Шинэ Ерөнхий сайд тодорч, Засгийн газраа бүрдүүлэх ажил долоо хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд Ерөнхий сайдаар тодроод байсан Л.Оюун-Эрдэнээс сайдын суудал горьдогч нар цөөнгүй байсан. Намын гишүүд өнгөрсөн долоо хоногийг нүд цавчих завгүй өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Энэ дунд эмэгтэй гишүүд ч цохиж явсан. Тэд УИХ-ын чуулганаар орж, томилогдоогүй Ерөнхий сайдаас таван сайдын суудал нэхэж, гарын үсгээ зурж нэгдсэн.
Тэгвэл нэгэнт шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорчээ. УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүний 11 нь МАН-аас сонгогдсон. Тэд сайдын суудал горьдогчид. Гэтэл энэ удаагийн Засаг тэднээс нэгийг нь ч таалсангүй. Дөрвөн эмэгтэй сайдыг танхимдаа суулгахаар нэрлэсэн нь бүгд гаднаас. Ингэхдээ А.Ариунзаяа сайдыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаар улирааж, Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэгийг дэвшүүлжээ. Үлдсэн хоёр суудал цоо шинэ хүмүүсийн гарт очих нь. Тэд бол Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан нар.
Ч.Номинг Хөдөлмөрийн баатар "Гацуурт" Л.Чинбатын охин. "Монгол" телевизийн захирал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж буй.
Харин Н.Уртнасангийн хувьд НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “ЮНИ СОЛАР” ХХК-ийн Ерөнхий захирлын ажилтай юм байна.