
Улаанбаатар хот өвөлд бэлтгэж байна. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг таван чиглэлээр зохион байгуулж, төлөвлөсөн 365 ажлын 310 гаруйг бүрэн дуусгаснаар гүйцэтгэл 85 хувьд хүрчээ. Үлдсэн ажлыг аравдугаар сарын 15-нд өвлийн горимд шилжихээс өмнө дуусгахаар ажиллаж байна.
Гэвч өвөлжилтийн бэлтгэл гэхээр зөвхөн дулаан, цахилгаан, авто зам, инженерийн шугам сүлжээний засварын тухай ярих нь хангалтгүй. Хотын өдөр тутмын амьдралыг тасралтгүй авч явдаг хэрнээ иргэдийн нүдэнд тэр бүр өртдөггүй нэг том систем бий. Энэ бол бохир ус татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж юм.
Өнөөдөр нийслэлийн бохир усны зарим коллектор 80-90 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа талаар Ус сувгийн удирдах газрын мэргэжилтнүүд хэлж байна. Ийнхүү үндсэн шугамуудын ачаалал өндөр байгаа үед иргэдийн буруу хэрэглээнээс үүдэлтэй хатуу хог хаягдал системд нэмэлт дарамт болжээ.

Нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл, үс, даавуу, хуванцар, тамхины иш болон бусад хатуу хогийг суултуурт хийж усаа татахад хэдхэн секундын дараа нүднээс далд орно. Гэхдээ хог алга болсон гэсэн үг биш. Тэдгээр нь бохир устай хамт байр, хорооллын дотоод шугамаас нийтийн бохирын шугам, коллектороор дамжин эцэстээ Төв цэвэрлэх байгууламжид хүрдэг. Тэнд бохир усанд агуулагдах хатуу хогийг сараалж болон механик төхөөрөмжөөр ялган авах шаардлагатай болдог.
-Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна-

УСУГ-ын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаярын мэдээлснээр Төв цэвэрлэх байгууламж 200 орчим ажилтантай, дөрвөн ээлжээр хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг. Тус байгууламж хоногт дунджаар 190-240 мянган шоо метр бохир ус хүлээн авч байгаа бөгөөд үүнтэй хамт дунджаар гурван тонн орчим хатуу хог ирдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт гурван тонн гэж үзвэл жилд 1000 гаруй тонн хатуу хог зөвхөн бохир усны урсгалаар дамжин цэвэрлэх байгууламжид хүрэх хэмжээний үзүүлэлт юм.
Энэ бол хог тээврийн зориулалтын системээр бус, бохир ус дамжуулах зориулалттай инженерийн байгууламжаар тээвэрлэгдэж буй хог.
-Суултуурт хүний ялгадас, ариун цэврийн цааснаас бусад зүйл бүү хий.
Суултуур бол хогийн сав биш-

Суултуурт хийсэн бүх хог ижил эрсдэлтэй биш. Ялангуяа усанд амархан задардаггүй нойтон салфетка, даавуу, үс, ариун цэврийн хэрэглэл зэрэг материалууд хоорондоо орооцолдож бөөгнөрөх боломжтой. Ингэснээр насосны сэнс, механик тоноглолд орооцолдох, урсгалын огтлолыг багасгах, шугам хоолойд бөглөрөл үүсгэх эрсдэл нэмэгдэнэ.
Нэг айлын суултуурт хийсэн жижиг салфетка тухайн айлын хувьд өчүүхэн зүйл мэт харагдана. Харин хэдэн зуун мянган хэрэглэгчийн ижил үйлдэл нийлбэл хотын инженерийн системд бодит ачаалал болж хувирна. Хатуу хог бохирын системд орох нь хэд хэдэн шатны эрсдэл дагуулдаг.
Юуны өмнө шугам, насос бөглөрөх эрсдэл нэмэгдэнэ. Бөглөрлийг арилгахын тулд ажилтан, тусгай техник ажиллуулж, тоног төхөөрөмжийг зогсоох шаардлага гарч болно.
Дараагийн асуудал нь элэгдэл, эвдрэл. Насос болон механик төхөөрөмжид зориулагдаагүй хатуу биетүүд орсноор эд ангийн ашиглалтын хугацаа богиносож, засвар үйлчилгээний зардал нэмэгдэнэ. Мөн цэвэрлэх байгууламжийн эхний шатанд хатуу хогийг бүрэн ялгаж чадахгүй тохиолдолд дараагийн механик болон биологийн цэвэрлэгээний дамжлагад нэмэлт ачаалал очих эрсдэлтэй.
Түүнчлэн бөглөрсөн шугам, тоног төхөөрөмжийг цэвэрлэх ажил нь тухайн ажлыг гүйцэтгэж буй хүмүүсийг бохир ус, биологийн бохирдолтой шууд харьцах эрсдэлд оруулдаг байна.
Хотын бохир ус цуглуулах, дамжуулах, цэвэрлэх систем нь нэг цогц хэлхээ. Аль нэг хэсэгт нь доголдол үүсвэл дараагийн шатанд нөлөөлөх хамгийн том эрсдэлтэй байдаг байна.
Цэвэрлэх байгууламжийн технологийн ажиллагаа доголдож, бохир усыг шаардлагатай хэмжээнд цэвэрлэх боломж буурах нь эцсийн дүндээ байгаль орчны эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа Улаанбаатарын хувьд цэвэрлэсэн бохир ус хүлээн авах усан орчны чанар, Туул голын экосистемтэй холбон асуудлыг авч үзэх шаардлагатай.
-Энэ асуудлыг өвөлжилтийн бэлтгэлтэй холбож харах бас нэг шалтгаан бий-
Хүйтний улиралд инженерийн шугам сүлжээний аливаа гэмтэл, бөглөрлийг засварлах нөхцөл зуныхаас хүндрэх боломжтой. Хөрс хөлдөх, гаднах температур буурах, засвар үйлчилгээний хугацаа уртсах зэрэг хүчин зүйл нь доголдлын үр дагаврыг нэмэгдүүлдэг байна.

УСУГ-ын Үйл ажиллагаа, техник ашиглалтын хэлтсийн дарга Д.Мөнхзул: Өдөрт 3000-5000 хатуу хог хаягдал цэвэрлэх байгууламжид ирж байна. Энэ нь иргэдийн буруу хэрэглээ, суултууртаа хатуу хог хаягдал хийснээс үүддэг. Цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирын асуудлууд хүндрэлтэй байгаа. Бохир усны коллектрууд 80-90 хувийн дүүргэлттэй ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Үүнтэй холбоотой туул-1 бохир усны шугам сүлжээн ажлыг хийгдэж байгаа" гэв.
Нэг хүний буруу хэрэглээ нийтийн системийн зардал болдог. Хотын нийтийн инженерийн байгууламжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүч, ажиллах хүчний зардал болон хувирна.
Өөрөөр хэлбэл, хэсэг хэрэглэгчийн буруу дадлаас үүссэн үр дагаврыг бохирын төвлөрсөн систем ашигладаг нийт хэрэглэгчид болон нийтийн үйлчилгээний байгууллага үүрэх нөхцөл үүсдэг. Иймээс асуудлыг зөвхөн “иргэд хогоо битгий хий” гэсэн анхааруулгаар хязгаарлах бус, яагаад ийм хэрэглээ түгээмэл байгааг ч судлах шаардлагатай.
Нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл, живх, үс, даавуу, хуванцар, тамхины иш, хүнсний үлдэгдэл болон бусад хогийг зориулалтын хогийн саванд хаях хэрэгтэй.
Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн хэдэн километр шугам зассан, хэдэн станц бэлэн болгосноор хэмжихээс гадна иргэн бүр хотын инженерийн системээ хэр зөв ашиглаж байгаагаар хэмжих шаардлагатай болж байна. Суултуур хогийн сав биш. Тэнд хийсэн хог алга болдоггүй, харин нийтийн асуудал болж эргэж ирдэг байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!