
Хөгжлийн банкны хэргийн давж заалдах шүүх хурал мягмар гарагт шийдвэрээ танилцуулсан билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шат руу буцаасан юм.
Тэгвэл АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Монголын шүүхийг хараат бус байлгах зайлшгүй шаардлагатай болжээ.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг нээлттэй цэгцтэй ардчилсан намынхаа дотоод сонгуулийн үйл ажиллагааг шат шатандаа зохион байгуулах үйлсдээ шамдан оролцож завгүй байх үед 13 жилийн өмнөх Засгийн газрын хамтын шийдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон бусад нөхдийг хувь хүний хамааралтай шийдвэр гаргасан мэтээр шийтгэх гэж оролдож, залхаан хохироож, цаашилбал сонгох, сонгогдох эрхэнд нь халдсаар байгааг буруушааж байна. УИХ-ын гишүүний хувьд, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан хүний хувьд шүүхийн хараат бус байдалд хүндэтгэлтэй хандаж ирсэн ч хууль шүүхийн байгууллагад эрх баригчид улс төрийн зорилгоор өөрсдийнхөө нөлөөллийг үзүүлэх оролдлого ажиглагддагийг болж өнгөрсөн үйл явдлуудаас гадарлах юм аа.
Шүүхээр удаа дараа цагаатгаж, цагаатгасан шийдвэрээ яг тэр шүүгчдээрээ буцаалгадаг энэхүү шийдвэрүүдэд гадна дотны тодорхой нөлөөлөл байж болзошгүйгээс үзэхэд, шүүхийн шинэчлэлийг нэн яаралтай хийх шаардлагатай болсон нь тодорхой байна.
АН-ынханыг улс төрийн зорилгоор УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явахад нь хэд хэдээр нь барьж хорьж асан өнгөрсөн цагийн увайгүй үйлдлүүдийг санаж, Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд гээд АН-аас төрөн гарсан төр нийгмийн олон зүтгэлтнүүд, журмын нөхдөө улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтээс хамгаалах ёстой. Үнэн хэзээд ялдаг нь ертөнцийн хууль. Мөнх тэнгэрийн хүчин дор, Монголын ардчилсан эрх зүйт төрд шударга ёс ялна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!