УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрөгч долоо хоногт төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа өгөхдөө төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгслийн дугаарыг хувьдаа авдаг гэх мэдээллийг цахим хуудсаараа мэдэгдсэн юм. Тодруулбал, тэрбээр "Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан хүмүүс төрийн өндөр сэнтийгээс буухдаа төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хүртэл хулгайлаад, хувьдаа аваад буудаг. 0008 УНҮ Алтай …. ХХК, 0012 УНҮ М.Энхболдын нэр дээр. Бусад бүх дугаар төрийн тусгай хамгаалалтын газарт. Амралтын өдрөөр Төрийн машинаар намынхаа хуралд ирдэг нь бол зүгээр юу ч биш" хэмээн нийтэлсэн юм.
Харин түүний илэрхийлсэн эл мэдээлэлтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ Ерөнхий сайдын хамгаалалт буух үед нь УНҮ 0009 гэх дугаарыг өөрт нь бэлэглэсэн гэлээ.
Тэрбээр "Том хулгай илэрч. Түүнд нь МАН-ын дарга, Ерөнхий сайд асан гурвын гурван хүн нэр холбогдож. Арван хэдэн жилийн өмнөх явдал. Ерөнхий сайд нар 1-р зэргийн хамгаалалтад байдаг. Тэр албанаасаа буухад 3-р зэргийн хамгаалалтанд ордог. Тэрний хугацаа нь дуусахад УНҮ 0009 гэх дугаарыг Төрийн тусгай хамгаалалтын албанаас надад дурсгал болгон хадган дээр тавьж гардуулсан. Одоо хүртэл машин дээр маань хадаастай. Нөгөө хоёрт маань ч бас тэгж дурсгасан биз. Хулгай хийгээгүй, худалдаж аваагүй. Тэр дугаарыг буцаагаад өгч болно. Хэрэгтэй гэж буй бол. Асуудал алга" гэжээ.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!