэж дотоод улс төрөө давж Засаг даргатай болсон Булганыхан шинэхэн Засаг даргаа энэ сарын эхээр огцруулахаар оволзож, ИТХ-аараа аваад залчих нь тэр. Өөрөөр хэлбэл, ажлаа авсных нь 3 сарын ойн дээр огцруулах бичгээ үйлдэж, Ерөнхий сайдаас батламжаа аваад арван дөрвөн хоног болоход нь л Булганчууд аймгийн даргаа унагаж орхив.

Гэхдээ улс төрд аливаа асуудал тооцоо, тохироогүй байдаггүй. Тэгвэл Булганыхан ямар эрх ашгийн төлөө, хэний нөлөөгөөр Засаг даргаа огцруулав. Үүний цаана юу байв гэдэг сонин.

Ц.Анандбазар тэргүүтэй хууччуул нь аймгийн намаа авахын тулд, “Женко”-гийн Б.Ариун-Эрдэнийн АН-тай нийлж Засаг даргаа тонгорохоор ажиллав

Булганд үндсэндээ хоёр том улс төрийн фракц маягийн зүйл бий гэдэг. Эхнийх нь гишүүн асан Ц.Анандбазар, Д.Хишигжаргал тэргүүтэй МАН-ын луугарууд. Нөгөөх нь Х.Баттулгын ойрын хүн Б.Ариун-Эрдэнийн тэргүүлж буй АН-ынхан. Энэ хоёр Ерөнхийдөө энэ сонгуулиар эрх мэдлээ алдацгаасан. Нөхцөл байдал өөрөөр эргэж, Ц.Анандбазар сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Улмаар өнгөрсөн удаад Ж.Бат-Эрдэнээс аймгийн намын хороогоо авах гэж байгаад чадаагүй. Б.Ариун-Эрдэнийн хувьд дөрвөн жил засагласан хэрнээ аймгаа алдаж Ардын намд ганцхан суудлаар ялагдсан юм. Ингээд аймгийн намаа авах гэсэн Ц.Анандбазар, орон нутгийн бэсрэг “наймаа” болж хувирсан алт тойрсон асуудалд хяналтаа алдахгүй гэсэн нөгөө талын хүсэл нийлж Д.Пүрэв-Очирыг түлхэн унагах ажил эхэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, МАН, АН-ынхан уламжлал ёсоор эрх ашиг дээрээ нэгдсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Засаг даргын суудлаас илүүтэй Булганы намыг авах нь хамгийн том зорилго.

Булганы нам удахгүй шинэ даргатай болох нь МАН дотор ойлгомжтой байсан. Улс төрөөс гарахгүй байхын тулд, Ерөнхийлөгчийн сонгуульд “үнэ” хүрэхийн тулд аймгийн намыг авах нь маш их ашигтай байрлал. Үүнийгээ хийхийн тулд эхлээд намын хорооны даргаар сонгогдох нь ойлгомжтой байсан Д.Пүрэв-Очирыг намын хурлаас нь өмнө өрсөөд Засаг даргаас нь унагахаар талууд тохирчээ. Энэ ажиллагаа нь бүтэлтэй болж АН-ын 14 төлөөлөгч дээр МАН-ын 15 төлөөлөгчийн гурав нь нөгөө талд урважээ. Ингээд 29 төлөөлөгчөөс 17 нь Д.Пүрэв-Очирыг унагахаар кнопдсон юм. Ингээд засгаа авчихаад үргэлжлүүлэн намаа авахаар ажилласан төв намын аппаратаас энэ үйлдлийг нь дэмжсэнгүй. Тооцоо ёсоор аймгийн намын даргыг нь Д.Пүрэв-Очирт өгч орхив.

Ерөнхий сайд Булганы будилааныг буцаах уу

Нэг жижиг аймгийн улс төрийн зодоон ч юм шиг хэрнээ цаанаа улс төрийн олон асуудлыг тээж буй Булганы Засаг даргын асуудлыг Ерөнхий сайд хэрхэн шийдвэрлэх вэ. ИТХ-ын шийдвэрийг буцаах боломж Ерөнхий сайдад бий. Эсвэл хүлээж аваад орон нутгийн улс төрийг нь галзууртал нь хөөрөгдөж өгч болох юм. Гэхдээ энэ нь түүнд хортой. Анх энэ хэрэг явдал эхлэхтэй зэрэгцэж УИХ-ын гишүүн Х.Баттулга Булган аймгаар ороод амжсан. Энэ үеэрээ Ерөнхий сайдыг хүлээж авах асуудлыг хариуцна гэдгээ АН-ынханд амласан гэх яриаг Булганы ИТХ-ынхан битүү шивнэлдэж сууна. Хэрэв Д.Пүрэв-Очирыг огцруулахыг хүлээгээд авчихвал Ардын намын зодоон жинхэнэ утгаараа эхэлнэ. Ёстой нөгөө юм бүхний анхдагч гэдгээ нотолж, намын даргаа Х.Баттулгатай нэгдлээ гэх далд шивнээг ил болгож, бүх нийтийн зодоон руу намаа түлхэх болно. Харин хүлээж авахгүй байвал Ерөнхий сайдын улс төрийн байдал хэрхэн эргэх вэ. Том асуудал үргэлж жижиг маргаан, жижиг хов хэрүүлээс л үүдэлтэй байдаг. Харин эх сурвалжууд бол Д.Пүрэв-Очирыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд хүлээж авахгүй гэдэг таамгийг хэлж байна.

Булганчууд хамтарсан засаглал руу шилжихгүй бол дөрвөн жил БУДИЛНА

Тэгвэл цаашдаа асуудал хэрхэн үргэлжлэх вэ. 29 төлөөлөгчтэй Булганы ИТХ-ын 15 нь МАН-аас, 14 төлөөлөгч нь АН-аас сонгогдсон байгаа. Ийм байдалтайгаар дөрвөн жил ажил хийнэ гэж огт байхгүй. Хаа газрын урваач, шарваачид ийм нөхцөлд сөрөг хүчинтэйгээ нэгдэж, жалганы улс төрийг тултал хийдэг жамтай. Тиймээс энэ удаад Ерөнхий сайд буцаалаа ч дараа нь хэрвээ асуудал давтагдвал шахалтад орох эрсдэлтэй. Тиймээс Булганы МАН-ынхан нэгдэж намаа Ц.Анандбазар тэргүүтэй хууччуулдаа өгөхгүй байхаар зуржээ. Харин Ерөнхий сайдын шийдвэрийн дараа Д.Пүрэв-Очир тэргүүтэй МАН-ынхан нь Б.Ариун-Эрдэнээс бусад АН-ынхантай нь нэгдэж хамтарч дөрвөн жил засаглах магадлалтай. Ингэхгүй л бол улс төр нь дуусахгүй. Ажил ч урагшлахгүй билээ.

Г.Лхагвадорж

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэм хүйтэн
 
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг маргааш гардуулна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!