Д.Мөнх-Эрдэнэ: Ичсэн хүн хүн яана гэдэг билээ. Л.Оюун-Эрдэнэ намайг Бодь компанид ажиллаж байсан гэж худлаа ярьж байх юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 23 секунд

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч Лхагва гарагт NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Д.Мөнх-Эрдэнэ Б.Солонгоогийн оронд томилогдонгуутаа улс төрийн даалгавар авч, надтай холбоотой бүх материалыг татаж авсан байсан. Үнэхээр зохион бичлэг хийхгүй л бол манай ЗГ-т хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Учир нь би нэг л өдөр надад ийм асуудал ирнэ гэдгийг би мэдэж байсан. Д.Мөнх-Эрдэнэ Бодид ажиллаж, оффтейк гэрээнд хууль зүйн зөвлөгөө өгч байсан нөхөр шүү" гэсэн юм.

Түүний эл мэдээлэлтэй холбоотойгоор ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Ичсэн хүн хүн яана гэдэг билээ. Ийм хачин хов базсан, ямар ч баримт, материалгүй чавганцын хоосон ярианд хариу өгөх хэцүү, өгөхгүй байх бас хэцүү юм. Ер нь 2019-2021 онд ЗГХЭГ-ыг, 2021-2025 оны 6 сар хүртэл ЗГ-ыг удирдаж байсан хүнтэй холбоотой бүх материалыг татаж авч үзээд сууна гэж юу байх вэ. Барагдахгүй их материал байгаа. Харин, албан ёсоор Ажлын хэсэг ахалж ажилласан тохиолдлууд бол бий. Эдгээр шалгалтын хүрээнд олон хууль бус шийдвэр, хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг ЗГ-т танилцуулж, хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн.

Жишээлбэл, энэ хүний удирдсан ЗГ-ын үед Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавих ажилд зориулж авсан 20 сая ам.долларыг зориулалтын бусаар, хууль зөрчиж зарцуулсан нь том асуудал биш үү. Тэр мөнгөнөөс нь авч ашигласан гадаадын компани мань эрийн хувьцаа эзэмшдэг компанийнх нь гадаад улсад тоглосон жүжгийн сурталчилгааг хийсэн шүү гээд тайлан, танилцуулга ирүүлсэн байсан. Тэр битгий хэл маш нууцын зэрэглэлд явагддаг төрийн өндөр хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг хаа байсан гадны компани бид зохион байгуулсан, оролцсон гэж тайлагнасан байсан даа! Тэгээд бас хууль зөрчөөд бүх бичиг баримтад нь албаны нууц тэмдэг дарчихсан. Тэрийг нь ТЕГ тогтоочихсон.

Бас тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын хуулийн дагуу уралдаант шалгаруулалтаар “сонгон шалгаруулж”, эрх олгох ёстой байтал Тендерийн хуулийн хаа хамаагүй заалт үндэслээд ЗГ-ын тогтоол гаргаж, улсын хилийн зурвас, Гашуун сухайтын боомтод үйл ажиллагаа явуулах асар их ашигтай төслийн эрхийг олгосон нь илт хууль бус шийдвэр ш дээ. Хоёрхон жилийн дотор 95,7 тэрбум төгрөгийн орлого олсон, урт хугацаандаа хэдэн их наяд төгрөгийн ашиг олох төслийг хууль зөрчиж, зүгээр л май гээд өгчихөж болдог юм уу.

Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хамгийн гол суваг улсын хилийн зурваст 66 га газар ашиглах, хувийн боомттой болох, асар их хэмжээгээр төлбөр, хураамж авах эрхийг хэн, ямар шалгуураар, хэнд өгөв. Ядаж байхад ЗГ-ын тогтоолоо ч зөв гаргаж чадахгүй бөөн алдаа, хуулийн зөрчил. Бодь компанид ажиллаж байсан гээд бас л худлаа ярьж байх юм. Нүүрсний олон оффтэйк гэрээ байгуулагдах үед энэ хүн төр, засгийг удирдаж байсан. Би харин 2018 оны 12-р сараас 2021 оны 11 сар хүртэл төрд биш, хувийнхаа ажлыг хийгээд явж байсан. Нийгмийн даатгалын дэвтэр энэ тэр гээд юмаар нотлогдоно" гэв.

“Орон сууц захиалгын залилан нийгэмд хавтгайрсныг яаралтай цэгцлэх шаардлагатай“
“Орон сууц захиалгын залилан нийгэмд хавтгайрсныг яаралтай цэгцлэх шаардлагатай“
 
МАРГААШ: Улаанбаатарт -2 хэм хүйтэн
МАРГААШ: Улаанбаатарт -2 хэм хүйтэн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!