
Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч 20-р зууны утга зохиолын томоохон төлөөлөгч Шаравын Сүрэнжав агсны гэгээн дусгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлт өчигдөр боллоо.

... Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг...
... Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан гэр байна хө
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа...
Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөд дуулагдах гайхалтай дуунуудаас гадна Монголыг дэлхийд тамгалсан эрийн гурван наадмын тухай цуврал кино, гайхалтай шүлэг, найраглал үеийн үед оюун санааны түүчээ болсоор байгаа билээ.

Их найрагчийн олон бүтээл нь ОХУ, Югослав, Герман, Польш, Чех, Итали, Хятад, Солонгос хэлээр орчуулагдсан бөгөөд 2000 онд Дэлхийн шилдэг яруу найрагч олон улсын шагнал хүртсэн юм.
Гурван метр өндөртэй хүрэл энэхүү гэрэлт хөшөөг Төрийн шагналт, уран барималч Цэгмидийн Амгалан, Бямбын Ренчин агсны ач хүү уран барималч Б.Дэнзэн нар урлан мөнхжүүллээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн гэрэлт хөшөө, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд их яруу найрагчийн олон сайхан бүтээлийг уншиж танилцах боломж бүрдүүлжээ.
Хуран цугласан үр хүүхэд, ах дүү нар, хамгийн дотнын найз нөхөд нь энэ өдөр “Тэнгэрийн хүү” шүлгийг уншиж, агуу бүтээлч тэнгэрт дэвшсэн ч бүтээл нь мөнх гэдгийг ярилцан, сэтгэл зүрхэндээ Ш.Сүрэнжав агсныг дурсан саналаа.

Тэнгэрийн хүү
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм...