2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх, цахим бүртгэлд намын даргийн бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцлээ. Уг хурлаар Улсын дээд шүүх Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг намын даргаар бүртгэхээс татгалзжээ.
Мөн Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмэнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд цөөн тооны зарим зүйл заалтыг тодруулах, дугаар эрэмбийг шинэчлэх, холбогдох бусад бичиг баримт ирүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс Ардчилсан намын 10-р их хурлаар баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн техникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр дахин өгөх боллоо.
Шүүхийн үйл явцад бид хүндэтгэлтэй хандаж буй бөгөөд өмнө нь буюу 2017 онд Ардчилсан нам шинэ дүрмээ бүртгүүлэхэд Улсын дээд шүүхээс тухайн үед адил төстэй тодруулга шаардан буцааж байсан бөгөөд техникийн шинжтэй засварыг хийснээр дахин бүртгүүлж байсныг сануулах нь зүйтэй билээ.
Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй дүрмийн дагуу Ардчилсан намын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн болон бүх дүүргүүд, 21 аймгийн намын хороод хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Хотынхондоо тусалья”, “Малчиддаа тусалья” зэрэг иргэддээ туслах аянуудыг цар тахалын хүнд үе тохиосон ч амжилттай зохион байгуулж байна.
Хамгийн гол нь Ардчилсан нам цар тахалын үед иргэддээ ээлтэй засаглалыг хэрэгжүүлж чадахгүй байгаа эрх баригч Монгол Ардын Намын удаа дараагийн оновчгүй шийдвэрт онц шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд тэдний буруу бодлогод иргэдийн хамт хатуу хяналт тавьж сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимтэй хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.