УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй" гэдгээ өнөөдөр мэдэгдсэн. Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Үндсэн хуулийн үнэ цэн алдагдах учиргүй. Дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг гэх Ардчилсан Монгол орныхоо Үндсэн хуулийн үнэ цэн, үзэл санаа, агуулга, эрхэмсэг оршихуйг Үндсэн хуулийн цэцийн гишүүд сахиж байх учиртай. УИХ-ын гишүүдэд ёс зүйн асуудлууд байгаа юу гэвэл өмнө нь ч байсан, одоо ч байгаа.
Жолоочоос эхлээд жолоодогч хүртэл хүн байгаа газар ёс зүйн асуудал ялгаагүй адил яригдаж байдаг нь ардчилсан нийгмийн давуу тал. Гэхдээ ёс зүйн асуудлууд ёс суртахууны шалгуураар хэмжигддэг болохоос хатуу жинлэж, метрлэж, литрлэж болдоггүй зүйл.
УИХ-д энэ чиглэлээр илүү сайн ажиллах боломжтой байнгын хороо ч бий. Харамсалтай нь УИХ-ын дарга улс төржилт, намынхаа дотоод хуваагдлаас ангид байж, хууль тогтоох байгууллага, Монголын парламентын дархлааг хаврын улс төрийн ханиад томуунаас хамгаалж, шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч, төрийн институциудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллаж чадахгүй нь тодорхой байгаа бөгөөд УИХ-ын зарим субьектийг МАН-ын хуулийн хэлтэс мэтээр ажиллуулах гэж санаархаж байгааг эсэргүүцэж байна.
Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн шүүх, УИХ-аар баталгаажиж томилогддог Үндсэн хуулийн цэцийн гишүүд бол үндэс язгуур, тусгаар тогтносон ардчилсан үндсэн хуулийн манаачид юм. УИХ-ын гишүүд хэдийгээр ард түмний төлөөлөл мөн боловч, ёс зүйн асуудал нь мөн чанартай хувь хүний л асуудал болоод явчихдаг. Зарим тохиолдолд сошиал хэрүүл рүү ч чирээд Үндсэн хуулийг маань үнэгүйдүүлээд байж мэдэх эрсдэл байгааг сануулъя.
Дээр нь зөвхөн хөх тэнгэр л байдаг гэх Ардчилсан Монгол орныхоо үндсэн хуулийн үнэ цэнийг хадгалж, үндсэн хуулиа, парламентийн дархлааг сулруулах ерөндөг болгож ашиглахгүй байхыг анхааруулъя.
Эцэст нь хэлэхэд монголчууд бидэнд бас эрхэмлэх үнэтэй зүйл үлдэх л ёстой юм шүү" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!