
Залуу жүжигчин Ч.Түвшинтөгстэй ярилцлаа. Тэрбээр "Надад ирээгүй хайр" олон ангит киноны Алдарын дүрээр үзэгчдийн танил болоод буй юм.
-Анх яагаад жүжигчин гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ?
-Ер нь урлагийн хүн болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Гэхдээ жүжигчин биш дуучин болно л гэж мөрөөддөг байсан. Багадаа их олон уралдаан тэмцээнд ордог байлаа. Арваннэгдүгээр ангид байх үед миний хүсэл зорилго өөрчлөгдсөн үе. Найрамдал зуслангийн Харшийн ёолк гэж болдог доо. Түүнд шалгаруулалт өгсөн. Түүндээ нэг драмын жүжиг тоглосон. Анх ямар ч мэддэг зүйл байхгүй, юу ч мэдэхгүй үлгэрийн баатар болоод л тайзан дээр гарсан. Яг тэр тайзан дээр, тэр үгийг хэлээд зогсож байхдаа "жүжигчин л болох юм байна шүү дээ" дотоод дуу хоолой минь хэлсэн. Түүнээс хойш жүжигчин болох шийдвэрийг эргэлт буцалтгүйгээр гаргасан даа.
-Дуучин болохыг мөрөөддөг байсан гэхээр сайн дуулдаг байх нь ээ?
-Гайгүй л дуулчихдаг гэж боддог /инээв/.
-Надад ирээгүй хайр киноны Алдарын дүрд хэрхэн сонгогдож байв. Зохиолоо уншаад юу бодогдсон бэ?
-Алдарын дүр залуу хүний хувьд маш өгөөжтэй, маш сайхан уран бүтээл болсон. Анх зохиолоо уншиж байхад "Энэ яадаг нөхөр вэ, хаашаа янзын нөхөр вэ" гэж тухайн үедээ бодож л байсан л даа. Нийгэмд, бодит амьдрал дээр ийм хүмүүс зөндөө л байгаа. Тэр хүмүүсийн төлөөлөл л Алдар гэдэг дүрээр гарч ирж байгаа. Энэ төлөөллийг ингэж гаргасандаа залуу хүний хувьд маш их баяртай байгаа. Карьерын хувьд ч тэр үнэхээр эерэг зүйлүүд авчирсан. Ноднин жил үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Анх би үзэгчдэд тэгж хүрнэ гэж үнэхээр бодоогүй. Тэгж хүрч чадсандаа маш их баяртай байгаа.

-Танай ангийнхан маш олон жүжигчид гарсан чадварлаг анги шиг санагддаг. Тусгал хэмээх нийгэмд чиглэсэн олон ангит киног танай ангийнхан хийсэн байх аа?
-Тэгсэн.
-Хунцэнгүүн, Нархажид, Тэмүүжин, Хонгорхүү та гэх мэтээр танай ангийнхны тоглоогүй кино одоо ховор байх шиг. Ангиараа филм байгуулсан байх шиг байсан. Уран бүтээлээ хэрхэн хийж байна вэ?
-Миний ажигласнаар урлагийнхан үе үеэрээ гарч ирдэг юм болов уу. Жишээ нь, Фантастикийн ах нар байна. Араас нь Oi intertaiment-ийн ах нар гээд л. Тэгээд л хойшоо зөндөө үе байна. Түүнээс манай үеийнхэн тодорхой хэмжээний нөлөөлөхүйц байгаад байгаа юм болов уу гэж би харж байна л даа. Яг тэр кинон дээр нэг ангийн хоёр хүүхэд пёртнерлож тоглоно гэдэг ховор л үзэгдэл байх. Тийм боломж олдсон. Дөрвөн жил хамт сурсан ангийнхаа хүүхэдтэй хамт тоглоно гэдэг урамтай бас дөхөм байгаа юм. Би үеийнхнээрээ бахархдаг. Манай найзуудын Халх продакшн гэж байна. Филм максийнхан байна. Тодорхой хэмжээнд бүгд уран бүтээлээ хийгээд явж байгаа.
-Надад ирээгүй хайр кино үзэгчдийн групп хүртэл үүсчихсэн 100 мянга гаруй дагагчтай болчихсон байсан. Танд үзэгчдээс хэр их сэтгэгдэл ирэв?
-Зөндөө ирсэн. Яг Надад ирээгүй хайрыг гарснаас хойш маш их чат, коммент ирсэн. Хүмүүс Алдар гэдэг дүрээр нь намайг харчихсан. Тэгэхээр одоо юу гэмээр юм дээ. Хүмүүсийн дургүйг үнэхээр хүргэж чадсан л юм байгаад байгаа юм. Гудамжинд тааралдсан хүмүүс "Чи Бүжинг яаж байгаа юм бэ. Үнэхээр арчаагүй залуу юм аа. Чамайг ална аа, тална, ингэнэ ээ, тэгнэ ээ" гээд л янз бүрээр хэлнэ. Чатаар бол бүр дийлдэхгүй есөн бусын чат ирсэн. Хаа байгаа газар чинь очиж ална, тална гээд зөндөө ирсээн.

-Мэдээж дандаа сөрөг чат, коммент байгаагүй байлгүй дээ?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж сөргийн хажуугаар эерэг байгаа. Хүмүүсийн дургүйг хүргэж чадна гэдэг чинь дүрээ сайн гаргаж чадсан байна. Баяр хүргэж. Мундаг уран бүтээлч гарч ирж байгаа юм байна гэдэг мессежүүд ч зөндөө байгаа.
-Надад ирээгүй хайр-2 буюу Надад ирсэн хайр гэж реклам их явсан. Хоёр нь гарах нь гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүсгээд реалити шоугаа гаргасан. Түүн дээр таны бие дээгүүр шавж явуулахад их аймхай хүн шиг санагдсан. Хүмүүс таныг ямар аймхай юм бэ гэх мэтээр бас их бичих шиг харагдана лээ. Та тийм аймхай хүн үү?
-Харагдаж байгаа шигээ биш байгаа биз дээ. Нүцгэн бие дээгүүр хорхой шавж, гүрвэл гүйлгээд байхаар ямар сайхан байх вэ. Би тийм юмнаас үнхэлцэг хагардаг.
-Кино үзэгчдийн группт Алдар, Бүжин хоёр амьдрал дээрээ хосууд юм байна. Сууж байгаа юм байн гэх мэтээр хэлэцүүлэг өрнөсөн. Та хоёр үнэхээр хосууд уу?
-Мэдэхгүй.
-Хүмүүсийн яриа ортой л гэдэг дээ?
-Юм нууцлаг байхдаа чамин шүү дээ /инээв/.

-Түүний дараа та Хар тамхи тэмцэх газартай хамтарсан No drug гэх олон ангит кинонд тоглосон байна лээ. Тухайн дүрээр юу хэлэхийг зорив?
-No drug анх санал тавихад тааламжтай хүлээж авсан. Яагаад гэвэл өнөөгийн нийгэмд мансууруулах бодист залуус гүн орж байна. Уран бүтээлч хүний зорилго нийгэмдээ дуу хоолой болох юм сан, ийм өгөөж өгчих юм сан, уран бүтээлч хүнийхээ хувьд нийгэмдээ сайн сайхныг дагуулах юм сан гэсэн хүслээр No drug киноны саналыг таатайгаар хүлээж авсан. Ажиллахад ч таатай байсан. Энэ уран бүтээлээрээ ч бас олон хүнд сэрэмжлүүлэг болсон байх. Олон хүнийг ч бас тэр хар нүхнээс аварсан болов уу гэж бодож байгаа.
-Залуу жүжигчний хувьд ийм дүрд тоглох юм сан гэсэн хүсэл, зорилго байгаа байх?
-Эсрэг дүрийн баатар, баатрын дүрд ажиллахыг хүсэж байгаа. Магадгүй өөрсдөө ч тийм кино хийхийг үгүйсгэхгүй. Тэр чиглэл рүү ажиллагаагаа явуулж байгаа. Цаг нь ирэхээр болох байх аа.
-Одоо шинэ киногоо нээх гэж байгаа гэсэн. Бас их өвөрмөц хийцлэлтэй кино байх шиг байна лээ?
-Мад хэмээх шинэ киногоо дөрөвдүгээр сарын 24-нд нээнэ. Бүх зураг авалтууд шөнө хийгдсэн. Өдрийн зураг авалт нэг ч байхгүй. Мад уран сайхны кино Зэв филмийн маань 4 дэх бүрэн хэмжээний кино. 2019 онд анх санаа нь гарсан. 2022 онд зураг авалтаа хийгээд, одоо нээлтээ хийх гэж байна. Нийгэмдээ хэлэх санаагаа харуулахыг зорьсон. Залуу уран бүтээлчдийн шинэхэн киног минь хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!