Өнөөдөр Халзанбүрэгтэй ордын асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол Төрийн ордонд явагдана. Үүнтэй холбогдуулан газрын ховор элементийн асуудлаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Халзанбүрэгтэй орд дахь газрын ховор элементийн асуудлаар сонсгол эхлэх гэж байна. Мэргэжлийн хүний хувьд газрын ховор элементийн талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг юм бэ?
-Газрын ховор элемент бол дэлхийн нийтэд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн. Үүнийг олборлох, ашиглах чиглэлд дэлхий дээр Хятад ба бусад улс гэж хуваагддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ нийт зах зээлийн 70-80 хувийг эзэлж байна. Тиймээс Хятадын хараат байдлаас ангижрах уулзалтууд болж байгаа.
Бид газрын ховор элемент гэж юу вэ гэдгийг эхлээд ойлгох ёстой. Газрын ховор элемент бол нийт 17 элементээс бүрддэг. Халзанбүрэгтэйн ордод газрын ховор элемент, цацраг байна гэж ярьж байгаа нь шинжлэх ухааны хувьд ямар ч үндэслэлгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Их хурал төсөв бүрийг авчирч яриад байвал хууль батлах үүрэгтэй юу, төслийг авчирч шүүх үүрэгтэй юу гэдгээ бодох ёстой. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, цаашид төсөл бүрийг авчирч шүүдэг байдлаа зогсоох ёстой гэж үзэж байна.
-Монгол Улс нүүрснээс эдийн засгийн орлогоо голлон бүрдүүлж байна. Тэгвэл газрын ховор элемент нь нүүрснээс юугаараа ялгаатай юм бэ. Монголчууд яагаад газрын ховор элементийг ашиглах ёстой юм бэ?
-Монголчууд нүүрс, зэсээр төсвийн орлогоо бүрдүүлж байна. Хилийн цаана байгаа Хятадын ганцхан ховор элементээс олж буй орлого Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцүү гээд л ойлгочих. Ийм учраас санхүү, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Нөгөө талаасаа, дэлхийн томоохон гүрний удирдагчид Монголд айлчилж байна. Энэ хүмүүс Монголыг сүрхий уламжлалтайд нь ирээд байгаа юм биш. Монголд газрын ховор элемент байгаа учраас ирж байгаа юм. Бидэнд хөзөр байгаа учраас хөзөр тоглох ирж байгаа юм. Тийм учраас газрын ховор элементийг мэргэжлийн бус хүмүүсийн хатгаас, эсэргүүцлээс болж зогсоовол нүд рүүгээ гараа хийж байгаатай адил зүйл болно. Эзэмшигч нь сахалтай байна уу, сахалгүй байна уу гэдгээс үл хамаарч энэ төсөл урагшаа явах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа.
-Энэ төслөө урагшлуулмаар байвч иргэд, олон нийтийн мэдээлэл дутмаг байгаа харагдсан. Хүн, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, цацраг идэвхт газрын ховор элемент байхгүй. Гэхдээ олборлолт хийхэд аливаа уурхай байгаль орчинд хамгийн бага нөлөөтэйгөөр үйл ажиллагаа явуулах ёстой. Зэс, нүүрс олборлож байгаа шиг газрын хэвлийд сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй. Зарчмын ямар ч ялгаагүй зүйл дээр нүүрс, зэсийг эсэргүүцэхгүй хэрнээ газрын ховор элементийг эсэргүүцэж байгаа нь шинжлэх ухаангүй зүйл.
Иргэд, олон нийтийг гэгээрүүлж, зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Ер нь дунд сургуульд химийн үелэх системийн элементүүд, түүний ач холбогдлыг ойлгуулах чиглэлд дунд сургуулийн багш нар ажиллах шаардлагатай байна. Дунд сургуульдаа хими, физикт муу байсан хүмүүс үндэстнийг тэтгэх төслүүдийг эсэргүүцэж, сохроор итгэдэг байж болохгүй. Харин мэдсээр байж эсэргүүцэж байгаа хүмүүстэй төр хариуцлага тооцох хэрэгтэй.
-Та сая “Дунд сургуулиас нь мэдлэг олгох хэрэгтэй” гэлээ. Тэгвэл дунд сургуулийн сурагчдад мэдлэг олгох байдал нь орчин үетэйгээ хэр хөл нийлүүлж байна вэ?
-Ер нь хими, физик судалдаг, түүнийг ойлгодог хүмүүс цөөн учраас нийтээрээ эсэргүүцээд байна. Хоёрдугаарт, хэтэрхий мухар сүсгээр ханддаг. Бид уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай гэдгээ ойлгох хэрэгтэй. Нүүрс, зэс гаргаж байж л багш нарын, тэтгэврийн өвгөдийн, цагдаагийн цалинг тавьж байна шүү дээ. Энэ том төслүүдийг эсэргүүцэж байгаа нь дээрх хүмүүсийн цалинг өгч болохгүй гэж эсэргүүцэж байгаатай адил. Уул уурхайгаас хараат эдийн засгаа төрөлжүүлэхийг эсэргүүцэж байгаа бол тэр хүмүүст л учир байна гэсэн үг.
-Уран, газрын ховор элемент зэрэг том төслүүд явах гэхээр улстөржилттэй тулгардаг. Улстөржилтөөс хэрхэн ангид байх юм бэ?
-Нэгдүгээрт, улсаа бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, улсаа бодох хэрэгтэй. Гуравдугаарт, мөн л улсаа бодох хэрэгтэй. Дараа нь тэр намаа бодож, хувийн асуудлаа бодох хэрэгтэй. Би элэгний хорт хавдар болж, үхээд босоод ирсэн хүн. Хувийн ашиг сонирхол ердөө ч байхгүй. Намайг эсэргүүцлээ гээд айгаад байх ч зүйл алга. Тиймээс би үнэний талд, шинжлэх ухааны болон Монголын эрх ашгийн талд зогсож байгаа учраас ямар ч дайралтын өмнө би нэр төртэй зогсоно. Зөвийн талд айдасгүй зогсож чаддаг залуучууд олноор бий болох хэрэгтэй байна.
-Олон улсын жишиг дээр газрын ховор элементийг тайлбарлавал?
-Жишээлбэл, хамгийн том уурхай Хятадад байна. Баян-Овоогийн орд зүгээр л ажиллаж байна. Газрын ховор элементийг эсэргүүцэж байгаа улс Монголоос өөр алга. Бид энэ чигээрээ явсаар байвал модоо барьсаар л байх болно. Байнга төсвийн хэрүүлтэй л байна.
-Хятадын жишээн дээрээ авч үзвэл, хүн амьтанд хор нөлөө үзүүлсэн зүйл байдаг уу?
-Тийм жишээ байхгүй. Тэр байтугай, Хятадын Баян-Овоогийн газрын ховор элементийн төсөл Монголын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн хамтраад газрын ховор элементээр баяжуулсан тэжээл хийсэн. Энэ нь ч амжилттай туршигдсан. Тэгэхээр малын тэжээл хүртэл газрын элементийг хэрэглэж болдог байх нь ээ.
-Газрын ховор элементийг Монгол Улс хэрэглэж эхэлснээр эдийн засагт ямар үр нөлөө авчрах бол. Магадгүй 5-10 жилийн дараа Монгол Улс ямар байх бол?
-Хятадын хил дээрх Баян-Овоогийн уурхайн жилд олж байгаа орлого нь Монгол Улсын жилд олж буй орлоготой адил хэмжээнд байна. Ийм их санхүүгийн ач холбогдолтой гэж бодох хэрэгтэй.
-Бид нүүрсээ экспортолж байтал нүүрсний унаад төсвийн орлого нь тасарч байна. Тэгвэл газрын ховор элемент дээр ийм асуудал үүсэх үү?
-Тийм асуудал үүсэхгүй дээ. Гар утас, компьютер гээд бүх тоног төхөөрөмжийг газрын ховор элементээр хийж байгаа учраас ийм асуудал үүсэхгүй гэж ойлгож болно.