Улс төрийн намуудын санхүүжилт түүний ил тод байдалтай холбоотой асуудал хөндөгдөөд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Ингэхдээ Улс төрийн намын тухай хуульд нам иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын тайлан мэдээллээ Сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр хуульчилсан байдаг. Үүний дагуу Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намуудын өнгөрөгч 2025 оны санхүүгийн тайлан олон нийтэд байршлаа.
Тэгвэл өнгөрсөн 2025 онд парламентад суудалтай намууд санхүүгийн хувьд хэр "хожоотой" басхүү "алдагдалтай" байсныг илтгэх хэд хэдэн санхүүгийн үзүүлэлтийг сонирхъё.
-МАН-ын хөрөнгө 1.2 тэрбумаар буурсан бол АН-ынх 97, ХҮН намынх 100 гаруй саяар НЭМЭГДЖЭЭ-

МАН-ын шинэ дарга Н.Учрал өнгөрөгч оны 11 дүгээр сард МАН-ын даргын үүрэгт ажлаа хүлээн авсан. Энэ утгаараа жил эцсийн тайлан нь түүний гарын үсэг дор Сонгуулийн Ерөнхий хороонд хүргэгдсэн байх аж. Ямартай ч тус нам өнгөрсөн онд 31 тэрбум 482 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж тайлагнасан бөгөөд энэ нь өмнөх 2024 оноос 1.2 тэрбумаар буурсан үзүүлэлт юм. Харин Ардчилсан намын хөрөнгө эсрэгээрээ нэмэгджээ. Парламентад суудалтай намуудаас хөрөнгө нь хамгийн өндөр дүнгээр нэмэгдсэн нь ХҮН нам байна. Тодруулбал, ХҮН нам 2025 оны тайландаа 266 сая төгрөгийн хөрөнгөтэй буюу энэ нь өмнөх оноос 126 саяар нэмэгджээ.
-2025 онд ИЗНН хамгийн БАГА буюу 615 төгрөгийн зардал гаргажээ-

Өнгөрөгч 2025 онд ээлжит сонгууль байхгүй гэдэг утгаараа намууд харьцангуй бага зардал гаргасан. Тухайлбал, МАН 2024 онтойгоо харьцуулахад 3 орчим тэрбум төгрөгөөр бага зардал гаргажээ. Харин Ардчилсан нам 5 тэрбум, ХҮН нам 1 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан бол ИЗНН хамгийн бага буюу 615 сая төгрөгийн зардал гаргасан байх аж.
-Намуудын ОРЛОГО ӨМНӨХ ОНООС БУУРЧЭЭ-

Улс төрийн намууд намын гишүүдийн татвар, мөнгөн болон мөнгөн бус хандив, төрөөс шууд болон шууд бусаар үзүүлсэн дэмжлэг санхүүжилт, төслийн санхүүжилт нэмээд өөрийн орлогоор үндсэн үйл ажиллагааны орлогоо бүрдүүлдэг. Тэгвэл өнгөрөгч онд намуудын орлого харьцангуй буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. Тухайлбал, 2024 онд 8 тэрбум төгрөгийн орлоготой байсан МАН өнгөрөгч онд 5 тэрбумын орлоготой байжээ. Бусад нам ч ялгаагүй орлогын үзүүлэлт нь өмнөх оноос буурсан болохыг дээрх графикаас харж болно.
-МАН-ын нийт өр төлбөр 600 саяар, ХҮН намынх 264 саяар буурсан бол АН-ынх 159 саяар НЭМЭГДЖЭЭ-

Намуудын нийт өр төлбөр гэдэгт татвар, НДШ-ийн өр төлбөр, богино болон урт хугацаат өр төлбөр зээл зэрэг нь багтдаг. Тэгвэл парламентад суудалтай намууд дундаа нийт өр төлбөрийн үзүүлэлтээрээ толгой цохиж буй нь Монгол Ардын нам байна. Тус намын нийт өр төлбөр 2.1 тэрбум төгрөг байна. Гэхдээ энэ нь өмнөх оноос даруй 600 орчим сая төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
-МАН НДШ, татварын өрийнхөө 592 саяыг төлжээ-

Намуудын нийт өр төлбөр тэр дундаа НДШ, татварын өр төлбөр хамгийн их анхаарал татаж байна. Учир нь өнөөгийн нийгэмд татварын ачаалал авч буй иргэн, ААН-үүд хамгийн түгээмэл. Тэгвэл МАН өмнөх оны НДШ, татварын өр төлбөрөөсөө 500 гаруй саяыг нь төлж, 401 сая төгрөгийн өртэй болжээ. Харин Ардчилсан нам өмнөх оны өр төлбөрөөсөө 8 сая төгрөгийг л төлж нийт 430 сая төгрөгийн өртэй байна. ИЗНН, ХҮН намын тухайд харьцангуй бага НДШ, татварын өртэй гэдэг нь дээрх графикаас харагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!