СУРВАЛЖИЛГА: Төв банкны шаардлагыг хангаж буй гадаадын хоёр банк байгаа нь БНХАУ-ын төрийн өмчит хоёр банк гэв

Ангилал
Эдийн засаг Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 59 секунд

Монгол Улсад гадаадын банкуудыг оруулж ирэх асуудал эртнээс яригдаж эхэлсэн ч Төлөөлөгчийн газар нээснээс хэтрэлгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл сүүлийн үед энэ асуудал дахин идэвхтэй яригдаж эхэлсэн. УИХ-ын даргын зүгээс "Энэхүү асуудлыг манлайлж, Унгар, Япон, БНСУ, Их Британи, Австралийн талтай уулзахад Монголд үйл ажиллагаагаа явуулах боломжтойгоо илэрхийлж байгаа. Түүнчлэн гадаадын банкийг оруулж ирэхийн тулд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл банк, санхүүгийн салбарынхан “Гадаадын банкийг оруулж ирэх нь зөв үү” сэдвээр хэлэлцлээ. Тэдгээрийн зарим нь гадаадын банк орж ирвэл өрсөлдөөн бий болж, хүртээмж нэмэгдэх давуу талтай гэж байгаа бол нөгөө хэсэг нь давуу байдал олгох бус дотоодын банкууддаа ижил тэгш боломж олгох ёстойг сануулж байв.

"Гадаадын банк оруулж ирснээр өрсөлдөөн, бүтээмж нэмэгддэг"

Сангийн дэд сайд Б.Хулан “Гадаадын банк оруулж ирснээр өрсөлдөөн, бүтээмж нэмэгддэг. Томоохон банкууд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулаад зардлыг хэрхэн хамгийн бага байлгах вэ гэдэг дээр нэлээн туршлагатай болсон байдаг. Тэгэхээр банкны үйл ажиллагааны зардал тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Энэ бол зөвхөн банкны тухай хуулиар ч юмуу шийдэгдэх боломжгүй асуудал.

Үүнээс гадна бид гадаадын банк оруулж ирэх нь зөв, буруу гэж ярихаас илүү олон ургалч өнцгөөс харах нь зөв гэж бодож байна. Зээлийн хүүгийн асуудал дээр тодорхой хэсэгт буурах боломжтой гэсэн дүгнэлт гарч байх шиг байна” гэлээ.

"Гадаадын банкийг нэвтрүүлсэн улсуудад сайн ч жишээ бий, муу ч жишээ бий"

УИХ-ын даргын зөвлөх Б.Дөлгөөн “Гадаадын банк оруулж ирснээр нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулна. Хоёрдугаарт, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, гадаадын банканд зөвхөн гадаад ажилчид ажиллахгүй учраас тодорхой хэмжээ нь дотоодын зах зээлд үлдэнэ гэж харж байна. Дээрх гурван зорилгоос гадна эрсдэлүүдийг ч ярьж байна. Гадны банкууд орж ирээд зөвхөн ашигтай ААН-үүдэд зээл олгонгуут яах вэ гэхээр дотоодын банкуудын ашигт ажиллагаанд нөлөөлж, эргээд зээлийн хүүг өсгөх эрсдэлтэй.

Олон улсын жишээг харахад, сайн ч жишээ бий, муу ч жишээ бий. Зээлийн хүүг бууруулъя гэж гадаадын банк оруулж ирсэн дотоод нөхцөл байдлаас шалтгаалж гадаадын банкаа больё гэсэн тохиолдол ч байна” гэв.

"Оросын банкуудтай бизнесийн харилцаанд орвол дам хоригт орох аюул бий"

Тэгвэл Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Төв банкнаас тавигдаж буй шаардлагыг хангах хоёр л банк бий. Тэр нь БНХАУ-ын Төрийн өмчит хоёр банк. Тухайн хоёр банк нь Төлөөлөгчийн газраа нээгээд тодорхой хугацааны шаардлага тавигддаг. Тухайн хугацаа нь өнгөрсний дараа салбараа нээх боломжтой гэсэн үг. Харин ОХУ-ын дийлэнх банк нь дайны нөхцөл байдлаас шалтгаалаад хоригт орсон байгаа. Тэдгээр банкуудтай Монгол Улс ямар нэг бизнесийн харилцаанд орвол дам хоригт орох аюул бий” гэдгийг сануулсан юм.

“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
 
11 дүгээр ангийн сурагчид эмэгтэй сурагчийн биед халджээ
11 дүгээр ангийн сурагчид эмэгтэй сурагчийн биед халджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!