Э.Очбаяр: Хятад нүүрсийг шууд орхих бодлого баримтлахгүй. 2026-2030 онд нүүрсний хэрэглээ нь оргил түвшинд хүрнэ

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
14 минут 20 секунд

-Олон улсын харилцаа судлаач Э.Очбаяртай Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал болон хурлаас гарсан шийдвэрүүд манай улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа-

-Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал, Хятадын Ардын Улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал 2026 оны гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаас онцлох зүйл нь юу байв?

-Жил бүрийн хавар Бээжин хотноо болдог Хятадын “хоёр чуулган” буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хурал нь тухайн улсын улс төр, нийгэм, эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг ажиглах чухал цонх болдог.

Энэ жилийн “хоёр чуулган”-ы онцлог нь мэдээж 2026 оны төсвийн төсөл, улс төрийн бодлогын асуудлыг хэлэлцэхээс гадна хамгийн чухал нь “Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл”-ийг (2026–2030) хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хурлаар урд хөрш дэлхий нийтэд “бид энэ жил юу хийх вэ” , “бид ирэх таван жилд ямар замаар явах вэ” гэдэг мессежийг өгдөг юм. Мөн онцолж хэлэхэд энэ таван жилд 2027 оны ХКН-ын 21-р их хурал, 2028 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль мөн Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль зэрэг томоохон улс төрийн үйл явдлууд давхцахаар байна. Тэгэхээр энэхүү хурлаас дараах хэд хэдэн асуудал анхаарал татаж байна.

Нэгдүгээрт, “Хоёр чуулган”-ы үеэр дэлхийн нийтийн хамгийн их анхаарал татдаг зүйл бол эдийн засгийн өсөлтийн зорилт байдаг. Эдийн засгийн өсөлтийн зорилтын тухайд, Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын ажлын тайланг танилцуулахдаа 2026 онд Хятадын ДНБ-ийн өсөлтийн зорилтыг 4.5–5 хувь гэж тогтоосныг зарласан. Энэ нь өнгөрсөн жилийн “ойролцоогоор 5 хувь” гэсэн зорилтоос бага зэрэг буурсан үзүүлэлт бөгөөд 1991 оноос хойш анх удаа 5 хувийн босгоос доош тогтоогдож буй явдал юм. Яагаад эдийн засгийн өсөлтийг дээрх байдлаар тогтоосныг судлаачид дараах байдлаар тайлбарлаж байна. Хятадын эдийн засгийн өсөлт үйлдвэрлэл болон экспортод түшиглэж ирсэн учраас өнөөгийн дэлхийн геополитикийн тодорхойгүй байдал, хүн амын бүтцийн асуудал, үл хөдлөх хөрөнгийн хямрал мөн нийгмийн хамгааллын тогтолцоо сул байгаа нь иргэдийн хэрэглээний хүсэлд сөргөөр нөлөөлж байгаа явдал юм гэжээ.

Хоёрдугаарт, “15-р таван жилийн төлөвлөгөө” хөтөлбөрийн төсөл ирэх 5 жилийн эдийн засгийн өсөлтийн загварыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал юм. Тэгэхээр Хятад улс энэ хугацаанд “дотоод эрэлтэд тулгуурласан эдийн засаг” бодлогыг гол чиглэлээ болгох нь тодорхой болсон. Үүнийг Ши Жинпин 2026 оны эдийн засгийн бодлого “дотоод эрэлтийг гол хөдөлгөгч хүч болгон, хүчирхэг дотоод зах зээл байгуулах”-д чиглэнэ гэж бататган хэлсэн.

Мөн 2026 оны батлан хамгаалахын салбарын төсөв ойролцоогоор 1.9095 их наяд юань буюу өнгөрсөн оноос 7 хувиар өссөн. Технологийн салбарт өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг бий болгох зэрэг зорилтуудын дэвшүүлж байна.

-Тэгвэл Хятад улс XIV 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтээ хэрхэн дүгнэв?

-Хятад улс “14-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр”-т тусгагдсан зорилт, даалгавруудын ихэнхийг үндсэндээ биелүүлсэн гэж үзсэн. Тухайлбал эдийн засгийн бүтцийн шинэчлэл, шинжлэх ухаан-технологийн инноваци, иргэдийн амьдралын чанартай холбоотой олон үзүүлэлт биелсэн бөгөөд энэ нь “15-р таван жилийн төлөвлөгөө” (2026–2030)-ний хөгжлийн суурийг тавьж, 2035 он гэхэд Хятад маягийн модернизацийн хэрэгжүүлэх зорилтын суурийг бүрдүүлсэн гэж үнэлсэн.

-БНХАУ 2026 онд эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5–5 хувь гэж хүрээгээр тогтоолоо. Энэ зорилтоос монголын тал ямар "ашиг" хүртэх бололцоо байна вэ?

-Мэдээж дэлхийн хоёр дахь том эдийн засаг ийнхүү тогтвортой өсөх нь манайх шиг Хятадтай худалдааны гүн хамааралтай эдийн засагт тодорхой нөлөө үзүүлнэ.

Нэгт, Хятадын эдийн засгийн өсөлт нь Монголын түүхий эдийн экспортын эрэлтийг дэмжих хүчин зүйл болдог. Хятадын үйлдвэрлэл, барилга, дэд бүтцийн салбар идэвхжихийн хэрээр гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, улмаар коксжих нүүрс болон бусад түүхий эдийн хэрэгцээ өсөх хандлагатай байдаг.

Хоёрт, Хятадын эдийн засгийн өсөлт нь хил дамнасан худалдаа, ложистикийн урсгалыг нэмэгдүүлэх боломжийг бий болгодог. Монгол–Хятадын худалдааны ихэнх нь хуурай замын боомтуудаар дамжин явагддаг учир Монголын нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх, хил дээрх тээврийн урсгал идэвхждэг.

Гуравт, Хятад улс цахилгаан автомашин, батерей, сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд эдгээр салбаруудын гол түүхий эд нь зэс болон бусад стратегийн бүтээгдэхүүнүүд юм. Тийм учраас өндөр түвшний технологийн хөгжил хурдсахын хэрээр зэс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт дэлхий даяар нэмэгдэх төлөвтэй. Энэ нь Монголын уул уурхайн салбарт урт хугацааны стратегийн боломжийг бий болгох юм.

-Хятад улсын бодлого нь нүүрсийг шууд орхих биш, аажмаар шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдээр солих урт хугацааны стратеги юм-

-Манай улсын түүхий эдийн экспорт БНХАУ-ын зах зээлтэй шууд холбоотой. Тэгвэл "хоёр чуулган"-аас манай эдийн засагт шууд "буух" нөлөөтэй ялангуяа гадаад худалдаа чиглэлд ямар шийдвэрүүд гарав?

-Хятад бол манай хамгийн том худалдааны түнш, дэлхийн хүсэмжит зах зээл. Тийм учраас бид дэлхийн хоёр дах том зах зээлтэй хил залган оршдог нь том боломжийг бидэнд олгодог. Хоёр чуулганаар гадаад худалдаанд “чанарыг дээшлүүлж, хэмжээг тогтвортой хадгалах” бодлогыг барих төлөвтэй байна. Тийм учраас Хятад улс гадаад худалдаанд өндөр түвшний нээлттэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал дижитал худалдаа, хил дамнасан цахим худалдаа, гадаад агуулах, хил дамнасан логистикийн коридоруудыг өргөжүүлэх, RCEP ОУ-ын худалдааны хэлэлцээрүүдийг ашиглаж зах зээлээ тэлэх гэх мэт.

-Манай улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байна. Гангийн үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт, тээвэр ложистикийн нөхцөл байдал зэргээс харвал манай улс зорилтдоо хүрэхээр байна уу. Энэ нөхцөлд шинээр үүсэж буй сорилт байна уу?

-Хятадын нүүрсний бодлого дөрвөн үе шаттай гэж ойлгож болно.

2021–2025 онд хэрэглээг тогтвортой хадгалж, 2026–2030 онд оргил түвшинд хүргэж, 2030–2040 онд бууруулж эхэлнэ. Харин 2040 оноос хойш эрчим хүчний бүтэц илүү хурдтай өөрчлөгдөж, нүүрсний хэрэглээ эрчимтэй буурах төлөвтэй байна. Тэгэхээр 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хамрах үед буюу 2026-2030 онд Хятад улсын нүүрсний хэрэглээ оргил түвшинд хүрнэ.

Үүний зэрэгцээ дээр дурдсанчлан Хятад улс хил дамнасан дэд бүтэц, логистикийн коридоруудыг өргөжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх төдийгүй Евразийн худалдааны сүлжээ, хил дамнасан төмөр зам, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого нь Монгол–Хятадын худалдааг илүү тогтвортой, том хэмжээтэй болгох нөхцөлийг бүрдүүлж магадгүй.

Өөрөөр хэлбэл Хятад улсын бодлого нь нүүрсийг шууд орхих биш, харин аажмаар шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдээр солих урт хугацааны стратеги юм. Энэ шилжилт нь хэтдээ зөвхөн Хятадын эрчим хүчний салбарт бус бүс нутгийн худалдаа, уул уурхайн зах зээл, тэр дундаа Монголын экспортын бүтэц зэрэгт ч томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

-Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас хамаарч хятадын эдийн засгийн өсөлт удааширвал нүүрс, зэс зэрэг түүхий эдийн эрэлт буурах эрсдэл бий-

-Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын үеэр геополитикийн нөхцөл байдалтай уялдсан ямар шийдвэр, хэлэлцүүлэг болов?

-Энэ удаагийн хурлаар Хятадын дараагийн хөгжлийн үе шат болон дэлхийн геополитикийн орчинд баримтлах бодлогын хэд хэдэн чухал дохиог илэрхийллээ.

Нэгдүгээрт, Хятад технологийн бие даасан байдлыг хангах, өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх ялангуяа хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, шинэ эрчим хүч, батерейн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг стратегийн чухал чиглэл гэж үзэж байгаа нь АНУ-тай урт хугацааны стратегийн өрсөлдөөнд орсныг илтгэж байна.

Хоёрдугаарт, Тайваны асуудал Хятадын үндэсний аюулгүй байдлын гол сэдвүүдийн нэг хэвээр бөгөөд Бээжин “нэг Хятад” бодлогыг хатуу баримтлахын зэрэгцээ Тайванийн тусгаар тогтнолын аливаа оролдлогыг эсэргүүцэх байр сууриа дахин илэрхийлсэн.

Гуравдугаарт, Хятад хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогоо идэвхжүүлэх бөгөөд BRICS болон SCO (ШХАБ) зэрэг байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь дэлхийн эдийн засаг, улс төрийн шинэ тэнцвэрийг бүрдүүлэх зорилготой гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, эрчим хүч болон стратегийн түүхий эдийн аюулгүй байдлыг Хятад улам чухалчилж эхэллээ. Нефть, хий, зэс, литий, уран зэрэг нөөцийн урт хугацааны нийлүүлэлтийг баталгаажуулах, тээвэр логистикийн шинэ коридор байгуулах талаар хэлэлцүүлэг өрнөсөн нь түүхий эдийн нийлүүлэгч орнуудын геоэдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

-Ойрхи Дорнодод үүсэж буй нөхцөл байдал Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ. Манай улсын хувьд энэ нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг хоёр хөршийн нөлөөгөөр дамжих эрсдэлтэй гэж харж байгаа шүү дээ?

-Ойрхи Дорнодод хурцадмал байдал нэмэгдэх нь зөвхөн бүс нутгийн асуудал биш, дэлхийн эдийн засагт шууд нөлөөлдөг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад нефтийн нийлүүлэлт доголдох эрсдэл нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 119$ болж өссөн. Хятад бол нефть импортлогч том орон. Ялангуяа Хятад Иранаас нефтийн хамаарал 14 хувь орчим тул эрчим хүчний үнэ өсөх нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд тодорхой дарамт үүсгэнэ. Мөн бүс нутгийн тогтворгүй байдал нь далайн тээвэр, худалдааны логистикт нөлөөлдөг. Тийм учраас эдгээр өөрчлөлт Монголд дам байдлаар нөлөөлөх магадлалтай. Монголын экспортын дийлэнх хэсэг Хятад руу чиглэдэг тул Хятадын эдийн засгийн өсөлт удааширвал нүүрс, зэс зэрэг түүхий эдийн эрэлт буурах эрсдэл бий.

-Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлаас эргэн тойрноос үзвэл Монголчууд бид ирэх жилүүдэд юун дээр анхаарах вэ?

-Хятад өндөр технологи, шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн шинэ шат руу шилжих бодлогоо улам эрчимжүүлж байгаа учир Монголын уул уурхайн салбарт боломж нээж байгаа ч урт хугацаанд зөвхөн нүүрсний экспортод хэт найдах нь эрсдэлтэйг харуулж байна. Мөн стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах бодлогоо чухалчилж байна. Тийм учраас Монголын хувьд хил дамнасан төмөр зам, тээврийн коридор, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь нэн чухал байна.

Нөгөөтэйгүүр Хятад өндөр технологид суурилсан эдийн засаг руу шилжиж байгаа нь бүс нутгийн худалдааны бүтэц өөрчлөгдөхийг илтгэнэ. Иймд Монголын хувьд зөвхөн түүхий эд нийлүүлэгч биш, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага улам бүр тодорхой болж байна.

Дүгнэж хэлбэл, энэ удаагийн хоёр чуулганаас харахад Монгол Улс эдийн засгийн бодлогоо урт хугацаанд илүү төрөлжүүлэх, түүхий эдийн экспортын бүтцийг өөрчлөх, дэд бүтцийн холболтоо сайжруулах зэрэг стратегийн асуудлуудад илүү анхаарах шаардлагатай байна.

Ярилцсанд баярлалаа

АМРАХ АГШИН: Дөрвөн хүүхэдтэй ээжийн өглөө ингэж эхэлнэ
АМРАХ АГШИН: Дөрвөн хүүхэдтэй ээжийн өглөө ингэж эхэлнэ
 
Мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг хууль бус жороор худалдан борлуулсан эмч, өвчтөн, хэрэглэгч нарын 9 хүнд ял оноожээ
Мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг хууль бус жороор худалдан борлуулсан эмч, өвчтөн, хэрэглэгч нарын 9 хүнд ял оноожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!