ИЗНН даргаа солих уу, үгүй юу гэдгийг Ардын нам ШИЙДНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 31 секунд

"Халуухан хавар" эхлээ ч үгүй байхад улс төрийн хүрээнд хөгжилтэй ч гэх үү, хөгтэй ч гэх үү үйл явдлууд ар араасаа хөвөрч байна. Нэг талд намын дарга Б.Батбаатар нь ИЗНН-ын 26 жилийн ойг тэмдэглэн баярын хурал хийж байхад нөгөө талд оны өмнөөс "Батбаатарчуудын нам боллоо" хэмээн түнтгэнэж эхэлсэн талынхан нь Онц их хурлаа хуралдуулан Батын Батбаатараа намаасаа хөөж орхив. Тэр бүү хэл намын шинэ даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг томилоод авлаа. Гэнэтийн энэ үйл явдал цаашид улс төрийн хүрээнд яаж өрнөхийг одоогоор тааварлахад бэрх. Учир нь шинэ дарга болоод дүрмийг нь УДШ бүртгэх эсэхээс ИЗНН-ын энэ хаврын төдийгүй цаашдын улс төр хамаарна.

Б.Батбаатар даргын зүгээс өөрийг нь намын даргаас "огцруулсан" үйл явцыг хууль бус буюу намын төлөөллийн төв байгууллагын албан ёсны шийдвэр биш тул хэрэгжих үндэслэлгүй гэдгийг мэдэгдсэн. Түүнчлэн намын дүрэмд Онц Их хурал гэх ойлголт ч байхгүй гэдгийг дурдсан. Хэрэв түүний хэлснээр Б.Батбаатарыг хөөж, шинэ намын дарга томилсон үйл ажиллагаа нь дүрмийн бус мөн бол УДШ-д бүртгүүлэх ажил нь амаргүй л байх болов уу. Харин одоо ИЗНН-ын "Бат"-уудын хэрүүлийг түр хойш нь тавиад хөшигний ард өрнөж буй улс төрд түр анхаарал хандуулъя.

Нэг. ИЗНН-ын даргыг солихыг МАН шийддэг болохоос ИЗНН мэддэг юм биш. Намуудын дарга, дүрмийн бүртгэлтэй холбоотой асуудал УДШ-ээр дамжин эрх баригч намд "хаяглагдан" очдог. Энэ "үнэн"-ийг өнгөрсөн хугацаанд улс төрийн хүрээнд чамгүй ярьж, бичиж ирсэн. Өөрөөр хэлбэл, нам дотроо Б.Батбаатартай хариуцлага тооцъё, шинэ даргатай болъё гэж мянгантаа гүйгээд ч тэр нь тийм дураараа шийдэгдчих асуудал биш гэж ойлгож болно. Хүлээн зөвшөөрхөөргүй мэт санагдаж байж болох ч бодит байдал дээр энэ зүй тогтол үйлчлээд удаж байна шүү, нөхөд өө. Санаж байгаа бол хоёр, гурван жил "гудамжинд зодолдсон" АН-ынхан ч ялгаагүй энэ замыг туулсан. Харин арай гэж 2024 оны сонгуулийн босгон дээр албадлагаар шахуу учир зүйгээ ололцож байв.

Хоёр. ИЗНН-ыг тогтворгүй болгох хүсэл улс төрийн хүрээнд байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль цаашлаад 2028 оны УИХ-ын сонгуультай шууд холбоотой. Учир нь оны өмнөөс л парламентад суудалтай намуудыг сулруулах гэсэн "санаархал" ил, далдаар явж эхэлсэн нь нууц биш. ХҮН нам дээр л гэхэд сонгуулиар тойрогт ганцаараа шахуу драфтын нэгээр сонгогдож гарч ирсэн Ж.Золжаргал гишүүн нь намаас гарахаа мэдэгдсэнээр нам дотооддоо эв түнжин муу байна уу даа гэх мессэжийг нийгэмд өгсөн. Залгуулаад ИЗНН өөрсдөдөө "Ураг төрлийн нам" гэх нэр өгч, гишүүд нь нийлж байгаад намын даргаа хүртэл АТГ-д шалгуулахаар өгсөн. Товчхондоо, энэ мэт нам доторх таарамжгүй харьцаа, элдэв нэр хоч зүүсэн асуудал эргээд хэнд хэрэгтэй, бас ашигтай вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Нөгөөтээгүүр ИЗНН-ын шинэ даргын бүртгэл УДШ дээр албажсан ч, албажаагүй ч тэнд МАН-ын хүсэл сонирхол байна гэсэн үг. Гэхдээ аль ч тохиолдолд ИЗНН яг одоо алдаа хийж байна. Учир нь цаашид энэ нам дотор хэрүүл тэмцэл тасрахгүй, нэмээд өмнө дурдсанчлан гишүүд дэмжигчдийнхээ өмнө тогтворгүй харагдана. Эсхүл нэгэнт дарга, цэргийн асуудалтайгаа нүүр тулсан тул аль нэг тал нь эрх мэдэлтнүүдийн үүд сахиж, тэдний эрх ашигт үйлчлэх тохироотой нүүр тулна. Энэ тохироо яг юу байхыг нарийн хэлэхэд хэцүү. Магадгүй Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, Засгийн газрыг унагаахгүй байх асуудал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах захиалгат нэр дэвшүүлэлт ч байж болно. Нэг ёсондоо, "төлбөрөө" төлж байж л аль нэг тал нь бүртгэлээ баталгаажуулж авна.

Төгсгөлд нь гэж хэлэхэд, улс төрд гэнэтийн зүйл гэж байдаггүй. ИЗНН-д өрнөж буй үйл явц бол эрх баригчдын зүгээс шидэж байгаа чулуу, өөрсдийн эрх ашигт тааруулан зурж буй зураг юм. Хамгийн хортой нь ийм нөхцөл байдал дараа дараагийн парламент дахь намууд дээр үргэлжлэх эрсдэлтэй.

Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна
 
Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 6 сум маш их эрсдэлтэй гэж гарсан байна
Эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 6 сум маш их эрсдэлтэй гэж гарсан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!