
Ахлах ангийн сурагчдын нэгнээ дээрэлхэж, зодож, хувцсыг нь хөвгүүдийн нүдэн дээр тайлахыг завдаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, нийгмийн айдаст автуулаад байна. Зодооны асуудалд Ерөнхий боловсролын 130, 21, Номт наран сургуулийн 11, 12 дугаар ангийн 8 сурагч холбогдоод байгаа юм.
Нүдний цөцгий мэт хайрлан энхрийлэн өсгөсөн охин үрээ хэрцгийгээр зодуулж буй бичлэгийг үзсэн эцэг эх, гэр бүлийнхэнд нь ямар байх нь ойлгомжтой. Гэтэл сургуулийн удирдлагууд өнөөдөр ангиудаараа явж сурагчидтай уулзаагүй болохыг 130 дугаар сургуулийн нэгэн сурагч ярив.
Мөн 130 дугаар сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл "130-р сургуульд өмнө нь ч ийм олон асуудал гарч байсан. Манай хүүхэд 11 дүгээр сард үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж, зодуулсан. Хөл, гарынх нь савхан яс хугарсан учраас нийгмийн ажилтантай нь уулзсан ч тоогоогүй. Огт тоодоггүй юм байна лээ. Тухайн үед камер шүүсэн ч ангийн багш сургуулийн удирдлагууд нь тоогоогүй" гэв.
Мөн Боловсролын сайд П.Наранбаяр "130 дугаар сургуулийн нэг хүүхэд байсан гэх мэдээлэл ирсэн. Тухайн сургуулийн эцэг эхчүүдийн гаргасан мэдээллээс харахад 130 дугаар сургуульд үе тэнгийн дээрэлхэлт нэг бус удаа гарсан гэдэг нь тодорхой харагдаж байна" хэмээн онцоллоо.
Товчхондоо бол 130 дугаар сургуулийн удирдлагууд үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг тоодоггүй нь өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгэж байна. Бидэнд ил болж байгаа нь л энэ бичлэг. Үүний цаана хэчнээн хүүхэд ямар байдлаар үе тэнгийн дээрэлхэлтийн хохирогч болсныг бид таашгүй. Сургуулийн орчинд үйлдэгдсэн болон сурагчдынх нь холбогдсон дээрэлхэлтийн асуудалд сургуулийн удирдлагууд анхаарч, тухай бүрт нь асуудлыг шийдвэрлээд явсан бол асуудал ийм хэмжээнд хүрч, хүүхдүүд хохирохгүй байсан болов уу.
Гэтэл тус сургуулийн нийгмийн ажилтан Э.Ганзориг гэх залуу "Манай сургуульд ийм асуудал байдаггүй. Анх удаа л ийм юм сонсож байна. Манай сургуулийн 1 хүүхэд байсан гэх мэдээллийг авсан. Сургуулийн орчинд гарсан үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг тухай бүрт нь зохицуулаад, ээж, аавтай нь хамт шийдвэрлээд явдаг. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Сайн мэдэхгүй байна" гэх ядмагхан тайлбар хийгээд арьсаа хамгаалаад зогсож байх жишээтэй.
Хэдхэн сарын өмнө сургуулийнх нь хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, гар хөлийнх нь савхан яс хугарч олон сар хичээлдээ ирээгүй байхад тоогоогүй хэрнээ одоо "Анх удаа ийм тохиолдол бүртгэгдэж байна" хэмээн арьсаа хамгаалж буй нь дэндүү харамсалтай. Тухайн үед буруутай хүүхдүүдэд нь зохих ёсны хариуцлага тооцоод, бусад хүүхдүүдэд болохгүй юм байна гэх ойлголтыг өгөөд явсан бол асуудал өнөөдрийн хэмжээнд хүрч томрохгүй байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс зөвхөн зодсон хүүхдүүдэд бус үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, хүчирхийлэгчдийн "толгойг илсэн" 130 дугаар сургуулийн удирдлагуудад ч хариуцлага тооцох хэрэгтэй.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!