Төв аймагт коронавирусийн дөрвөн тохиолдол илэрч, Зуунмод сумын иргэдийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулж буй талаар ЭМЯ-ны мэдээлэлд дурдсан. Тэгвэл халдвар авсан нь батлагдаж, Төв аймагт очсон иргэн хулгайн замаар зорчжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн З Төв аймгийн Зуунмод суманд буяны ажил явдалд оролцохоор очихдоо PCR шинжилгээ өгөлгүй хулгайн замаар очсон байна. Харин Улаанбаатар хотод эргэн ирэхдээ шинжилгээ өгсөн нь гуравдугаар сарын 4-ний өдөр ЭЕРЭГ гэсэн хариу гарч, халдвар тээсэн нь батлагдсан байна.
Иймд Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг Төв аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авахад 58 хүний шинжилгээний хариу сөрөг, харин дөрвөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр Зуунмод суманд коронавирусийн халдвартай дөрвөн тохиолдол батлагдаж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.