Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧИЙН ЭМЭЭ: Зургаахан настай эгчийнх нь нүдэн дээр дөнгөж хөлд орох гэж байсан 10 сартай охиныг минь “Их уйллаа“ гээд хөнөөсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 43 секунд

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Ингэснээр П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна.

Ингээд хохирогчийн эмээгээс шүүх хурлын өмнө цөөн зүйлийг тодрууллаа.

-Анхан шатны шүүхээс охины тань амийг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноосонд гомдолтой байгаа юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Үнэхээр гомдолтой байна. Хэдийгээр миний зээ охин босоод ирэхгүй ч гомдолтой байгаа учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурлаас ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй байна. Миний охин Солонгост сурдаг. Би зээ охиноо хардаг байсан. Охин минь хүүхэд дээрээ ирэхэд 14 хоног дутуу байхад ийм аймшигтай хэрэг гарсан.

-Тухайн өдөр юу болсон юм бол. Хамтдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл бий?

-Бид нэгнээ мэддэг улс. Тэд манайхаас мах авдаг байсан. Тэр өдөр ч буузныхаа махыг авахаар ирээд байсан. Би хүн амьтанд архи авч өгдөггүй. Тэд өөрсдөө архи авч уусан. Манайд манай ажлын хүн ирсэн байсан. Шөнө 04.00 цагт тэр хүнийг гаргаж өгөхөөр гарсан хойгуур миний зээ охиныг алчихсан байсан. Ээжид нь юу гэж хэлнэ ээ. Ээжээс нь уучлал гуйгаарай гэж уйлаад гуйсан. Гэтэл тэд охиноос минь уучлал ч гуйгаагүй. Тэдний хоёр өмгөөлөгч биднийг доромжилж шахуу харьцдаг.

Өнөөдрийг хүртэл тэд бидэнтэй уулзаагүй. Ажил явдал ч оролцоогүй. Яагаад зээ охиныг минь хөнөөснийг одоо хүртэл гайхаж байна. Хүүхдийн дуунаас тэгтлээ залхсан гэж үү. Зургаахан настай эгчийнх нь нүдэн дээр дөнгөж хөлд орох гэж байсан 10 сартай охиныг минь хөнөөсөн. Хүний үрийн халуун цусанд гараа угаачихаад, амьдралыг нь орвонгоор нь устгачихаад уучлал ч гуйгаагүйд гомдолтой байна. Ямар хахир хатуу хүмүүс байдаг юм бэ. Үнэхээр гомдолтой байна.

-Охиныг та хэрэг үйлдсэн гэх этгээдийн эхнэрт үлдээсэн үү. Тухайн эмэгтэйд ямар нэгэн хариуцлага тооцсон уу?

-Би тухайн эмэгтэйд тэврүүлээд үлдээсэн. Гэтэл мөрдөн байцаалтын үеэр "Би буруу хараад хэвтэж байсан" гэж мэдүүлсэн байна лээ. Үнэхээр тэгэж их уйлаад байсан бол "Түр аваад байж байхгүй яасан юм болоо". Шүүх эмнэлэг тэр этгээдийг архины солиоролтой байсан гэж дүгнэж байна лээ. Арай ч дээ. Тэгэж болохгүй шүү дээ. Ядарсан улс гээд дээрэлхэж байгаа юм шиг. Үнэхээр гомдолтой байна.

-Өнөөдрийн давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гараасай гэж хүлээж байгаа вэ?

-Зохих хариуцлагыг нь хүлээлгээсэй. Оршуулгын зардлыг 1,2 саяар увуулж, цувуулаад өгсөн болсон. Хүний амь үнэхээр үнэгүй байна. Бид бие сэтгэл, эдийн засгийн бүх зүйлээрээ хохирч байна. Үрийнхээ алтан амиар хохирч байна.

ШУУД: 10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал болж байна
ШУУД: 10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал болж байна
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.