“Бриллиант” эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч Д.Эрдэмбилэгтэй зүрх судасны өвчлөл, эмчилгээ, урьдчилан сэргийлэлттэй холбоотой сэдвээр ярилцлаа.
-Ангиограф гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу. Та энэ чиглэлээр хэдэн жил мэргэшиж ажиллаж байна вэ?
-Ангио гэдэг нь судас гэсэн үг л дээ. Зүрх болон бусад эрхтнүүдийн судсанд рентген тодотгогч бодис шахаад гадна талаас рентген аппаратаар харна. Тэгээд эрхтнүүдийн судасны бөглөрөл, нарийсал байвал сэтгэж онгойлгодог мэс засал гэж ойлгоход болно. Монгол Улсад энэ төрлийн эмчилгээ гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд байдаг. Дээр нь орон нутагт бүсийн оношилгоо эмчилгээний зургаан төвд хийгддэг. Гэхдээ эмч мэргэжилтнүүд цөөн байлаг. Улсын хэмжээнд 20 гаруй эмч л судсан дотуур энэ хагалгааг хийдэг. Тусгайлсан мэргэжлийн эмч, баг хамт олон шаарддаг нарийн мэс засал л даа. Манай “Бриллиант” эмнэлгийн Ангиографийн тасгийн тухайд жилд 1500 орчим хүнд хагалгаа хийж байна. Маш өндөр ачаалалтай ажилладаг. Миний хувьд эрүүл мэндийн салбарт 15 жил ажиллаж байна.
-Манай улсад зүрх судасны өвчлөл нийтлэг байна?
-Тэргүүлэх өвчлөлийн эхний гуравт зүрх судасны өвчлөл орж байна. Мөн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчлөл болж байгаа. Зүрх судасны шалтгаант нас баралтын 40 орчим хувь нь зүрхний шигдээс буюу гэнэтийн судас бөглөрөлтэй холбоотой нас баралт эзэлж байна. Жилд 2-3 мянган хүн энэ өвчнөөр нас бардаг. Хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээ, таргалалт, чихрийн шижин, даралт ихсэлт зэрэг нь энэ өвчнийг нөхцөлдүүлж байдаг эрсдэлт хүчин зүйл юм. Манайхны дунд жил ирэх тусам улам ихсэх хандлагатай байна. Энэ нь эрсдэлт хүчин зүйлс их байгаатай холбоотой юм.
-Танай тасгийн хувьд өвчин хүндрэхээс нь өмнө эмчилж байна уу, эсвэл нэгэнт хүндэрсэн хүнд эмчилгээ үйлчилгээг түлхүү үзүүлж байна уу?
-Би улсын эмнэлгүүдэд ажиллаж байхад ихэвчлэн хүндрэл үүссэн өвчтөнүүд үзэж байсан. Жишээ нь зүрхний шигдээс болоод амь тэнссэн хүнд судсыг нь онгойлгож эмчилгээ хийдэг. Зүрхний булчин эргээд сэргэдэггүй учир судсан дотуурх эмчилгээг хийсэн ч тухайн хүний тавилан муу байх магадлалтай байдаг. Зүрхний булчингийн хэсэг үхжээд үйл ажиллагаа мууддаг тул хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгодог өвчин юм. Харин “Бриллиант” эмнэлэгт ирээд жилийн дотор 1500 хүнд хагалгаа хийхэд 200-300 гаруй өвчтөн нь зүрхний шигдээс болохоос өмнө орж байгаа. Тэгэхээр миний өмнө нь ажиллаж байсан эмнэлгүүдийг бодвол илүү урьдчилан сэргийлэх чиглэл рүү ажиллаж байна. Эрсдэлтэй хүмүүсээ үзээд, цахилгаан бичлэг хийгээд, эрсдэлийг нь үнэлээд, хэрэв асуудал байх магадлал өндөр бол дараа дараагийн шинжилгээнүүдэд оруулдаг. Эрт үед нь эмчид хандаж чадвал хожим үүсэх эрсдэлээс сэргийлж чаддаг.
-Хувь хүн өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарч та бүхэнд хандаад ирэх нь түгээмэл үү, эсвэл эрүүл мэндийн системээр дамжуулж эрсдэлт хүмүүсийг тодорхойлж шигшиж гаргаж ирээд байна уу?
-Эхлээд гадаад орны жишээг яръя. Гаднын оронд хувь хүний эрүүл мэндийн боловсрол өндөр байдаг. Даатгалын тогтолцоо нь ч гэсэн тухайн хүний эрсдэлээс шалтгаалаад шатлалт төлбөртэй байдаг. Тухайлбал, тарган, хорт зуршлын хэрэглээтэй, чихрийн шижин хавсарсан, удамшил зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлоод тодорхой хугацаа, шатлалтайгаар мэргэжлийн эмчид үзүүлснээр шигшигдээд дараа дараагийн шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Харин монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсрол тааруу байна. Энэ нь юугаар илэрч байна гэхээр. Эрсдэлт хүчин зүйлсээ бууруулдаггүй. Насандаа тохирсон үзлэг шинжилгээндээ хамрагддаггүй зовууриас шалтгаалж эмчид үзүүлдэг. Судаснуудад нарийсалт, бөглөрөл ихтэй, зүрхний үйл ажиллагаа муудсан хожуу үед хандахад асуудал хэцүү байдаг. Гэнэт олон төрлийн эм уух, мэс засал эмчилгээ гээд асуудлууд шийдэхээр тухайн хүн, ар гэрийнхэнд хүндээр тусдаг. Хэрэв тухайн хүн эрсдэлүүдээ өөрөө үнэлээд, урьдчилан сэргийлэх үзлэгтээ ороод явж байсан тохиолдолд асуудал байвал эрт оношлогдож, шаардлагатай бол 2-3 дугаар шатлалын эмнэлэгт очоод шигшигдээд явж байх ёстой. Эрсдэлт хүчин зүйл гэдгийг бол хэвлэл мэдээллээр хангалттай ярьж байгаа. Хорт зуршил, хөдөлгөөний хомсдол, таргалалт гэх мэт.
-Хэрэв бид эрсдэлт хүчин зүйлсээ үнэлээд хүндрэхээс нь өмнө эмнэлэгт хандаад байвал зүрх судасны өвчлөл эрс буурах боломжтой юу?
-Ядуу буурай болон хөгжиж байгаа оронд зүрх судасны өвчлөл өндөр байдаг. Харин хөгжсөн, өндөр хөгжсөн оронд энэ төрлийн өвчлөлөөс үүдэлтэй нас баралт буураад ирсэн байдаг. Энэ маань иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой үр дүн. Эрүүл мэндийн боловсролыг сайжруулж байж л өвчлөл буурна. Түүнээс биш толгой дараалан эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамруулна гэвэл улс орны эдийн засгийн боломж хүрэхгүй. Иргэд маань ч хэн дуудаж үзэх бол гээд хүлээгээд байж болохгүй.
-Зүрх судасны өвчлөлд бидний амьдарч буй орчин, уламжлалт хэрэглээ хэр нөлөөтэй вэ, эсвэл хувь хүнээс бүрэн хамаараад байна уу?
-Агаарын бохирдол, тоосонцор нөлөөтэй. Тухайлбал, PM2.5 тоосонцор судасны үрэвсэл үүсгэж гэмтээдэг. Тэгэхээр агаарын бохирдлоос болоод бидний судас гэмтээд байна гэсэн үг. Хоёрдугаарт цаг агаартай холбоотой. Монгол Улс маань тэсгим хүйтэн өвлийн улиралтай. Өвлийн улиралд дулаан үүсгэх энергиэ авахын тулд хүнд хоол унд их хэмжээгээр хэрэглэх шаардлага үүсдэг. Мөн зузаан хувцас өмсөх зэргээр хүйтэн уур амьсгал зүрх судасны өвчлөлд нөлөөлж байна.
Дээр нь өөх тосны хэрэглээ нөлөөлдөг. Гэхдээ үүнд ялгаа байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв тухайн хүн калори хэтрүүлэн хэрэглэдэггүй, идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол монгол хоол маш сайн. Яагаад гэвэл бэлчээрийн мал аж ахуйтай. Хортой өөх тос биш. Эсрэгээр ханасан, транс өөх тосны хэрэглээ их байвал өвчлөлд нөлөөлөх шалтгаан болно. Шарсан хуурсан хоол, хуушуур, пирожки их идээд байвал муу. Харин яг малын гаралтай өөх тос сүүлийн үед сайн гэдэг хандлага руу орсон. Өөхөн тосонд шарсан боов боорцог сайн гэж яригдаад байна.
-Харамсалтай нь монголчуудын хувьд угаасаа утаатай, хүйтэн, хоолны сонголт бага тул өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бага гэсэн байдлаар бурууг нийгэм рүү түлхэх нь түгээмэл байна. Урьдчилан сэргийлэх боломжийг харгалзаж үзэхгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Үнэн. Эрүүл мэнд гэдэг бол мэдлэгтэй ижил. Хүүхэд сургуульд ороод хичээл үзэж, байнга давтсаар байгаад математик мэдэж гарч ирдэг. Үүнтэй адил эрүүл мэнд- мэдлэг хоёр салшгүй холбоотой. Энэ мэдлэгийг олж мэдээд, амьдралдаа ашиглаж сурах хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсролыг бид урт наслах, аз жаргалтай амьдрахад ашиглаж сурах хэрэгтэй. Бид эрүүл мэндийн мэдлэгээ ашиглаж зорилгодоо хүрэх ёстой.
Харамсалтай нь таны хэлсэнчлэн, манайхны дунд өөрөөс нь шалтгаалахгүй хүчин зүйл рүү бүх зүйлийг нялах хандлага байна. Хот утаатай, тоосжилттой байгаа нь үнэн. Гэхдээ та дасгал хөдөлгөөн сайн хийвэл хүчилтөрөгчийн хэрэгцээгээ хангана. Маск зүүчихвэл судас гэмтээх хүчин зүйл багасгана. Дээр нь хоол хүнсийг сонгож хэрэглэх боломж байна. Мэдээж хүмүүсийн амьдралын нөхцөл боломж янз бүр л дээ. Гэхдээ ихэнх хүнд махан хоолноос гадна жимс, ногоо хэрэглэж шаардлагатай витаминуудаа авах боломж байгаа. Бүх бурууг утаа, хүйтэн рүү чихэж, би яаж ч чадахгүй хэмээн суух нь маш болчимгүй үйлдэл шүү. Сүүлийн үед бид нийтийн хоолонд төмс, будаа, гурилаар зодож байна. Энэ нь гэдэс цатгадаг ч эргээд витамины өлсгөлөнд оруулаад байгааг анхаарах хэрэгтэй.
-Ялангуяа, эмнэлэгт үзүүлэх дургүй нас тогтсон хүмүүс их байна?
-Нийгмийн үеийн ялгаа их ажиглагдаж байгааг хэлэхээс өөр арга алга. Би нарийн тоолоогүй. Гэхдээ багадаа 10 мянга гаруй өвчтөнд үйлчилсэн. Ингээд харахаар залуучууд нь илүү мэдээлэлд ойр учир соргог байгаад байна. Эмчээс асууж байгаа асуулт нь хүртэл мэдлэгтэй. Гэтэл яг нийгмийн хэцүү үе буюу 1990-ээд онд бага, идэр залуу байсан хүмүүс одоо 55-75 насныхан байгаад байна. Энэ хүмүүс үнэнийг хэлэхэд биедээ анхаарахгүй байна. Орж ирээд үзүүлэхдээ эхнэрээсээ эмийн нэрээ асуудаг. Ямар эм ууж байгаагаа мэддэггүй. Хайхрамжгүй байна.
Би нэг хэцүү түүх ярья. Манайд 60 орчим насны эрэгтэй зүрхний шигдээс болж ирсэн юм. Харамсалтай нь тусламж үйлчилгээ авах хугацаа оройтсон байсан тул амь насыг нь аврах боломж байгаагүй. Сүүлд эхнэр нь “Ямар сонин юм бэ, эмнэлэгт огт үзүүлж байгаагүй шүү дээ” гэж хэлээд уйлж байсан. Ялангуяа, эрчүүд эмнэлэгт үзүүлэхгүй болохоор сайн гэж ойлгодог. “Би ерөөсөө эмнэлэгт үзүүлж байгаагүй, өвдөхгүй мундаг байж байгаад одоо л ирж байна” гэж хэлдэг. Энэ чинь буруу шүү дээ. Эсрэгээрээ та үзүүлж байх ёстой. Эмэгтэйчүүдийн нас баралт яагаад эрчүүдээс бага байна гэвэл нэг зовуурь илрэхээр очиж үзүүлээд байдагтай холбоотой. Яасан олон эмнэлгээр гүйдэг юм гэж хэлдэг ч цаагуураа энэ үйлдэл нь тухайн хүнийг хамгаалаад байгаа юм.
-Зүрх судасны өвчин хүндрэхэд хожим үүсэх эрсдэл маш хэцүү байдаг. Жишээ нь даралт харваж, саажилт үүссэн хүн өөрөө насан туршдаа зовоод зогсохгүй үр хүүхэд нь давхар эдийн засаг, сэтгэлзүйн бэрхшээл туулж байдаг. Үүнийг ойлгож анхнаасаа эрүүл мэнддээ анхаараасай гэж бодогддог?
-Харвалт үүсээд саажилт бий болоход ил харагдаж байгаа учир хүмүүс соргог хүлээн аваад байна. Зүрхний өвчин хүндэрснээр нүдэнд ил харагдахгүй ч цаана нь маш олон бэрхшээл үүсэж байгаа. Шигдээс болж зүрхний булчин үхжиж үйл ажиллагаа нь муудахад гаднаас ил харагдах зүйл байхгүй ч тэр хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг. Хавагнадаг, ачаалал даах боломжгүй болдог, шөнө унтаж чадахгүй, эмнэлэгт байнга үзүүлнэ, хэвтэнэ. Зүрхний шигдээс болсон тохиолдолд 7-8 төрлийн эмийг тогтмол ууна. Өөр ямар ч арга байхгүй. Цус шингэлэх, өөх тосны, хавангийн, зүрх дэлсэлтийн эсрэг, даралтаа бууруулах эм гэх мэт. Эмч эм өгөхөөс өөр аргагүй. Зүрхний шигдээсний үеийн шууд бус нөлөөлөл гэвэл эдийн засгийн байдал, гэр бүлийн амьдралын чанар гээд олон зүйл бий шүү дээ. Түргэн тусламж, эрчимт эмчилгээ, судсан дотуурх эмчилгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, уух эмүүд, эмчийн үзлэг, хяналт, эмнэлэгт хэвтэх гээд улсын болон хувь гэр бүлийн санхүүгийн зардал ихтэй байдаг. Тиймээс эрсдэлээ үнэлж, эмчдээ эрт хандаж тусламж үйлчилгээ авч байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, гэр бүлдээ хайртай бол зүрхээ сайн бодох хэрэгтэй. Үр хүүхдэдээ хэдэн жил харагдаад сайхан амьдаръя гэвэл зүрхээ л сайн бодоорой. Яагаад гэвэл зүрх ганц. Тэр зүрх чинь зөвхөн таных бус гэр бүлийн чинь зүрх юм шүү.
Г.Батзориг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!