
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор “Өвөлд бэлэн” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр дүүргийн хот, нийтийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа танилцууллаа.

Энэ жил дүүрэг техникийн шинэчлэлд түлхүү анхаарч, хүний хүчийг багасган, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг: “Манай дүүрэг энэ өвөл ажилчдын хөнгөвчилж хөнгөвчилж, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүний хүрээнд парк шинэчлэл хийж, нийт 11 тээврийн хэрэгслийг дүүргийн хөрөнгөөр худалдан авсан. Мөн нийслэлээс зориулалтын цас цэвэрлэх гурван машин хүлээн авч үйлчилгээнд гаргаад байна" гэв.

Дүүргийн хэмжээнд цас шүүрдэх том, бага оврын гурван машин, гар цэвэрлэгээний төхөөрөмж, шүүр зэрэг хэрэгслийг шинээр нэмж авсан бөгөөд мөсний сэтэлгээний зориулалттай төхөөрөмжийг бүрэн шинэчилжээ. Үүнээс гадна 300 тонн бодис, 50 тонн давс, ажилчдын өвлийн хувцас, норм зэрэг бүх шаардлагатай нөөцийг бүрдүүлжээ.
Сүхбаатар дүүрэгт Сэлбэ голын халиа үүсдэг, Гүнжийн булгаас доош урсдаг хэсэг газар байдаг тул энэ чиглэлд тусгай хяналт, сэтэлгээний ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

2024 оноос Нийслэлийн зүгээс нийтийн аж ахуйн салбарт илүү анхаарч, зам цэвэрлэгч, ногоон байгууламжийн ажилчдын цалинг 3.5 сая болгон нэмэгдүүлсэн нь ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж байгааг тус дүүргийн ажилчид онцоллоо.
