УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Залуу хүний аагаар төрийг удирддаггүй. Сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийг чинь магтдаг хүнээр хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бид ч талбайд гарсан. Тэр үед цахилгаан тасалж, микрафоныг нь хааж новшроогүй шүү дээ. Шинэ үе үгэнд хууртахаа больсон. Бид сонгуулиар 65-уулаа гарч ирсэн. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Улс төрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хууль засагладаг төртэй байхыг хүсч байна гэдэг үгэнд баяртай байна. Манай улсад төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчит 4862 нийт 6012 байгууллага байна. Эдгээрт 250 мянга орчим хүн ажиллаж байна. Нийт 64 их наядын хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 35 их наяд нь өр төлбөр байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад, гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?
УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ:
-Төрийн өмчийн байгууллагыг анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй.