
Би дөрвөн хүүхэдтэй айлын эзэгтэй. Том хүү ахлах анги, хоёр дунд маань нэг насны зөрүүтэй 4, 5 дугаар анги. Бага хүү минь цэцэрлэгийн бэлтгэл бүлэг. Бидний өглөө эхэллээ. Том хүүгээ сэрээж, хичээлд нь явуулахаас миний өглөө эхэлнэ...
Өглөө сэрүүлэг аажим дугарч, бусдыг нь сэрээчих вий гэсэндээ гялс босон унтрааж, том хүүгийнхээ ор руу сэмхэн алхана. "Миний хүү босоорой. Хичээлдээ яваарай" гэж шивнэн үнсэх зуурт хүү нойрноосоо сэрж ядан тийчгэнээд, нүдээ нухлан эвшээнгээ суниасаар "Өглөөний мэнд, ээжээ" гэж нойрмоглон бас нойроо харамлангуй мэндлээд "За босъё доо" хэмээн дуу нь эрс сэргэлэн болсоор үсрэн босно. Босож ирэнгүүтээ нойл орох зууртаа "Алий ижий минь үнсье. Жинхнээсээ өглөөний мэнд" гээд хацар дээр шопхийн үнсээд нойл руу харайлган орно. Нэг ч их удалгүй буцан гүйн гарч ирээд, замдаа аяга ус уух зууртаа "Ээж би өнөөдөр..." гэсээр өнөөдрийнхөө хийх зүйлүүдээ надад нэг нэггүй тоочно. Тэгээд л ор руугаа буцан очиж нямбайлан хурааж, шкаф руугаа хийгээд, урьд орой нь нямбайлан бэлдсэн хувцсаа наашлуулаад гар нүүрээ угаахаар буцан нойл руу орно. Би ч хүүгийнхээ цайг бэлтгэх зуурт "Миний хүү ч том болж байна даа" хэмээн эрхлэнгүй бодсоор амандаа аяархан дуу аялж, өндгөө нүдлэн шарна. Хүү минь ч булбарай шар царай нь улам тодорсоор "Ээж тос түрхээд гарчихвал дэмий юу. Одоо түрхвэл сайртчих байх тэ" гэсээр өөртөө хариулаад хувцсаа өмсөх нь тэр. "Өө яана аа. Явах цаг болчхож" гэсээр яарангуй цайгаа балгаад ганц нэг боов, боорцог тоншиж халаасандаа хийнгээ "За ээж явлаа" гэсээр гутлаа углахаар үүд рүү яарна. "Миний хүү тайван суугаад цайгаа ууж бай л даа" гэж би үглээ чавганц шиг араас нь үүд рүү дөхнө. "Амжихгүй нь ээж. Энэ боорцгоо замдаа идээд явчихна" гэсээр хацар дээр хальт мулт үнссэн болоод "Өнөөдрийн ажилд нь амжилт. Миний ээж мундаг шүү" гэж нүдээрээ инээмсэглээд гарч одно.
Тэр зуурт би гал тогоо руугаа буцаж өөртөө кофе бэлтгээд, дахин өндгөө шарна. Юу юугүй л дараагийн сэрүүлэг дугарч, дунд хүү охин хоёроо сэрээхээр ор руу нь алхана. "Алий миний охин, миний хүү босоорой" гэж үнсээд дунд хүү ч угийн сэргэг тул год хийн үсрээд "За босчихлоо" гэсээр цэрэг аятай чамархайндаа хурууны үзүүрүүдээ хүргэн мэндчилнэ. "За явж бие зас" гээд би духан дээр нь үнэрлэв. Хүү ч нойл руу гүйлээ. Охин нойрмоглонгуй "Өглөө болчихсон уу. Ямар ч хурдан өглөө болдог юм дээ" гэж нойроо харамлангуй үглэсээр аажуухан босож нойл орох гэтэл дүү нь байгаа тул "Алий хурдал давсаг хагарлаа" гэсээр дүүгээ ч тайван бие засуулахгүй хаалгыг нь нүднэ. Дүү нь "Байж байгаач дээ. Дөнгөж орж байхад" гэж үглэсээр усаа татаж байгаа чимээ нь сонсогдоно. Би ч дотроо "Энэ хоёр сэрэнгүүтээ л маргалдаад эхэлдэг сонин хоёр шүү. Ганц насны зөрүүтэй болохоор тэгдэг юм байхдаа" гэж бодсоор цайг нь аягалангаа "Хүүхдүүдээ бие засаад гар, нүүрээ угаагаад цайгаа уу" гэсээр өөртөө кофе аягалаад ширээ рүүгээ дөхнө. Энэ зуурт охин гар нүүрээ угааж байгаа бололтой хойноос нь дүү нь орж хоорондоо юу ч юм нэг зүйл ярьж шивнэлдэнэ. Ойртохоороо л маргалдчих гээд байдаг манай хоёр дунд хэрэлдээд байгаа ч юм шиг, эрхлэлдээд байгаа ч юм шиг шивнэлдсээр гарч ирээд "Ээж өглөөний мэнд" би түрүүлж үнсэнэ, үгүй би түрүүлж үнсэнэ гэсээр над руу уралдана. Аягатай кофегоо барьсан би аяархан, аяархан аягатай юм асгууллаа гэсээр хоёр хацраа зэрэг үнсүүлж шагнуулаад, хүү охин хоёр ширээндээ сууж өнөөдөр манайд тийм хичээл орно, танайх хэдээс тарах вэ. Аа өнөөдөр хоёулаа цуг тарахгүй юм байна. Би түрүүлээд ангийнхаа Тэмүүлэнтэй харих нь байна шүү гэсээр цайгаа ууж эхэлнэ. Идэж, ууж дуусгаад ширээний араас босохдоо алчуур шүүрэн авч асгасан, унагаснаа цэвэрлээд, хувцсаа өмсөхөөр алхав. Манай хоёр ч идэж ууж дуусгаад ширээгээ цэвэрлэдэг зуршилтай тул би ч чимээгүйхэн ажиглаад "За хурдан хувцсаа өмсөөрэй. Цаг болох нь байна шүү" гэж сануулга өгөөд өөрийнхөө хувцсыг өмсөнө. За ингээд охин, хүү хоёр бэлэн болоод уралдаж үнсэж аваад хичээлдээ явна.
Би бага хүүгээ сэрээж зөөлөн үнсээд "Миний хүү цэцэрлэгтээ явах цаг боллоо" гэж тэвэрч өргөөд нойл авч орж бие засуулангаа сэрж байна уу хэмээн лавлана. Хүү нүдээ нухангаа "Сэрчихсэн шүү дээ ээжээ" хэмээн нарийнхан хоолойгоороо эгдүүтэй өнгөөр дугарна. "За тэгвэл нүүрээ угаах уу" гээд нүүрийг нь угааж, жижигхэн гарыг нь угааж, жижиг шүднүүдийг нь нэгд нэгэнгүй ажиглангаа ус уучхаад шүдээ угаана шүү гээд эргэж аяга ус хийж уулгангаа "Өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байна" гэхэд "Одоогоор юм төлөвлөөгүй. Цэцэрлэг ороод санаа төрөх байх" гэсээр жижигхэн шүднүүдээ өөрөө угаахаар оролдоно. Алив ээж нь угааж өгье гэхээр "Би чинь том болсон эр хүн шүү дээ. Шүдээ угаачихтайгаа болсон" гээд нүд нь гялалзана. За за, би саад болохоо болих уу гэнгүүт том болсноо гайхуулах хүү минь толгой дохино. Угаасныхаа дараа шалгуулна шүү гэсээр би нойлоос гарч хүүгийнхээ хувцсыг бэлдээд гарч ирэхийг нь хүлээнэ. Хүү ч гоё үнэртэж байна уу гэсээр чангаар орилон гарч ирэв. За хувцсаа өмсөөд цайгаа уух уу, цайгаа уучхаад хувцсаа өмсөх үү гэх сонголтыг өгөхөд хувцсаа өмсөнгөө цайгаа, уугаад шууд гаръя. Би яаруу ажилтай хэмээн хэзээний том хүн шиг ярих нь эгдүү хүргэнэ. Цамцаа углангаа боорцгоо хазалж, үүдэн шүд нь унасны завсраар боорцогных нь хэлтэрхий унах гэхэд гялс буцаан түлхээд "Ээж энэ шүд хэзээ унаж дуусах юм бэ. Юм идэж болохгүй дундуур нь унаад байх юм. Би ч уг нь цэвэрхэн юм иддэг л дээ. Унасан шүдний зайгаар унаад байхаар заваан иддэг болчих гээд байх юм" гэж ээжийгээ инээлгээд авна.
За ингээд хүүгээ хөтөлж цэцэрлэг рүү алхах зам бид хоёрын аяллын зам шүү дээ. Замдаа таарсан таних, танихгүй бүх хүнтэй мэндлээд ангийнх нь хүүхдүүд таарвал "Мишээл ээжтэйгээ явж байна. Сайн байна уу Мишээлийн ээжээ, Сайн уу Мишээлээ" хэмээн нэгд нэггүй хичээнгүйлэн мэндчилнэ. Ээж өнөөдөр та юу хийх вэ. Ямар ярилцлага авах вэ. Гоё юм бичээрэй за" гэж наддаа зөвлөчихнө. "Би ч яах вэ таарсан хүмүүстэйгээ мэндэлж аваад цэцэрлэгтээ ороод дасгалаа хийнэ. Нүүр гараа дахиж угаагаад цайгаа уух нь тодорхой" гээд хэвлүүхэн ярина. Цэцэрлэгийн хашаа руу орлоо л бол миний хүүгийн мэндлэх хүн дуусахгүй. Би ч заримыг нь таних тул толгой дохин мэндлээд цэцэрлэг рүү орно. Сайн байна уу жижүүр өвөө, сайн байна уу тогооч багшаа, сайн байна уу асрагч эгчээ. Өө манай Аялгуун ирж байна гэсээр даллан буцаж гүйнэ. Миний хүүд энэ охин таалагддагийг би ч хэзээнээс мэдэх тул эргэж ирэхийг нь хүлээн зогсоно. "Заза ээж би анги руугаа өөрөө орчих уу. Та ажлаасаа хоцорлоо яв, яв" гэсээр эргэнэ. Би ч за тэгвэл явлаа шүү гэнгүүт "Өө нээрээ үнсье" гээд доошлохыг шаардан дохив. Хүүдээ үнсүүлж, алга хавсарч бие биедээ амжилт хүсэж аваад эргэхэд "Амжилт ээжээ хайртай шүү" гэж хүү минь инээгээд цааш эргээд Аялгууныгаа "Hey my baby" гэх хүүгийн минь дуу сонсогдох нь тэр. Youtube-ээс шинэ үг сурсан юм байхдаа гэж бодсоор ажил руугаа явлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!