ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: “Сүүлийн 14 хоногт дэлхий дахинд коронавирусийн халдварын өвчлөл 15 хувиар буурсан мэдээтэй байна.
Манай улсын хувьд өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч дэлхий дахин болон хөрш орнуудад маань өвчлөл тууштай буурч байгаа. Тухайлбал, ОХУ-д сүүлийн нэг сарын турш халдварын тархалт саарч байгаа бөгөөд өдөртөө 4,000-5,000 тохиолдлоор буурч байна.
Өвчлөл буурч байгаа нь олон улс хөл хорионы арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлсэн, ард иргэд коронавируст халдварын талаар мэдлэг мэдээлэлтэй болсон нь халдварын тархалтыг буурахад нөлөөлсөн хэмээн үзэж байна. Түүнчлэн вакцины үр дүн гараад эхэлснийг онцолж байгаа.
Дэлхийн 73 орны 134 сая хүн вакцин хийлгэсэн. Өдөрт дунджаар 4.7 сая хүн вакцин хийлгэж байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтад ард иргэдээ хамгийн сайн хамруулж байгаа улс нь Израйль улс бөгөөд одоогоор хүн амынхаа 50 орчим хувийг дархлаажуулаад байна.
АНУ, Англид дархлаажуулалтын үр дүн гарч эхэлсэн талаар мэдээллүүд байгаа” гэв.