АНУ-ын хэд хэдэн мужид эрчим хүч тасарснаас нийт таван сая гаруй хүн тоггүй болжээ. Эрчим хүчний доголдлыг харуулдаг албан ёсны сайтад мэдээлснээр дээрх таван сая хүний олонх нь Техас, Орегон, Луйзиана, Кентаки мужийн иргэд юм.
Өчигдрийн байдлаар Техас мужид 3.3 сая хүн, Орегон мужид 192 мянга гаруй хүн, Луйзиана мужид 160 мянган хүн, Кентаки мужид 111 мянган хүн тоггүй болсон байна. Олон мянган айлын тог тасарсан нь сүүлийн үед болж буй хүчтэй шуургуудтай холбоотой аж. Тухайлбал, Орегон мужид болсон цасан шуурганд гудамжны модод хугаран унаж, цахилгааны шонгууд эвдрэн эрчим хүчний кабелиуд тасарчээ. Гэмтэл их байгаагаас шалтгаалан ихэнх айлууд хэдэн өдрийн дараагаас цахилгаан авах боломжтой гэнэ. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор зарим мужуудад цаашид улам илүү олон айл өрх цахилгаангүй болохоос сэргийлэн үе үе хязгаарлалт хийх болжээ.
Дэвсгэр мэдээлэл: АНУ-д энэ жил хамгийн их хүйтэн өвөл болж байна. Хьюстон мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар машиныхаа халаагчаар гэртээ дулаан байх оролдлого хийсэн гэр бүл угаартжээ. Энэхүү золгүй явдлаас болж, ээж нь найман настай охиныхоо хамт нас барсан бол аав нь долоон настай хүүтэйгээ эмнэлэгт хүргэгдсэн байна.