"Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр шийдвэрээ танилцуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл сонирхолтой нь, өнөөдрийн шүүхийн шийдвэрийг гаргасан Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр, Г.Ганбаатар нар нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр "Норовын Алтанхуягийг гэм буруугүйд тооцож ЦАГААТГАВ" хэмээн алх цохьсон хүмүүс. Гэвч тэд өнөөдөр өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг буюу "Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ яллах ба цагаатгах нотлох баримтуудад бодитой тулгуурлан нотолгооны стандарт шаардлагын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн дээд шатны шүүхээс хүчингүй болгосон буюу өмнөх анхан болон давж заалдах шатны дүгнэлтийг дахин хуулбарлан бичсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд тус шүүхээс зөвтгөх боломжгүй" гэж үзлээ.
Сануулахад, Н.Алтанхуяг нь Хөгжлийн банкны хэрэгт 2022 онд шалгагдаж эхэлснээс хойш хэрэг нь нийт гурван удаа цагаатгагдаж, гурван удаа хүчингүй болж байгаа нь энэ юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!