Өглөө ажилдаа яараад шүхрээ дэлгэн гудамжинд алхлаа. Шүхэр дээр бороон дусал тасралтгүй тог тог хийж, алхам бүрийг минь дагахад нэг л намуухан ая эгшиглэж байв. Хотын гудамж энэ өглөө өөрийнхөөрөө өөрчлөгджээ.
Замын хажууд урт дараалалд такси хүлээж зогсох хүмүүсийн царайд тэвчээр барагдаж, бухимдсан харц анзаарагдана. Жолооч нар ч түгжирч, сүүлдээ бүдүүн дуугаар дуут дохиогоо дарж, сэтгэлээ илэрхийлэх шиг. Энэ бүхний дундуур нэгэн хөгшин эмээ жижигхэн шүхрийнхээ доор намуухан инээмсэглэн алхаж өнгөрөхөд, яг л бороог зугаа болгож байгаа мэт харагдсан нь надад ихэд дулаан мэдрэмж төрүүллээ.
Нэг буланд оюутнууд бололтой залуус инээлдэн алхаж, шалбааг туучихдаа ус цалгиулан хөгжилдөж байхад, яг хажууханд нь хүмүүсийн нэгэн хэсэг бухимдаж, шүхрээ хүчтэй сэгсрэн, усанд норсон гутлаа харан дургүйцнэ. Өөр өөрийн мэдрэмжээр бороотой өглөөг угтаж байгаа хүмүүсийн тэр дүр зураг хотын амьдрал ямар олон өнгөтэйг илтгэх шиг.
Би шүхрийнхээ доороос энэ бүхнийг ажиглахдаа бодлоо. “Бороо өөрөө саад биш, харин бидний сэтгэлийн өнгийг илчилдэг толь юм байна. Нэг нь бухимдаж, нөгөө нь хөгжилдөн, хажууд нь инээмсэглэсэн эмээ намуухан алхах нь энэ бүгд бороотой өглөөг илүү дурсамжтай болгожээ. Бухимдаж зогсохын оронд өөр нэгэн өнгө төрхийг олж хараад тайвшралыг мэдэрч хотын амьдралыг түр анзаарч, хором ч болов амсхийх шалтаг болгон эерэг сэтгэгдэлтэй үлдэх өөрийгөө ядраахгүй байх арга билээ.
М.Ариунжаргал