Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх 17 дугаар хороонд коронавируст халдвар голомтлон гарсантай холбогдуулан энэ сарын 14-ний 6:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж эхэллээ. Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авах юм.
Шинжилгээ авах цэг:
- Хорооны Иргэд нийтийн танхим
- 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр
- 021-р худаг
- Өргөн гудамжны "Баян" дэлгүүр
Харин Баянгол дүүргийн 4-р хорооны сонгосон байршилд тандалт, илрүүлгийн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд явуулын 25 баг, 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, байр тус бүрээр орж, 5000 иргэнээс PCR шинжилгээ авна.
Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах аж. Иймд, иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүлээ коронавирусний халдвараас сэргийлэхийг уриалж байна.