Ж.Дэлгэрсайхан: Нэг сая төгрөгтэй дүйцүүлээд байгаа 1072 хувьцааны бодит үнэ цэн хөрөнгийн бирж дээр гарч байж тодорхойлогдоно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 16 секунд

Өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хийсэн хэвлэлийн хурлын үеэр нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гарч байгаа талаар танилцуулсан. Нээлттэй хувьцаат компани болчихвол хувьцааг хоёрдогч зах зээлд оруулна. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн эзэмшиж байгаа 1072 хувьцаагаа захиран зарцуулах эрх үүсэх юм. Хувьцааг арилжих, бэлэглэх, хадгалах гээд бүх шийдвэрийг хувьцаа эзэмшигч иргэн та гаргана гэсэн үг. Энэ асуудалд хувьцаа эзэмшигчид хэрхэн хандах талаар Эдийн засагч, доктор, профессор Ж.Дэлгэрсайхантай уулзаж дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын ихэнх иргэдийн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй компани болгох нь хэр зөв алхам гэж та харж байна?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийг 2010 онд байгуулах Засгийн газрын шийдвэр гарч байсан. Тэр үед нээлттэй хувьцаат компани болгох тухай яригдсан. Компанийг байгуулах үеийн тогтоол дээр 10 хувийг иргэдэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд, 30 хувийг Олон улсын зах зээл дээр гаргаад, 50 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй худалдах байсан. Харамсалтай нь тэр тогтоол хэрэгжиж чадаагүй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй болох нь олон талын эерэг ач холбогдолтой гэж харж байна. Нээлттэй компани болчихвол үйл ажиллагаа нь ил тод болж засаглал сайжирна. Мөн хувьцаа эзэмшигчид дуу хоолойгоо хүргэж, хяналт сайжрах боломжтой болно. Монгол Улсын иргэд энэ компанийн хувьцааг эзэмшиж байгаа ч эрх нь бүрэн хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ байдал алга болж, иргэд жинхэнэ утгаараа хувьцаа эзэмшигч болж чадна.

-Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гаргаж байгаа шийдвэрүүд иргэдийн хувьд хаалттай байсан. Энэ байдал нээлттэй компани болсноор шийдэгдэж чадах уу?

-Бид компанийн үйл ажиллагаатай бүрэн танилцаж, хяналт тавих боломжтой болно. Монгол Улсын бараг бүх иргэд энэ компанийн хувьцааг эзэмшээд байдаг. Гэтэл дотор нь юу болж байгаа, компанийн орлого, зарлага болон шийдвэр гаргалт нь хаалттай явсаар ирсэн. Хоёрдугаарт иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх нээгдэнэ.

-Нээлттэй компани болсноор 1072 хувьцааны бодит үнэ цэн хэрхэн өөрчлөгдөх бол?

-Хөрөнгийн бирж дээр анхны санал болгох үнэ гээд олон зүйл тодорхой бус байгаа. Гэхдээ хувьцааг задалж дэлхийн зах зээлд гаргаж чадвал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлэмж нэмэгдэнэ. Нэг сая төгрөгтэй дүйцүүлээд байгаа 1072 хувьцааны бодит үнэ цэн хөрөнгийн бирж дээр гарч байж тодорхойлогдоно. Бид 1072 хувьцаагаа нэг сая төгрөгтөө хуваагаад нэрлэсэн үнийг нь гаргачхаад байгаа.

-Иргэдэд хувьцаагаа хөдөлгөх эрх үүсээд эхлэхээр олон асуудал тулгарах байх. Нийт масс биш цөөн хүн хувьцааны талаар мэдлэгтэй байгаа. Энэ тал дээр хувьцаа эзэмшигчдэдээ юуг зөвлөх вэ?

-Энэ бол хувь хүний өмч учраас өөрсдийн итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргана. Гэхдээ хувьцааны асуудал дээр болгоомжтой хандах ёстой. Монгол Улсын иргэдэд 1072 хувьцааг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн учраас жинхэнэ үнэ цэнийг бүрэн ойлгохгүй байхыг үгүйсгэхгүй.

Хувьцааг үнэ төлбөргүй өгч, одоог хүртэл ногдол ашиг хуваарилж байгаа гэдгээр бус цаашдын өгөөжийг харах хэрэгтэй. Хувьцаа гэдэг саналын эрхээс гадна өмчийн томоохон эрх. Энэ бүхнийг харгалзан үзээд шийдвэрээ гаргаарай гэж хувьцаа эзэмшигчдэдээ зөвлөе.

-Хувьцааны анхны үнэ хэрхэн тогтох нь иргэдийн шийдвэрт нөлөөлөх байх. Хувьцааны үнэ байнга хэлбэлзэж байдаг шүү дээ?

-Зах зээлийн нөхцөл байдалд хувьцаа тодорхой хэмжээнд иргэдийн амьдралын баталгаа, өв хөрөнгө, орлогын эх үүсвэр байх боломжтой. Мэдээж анхны үнэ тогтох үйл явц дээр өөрчлөлтүүд гарна. Тэр бол зөвхөн тухайн үеийн хандлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Яарсан шийдвэр гаргахаас аль болох зайлсхийх нь зөв.

-Дэлхийн нүүрсний зах зээлийн эрэлт хувьцааны үнэд нөлөөлөх нь тодорхой болов уу?

-Хувьцааны үнэд нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйл байгаа. Хамгийн чухал нь дэлхийн нүүрсний зах зээл цаашдаа хэрхэх вэ гэдэг асуудал. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгаа гэж ярьдаг ч нүүрсний эрэлт, хэрэгцээ буурсан зүйл алга. Гол эрсдэлүүд гэвэл сэргээгдэх эрчим хүч, шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээний асуудал нүүрстэй өрсөлдөх магадлалтай байна гэж үздэг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд дэлхийн нүүрсний зах зээлийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг сайн тооцоолох хэрэгтэй. Ялангуяа урд хөршийн хэрэгжүүлэх бодлого манай улсын нүүрсний экспортод шууд нөлөөлнө. Тэгэхээр БНХАУ-аас гарч байгаа шийдвэрүүдийг бид ажиглах ёстой. Уул уурхайн компанийн нөөц, шинэ болон бүлэг ордуудын асуудлууд давхар яригдана.

-Төрийн өмчит компани нэмэгдэхийн хэрээр төсвийн үрэлгэн байдал өсдөг. “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй болчихвол өөрчлөлт гарч чадах уу?

-Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Төрийн өмчит компаниуд татаас ихтэй, үр ашиггүй хөрөнгө оруулалттай, хүний нөөцийн бүтэц ихтэй гээд олон асуудал бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн мэдэлд байгаа нь шийдвэр гаргалтууд иргэдийн болон хувьцаа эзэмшигчдийн оролцоогүйгээр хийх боломжийг бүрдүүлсэн. Саяхан тус компанийн үүрэг гүйцэтгэгчийн хэлснээр шахмал түлшний төсөл дээр хоёр их наядын хөрөнгө оруулалт хийснийг мэдлээ.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл өгөх хуулийн зохицуулалт, журам байдаг уу?

-Мэдээж энэ том өөрчлөлтийг хийж байгаа компани хувьцаа эзэмшигчдэдээ үнэн зөв, бодит мэдээллийг тайлагнах байх. Хэдийгээр эрх нь бүрэн тодорхой хэрэгжээгүй байгаа хэдий ч Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшигч мөн. Компанийн тухай хууль дээр хувьцаа эзэмшигчийн эрх гэж байдаг. Тэр хууль дээр эрх, үүргийг тодорхой заасан. Нээлттэй хувьцаат компани ил тод байж хувьцаа эзэмшигчдэдээ үйл ажиллагаагаа тайлагнах ёстой.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг аль зах зээлд гаргах вэ гэдэг их чухал байх?

-Одоогоор олон зүйл тодорхойгүй байна. Процессийн дагуу олон үйл явдал өрнөнө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр болон гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах уу гэдэг нь тодорхойгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон 1072 хувьцааны үнэ цэнийг бодитоор тогтооё гэвэл олон улсын болон болон дотоодын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийж гаргах нь зөв гэж харж байна.

Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө
Монгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөө
 
“The Mongolz” шигшээ шатанд  “NAVI”-тай учраа таарлаа
“The Mongolz” шигшээ шатанд  “NAVI”-тай учраа таарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!