Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн удирдагчид Ж.Байденд баяр хүргэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 9 секунд

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа дэлхийн улс орнуудын удирдагчид түүнд баяр хүргэлээ.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ:

Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарт тангараг өргөсөнд баяр хүргэе. Япон, АНУ найрсаг харилцаа, нийтлэг үнэт зүйлсээр бат бөх холбогдсон холбоотнууд билээ. Миний бие хоёр улсын эвслийг бэхжүүлэх, Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд тантай, таны багтай хамтран ажиллахыг хүлээж байна.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен:

АНУ эргэн ирлээ. Европ эртний, итгэлт түнштэйгээ ойр дотно холбоогоо сэргээхэд бэлэн байна. Жо Байден тантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон:

Миний бие хоёр орны түншлэлийг бэхжүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цар тахлыг даван туулах, Атлант дамнасан аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд Жо Байден болон түүний шинэ засаг захиргаатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон:

Америкийн ард түмний хувьд ихээхэн ач холбогдолтой өдөр тохиож байна. Бид энэ цагт тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулж, хамтдаа сайхан ирээдүйг бүтээж, хамтдаа эх дэлхийгээ хамгаалж чадна. Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргэн тавтай морил.

Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер:

Өнөөдөр ардчиллын сайхан өдөр тохиож байна. АНУ хүнд сорилтуудтай тулгарч, даван гарлаа. Америкийн институцийн бүтцэд халдахыг оролдсоныг үл харгалзан сонгуулийн ажилтнууд, захирагчид, шүүх тогтолцоо, Конгресс хүчирхэг гэдгээ батлан харууллаа. Жо Байден өнөөдөр Ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөж, Цагаан ордон руу нүүж байгаад миний бие маш их баяртай байна. Германчуудын олонх нь надтай санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна.

ОХУ-ын Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков:

ОХУ, ОХУ-ын Ерөнхийлөгч Зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээг сунгах хүсэлтэй байна... Хэрэв АНУ энэхүү гэрээг сунгах шийдвэр гаргавал таатайгаар хүлээн авах болно.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо:

Дэлхий дахин “COVID-19” цар тахалтай тэмцэж, эдийн засгаа тогтвортой сэргээхийг эрмэлзэж буй энэ цаг үед  Канад, АНУ түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлснээр сайхан ирээдүйг эргэн цогцлоох болно. Мөн бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгаа өсгөх, улс орондоо төдийгүй дэлхий даяар ардчилал, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох чиглэлд хамтран ажиллана.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху:

Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарт тангараг өргөсөнд баяр хүргэе. Ерөнхийлөгч Байден, та бид хоёр олон арван жилийн турш нөхөрсөг харилцаатай байсаар ирсэн билээ. АНУ-Израилын эвслийг улам бэхжүүлэх, Израил, Арабын орнуудын хооронд энх тайвныг үргэлжлүүлэн цогцлоох, нийтлэг сорилтуудыг сөрөн зогсох чиглэлд тантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.

Мөн Б.Нетаньхугийн ажлын албанаас “Ерөнхийлөгч Трамп таны Израилын төлөө хийсэн бүх агуу үйлсэд талархал илэрхийлье. Ялангуяа Йерусалим хотыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Израил, Арабын орнуудын хооронд дөрвөн энх тайвны хэлэлцээр байгуулсан явдалд талархаж байна” гэж мэдэгджээ.

Беларусын сөрөг хүчний удирдагч Святлана Цихановская:

Жо Байден, Камала Харрис нарт баяр хүргэе! Беларус, АНУ-ын харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна

БНХАУ АНУ-ын иргэдэд хориг арга хэмжээ авчээ
БНХАУ АНУ-ын иргэдэд хориг арга хэмжээ авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.