УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаярыг гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалангийнх нь хамт ЭЦА-нд шалгаж байсан. Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Кёкүшюзан Д.Батбаяр хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр Богд ууланд газар авахдаа БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
Тухайлбал, хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээрх "Ногоон шүр", "Өлзийт голын эх" компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан "Зэсэн тал" болон Кёкүшюзан Д.Батбаярын дүү Д.Аззаяагийн нэр дээрх "Ногоон хана" компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн агаад тэр нь цаашаа Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлэн 2017 оны тавдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлжээ. "Ногоон хана" ХХК-ийнхаа эрхийг шилжүүлэхдээ Богд уулын Чулуутын амны найман га газрынхаа хамт өгсөн бөгөөд оронд Сонгинохайрхан дүүрэгт барьсан байрных нь үйлчилгээний талбайгаас авсан нь тодорхой болсон гэдэг.
Энэ мэт үйлдлүүдийг нь ЭЦА-ныхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-ын хяналтад хүргүүлсэн байна. Прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаад цөөн зүйлийг нэмж шалгах шаардлагатай хэмээн буцаагаад байгаа аж.