Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 20 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлав.

Дэд хорооны өчигдрийн хуралдаанаар, дүрмийн төслийг хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус Дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Дэд хорооны хуралдааны явцад гишүүд дүрмийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй үзэж, хуулийн төслүүдийг боловсруулан Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтжээ.

Дэд хорооны санал, дүгнэлт, дүрмийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн нар Дэд хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Дэд хорооны дарга Н.Энхболд гишүүдийн асуултад хариулахдаа, "Дүрмийн төслийг боловсруулах явцад гадаадын зарим эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн. Тухайлбал, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, хуралдааны дэг, туршлагын талаар судалсан, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх боломжтой" хэмээв. 

Дэд хороо нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татахтай холбоотой асуудлын хүрээнд хуульд заасан байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр дүрмийн төсөлд тусгажээ. Дэд хороо энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ тарах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хууль тогтоомжид заасны дагуу түдгэлзүүлэх болон бүрэн эрхийг нь зөрчсөн асуудал, эгүүлэн татах саналын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар, тодруулга авах, холбогдох судалгаа хийлгэх, Дэд хорооны хуралдаанд холбогдох гэрч, шаардлагатай этгээдийг дуудан оролцуулах, тодорхой асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалт явуулах үүрэгтэй ажлын багийг дангаараа болон хамтарсан хэлбэрээр байгуулахаар төсөлд тусгажээ. Дэд хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрх эдлэхээр дүрмийн төсөлд тусгасан байна.  

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар үг хэлж, тогтоолын төсөл болон Дэд хорооны дүрмийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Албан тушаалаа ашигладаг улсын байцаагч нарт хариуцлага тооцохыг санууллаа
Албан тушаалаа ашигладаг улсын байцаагч нарт хариуцлага тооцохыг санууллаа
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.