Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын гишүүд намаасаа гарч, МАН олонхын статусаа алдах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 26 секунд

“Халуухан хавар” өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 2027 оны сонгуулиас үүдэлтэй, улмаар хэн нь шоронд явахгүй вэ, хэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ар дээр намаа авах вэ гэсэн улс төрийн том “зодоон” үргэлжилж байна.

Өнөөдөр эхлэх хаврын чуулганы нээлт олон зүйлийн учиг зангилааг чиглүүлж, тодруулна. Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хоёр сайдынхаа ажлыг авч, зарим дэд сайдуудаа чөлөөлөхөөр төлөвлөсөн ч АН-ынхан шаардлагаасаа буцаагүй тул хурлаа цуцлах шиг болов. Дээр нь нэмээд Ерөнхийлөгч санаачилсан хуультайгаа холбоотойгоор чуулганд орж үг хэлнэ. Араас нь хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал юу юугүй орж ирнэ гэх мэдээлэлтэй байна. Ингээд монголын улс төр байгалийн жам ёсноос ч давж халах нь гарцаагүй болов.

Тэгвэл энэ бүхний цаана юу болж байгааг бид давхар үргэлж бодох учиртай. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ар дээр хэн нь Ардын намд эрх мэдэлтэй байх вэ. Үүнээс өмнө нь хэн нь шорон оронд орчихгүй үлдэх вэ гэсэн тэмцэл гэдгийг дахин тодруулахыг хүсэж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардын намын “зодоон” зүгээр ч нэг наанаа гал авалцуулаад өнгөрөхгүй шинжтэй болж ирлээ. Өнгөрсөн 12 сарын үед яригдаж байсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талын цөөнгүй гишүүд намаасаа гарч тусдаа эвсэл байгуулах асуудал хаяанд иржээ. Сая болсон МАН-ын Бага хурлын үеэр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа тэргүүтэй дөрвөн хүнийг намаасаа хөөх яриаг гаргахтай зэрэгцэж гишүүд нь өргөдлөө өгнө гэж оволзсон ч эцсийн шийдвэр гараагүй гээд хойш суусан.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан талын арав гаруй гишүүд намаасаа гарахаар зоригоо хурцалж ядаж буй сурагтай. Де-факто хоёр хуваагдчихсан Ардын намын энэ асуудал “дэлбэрэх” гээд байсан учраас намаас хөөх, угсруулаад гишүүдийг эргүүлж татах хууль зэргийг Ерөнхийлөгч болон Н.Учрал, Г.Занданшатар талынхан түлхсэн байж болзошгүй.

Ямартай ч Д.Амарбаясгаланг өөрөө өргөдлөө өгөхийг МАН-ынхан хоёр ч удаа шахсан боловч нөгөөх нь “хөөчих” гэсэн хариуг өгснөөр Н.Учрал Хяналтын хороогоороо хөөх шийдвэрийг гаргахаас өөр гарцгүй болжээ. Одоо экс УИХ-ын даргыг хөөх, цаашлаад Л.Оюун-Эрдэнэд хавчлага үзүүлэх тусам МАН дотор улам хүчтэй бужигнаан гарах нь гарцаагүй. Хэдэн гишүүн гарахаас шалтгаалж МАН-ынхан УИХ-д олонхын статусаа ч алдах аюултай.

Нэгэнт шийдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Дээд шүүхэд дээгүүр бүртгэлтэй зарим намтай нэгэнт яриа тохироогоо өрнүүлсэн сурагтай. Хуулиараа намаасаа гарч, бүлэггүй болсон гишүүд бүрэн эрхийн хугацаагаа дуустал өөр нам, эвсэлд албан ёсоор орох боломжгүй. Энэ хуулийг ч гэсэн өөрчлүүлэхээр АН-ынхантай улс төрийн яриа тохироогоо хийж яваа гэх мэдээлэл байна.

Хэрвээ нөхцөл байдал ийм дээрээ тулбал Ардын нам үлэмж их хохирол амсана. Энэ хоёрыг дагасан хүмүүс нөгөө талдаа гарахад 2020 онд М.Энхболд талынхан бие дааж нэр дэвшиж, алсуураа намынхаа эсрэг ажиллаж байснаас ч илүү бодитой хохирлыг МАН-д авч ирнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд эрх баригчид ихээхэн хүнд байдал орох эрсдэлтэй юм.

Ямартай ч улс төрийн нөхцөл байдал тун ээдрээтэй нөхцөл байдал дээрээ тулж ирлээ. Одоо Ерөнхийлөгчийн талынхан улс төрөө хэрхэн үргэлжлүүлэхээс л бүх зүйл хамаарна. Тэд асуудлыг намжаах уу. Эсвэл “туушиндах” замыг сонгох уу.

Өрнөх үйл явдлыг хамтдаа ажиглацгаая.

Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
 
Хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!