Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Эрх баригч намынхаа дарга, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийн хамгийн том амжилт нь байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
20 минут 13 секунд

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцсаныг хүргэж байна.

-Сүүлийн 2 долоо хоногийн улс төр бүхэлдээ хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудлаар амьсгаллаа. Энэ зуур Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөг тарамдаж явсаар чуулганаар баталчих шиг боллоо. Үүсээд байгаа нөхцөл байдал удах тусам Хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагад гарах хортой үр дагаврыг та юу гэж тайлбарлах вэ?

-Мэдээж бодлогын томоохон бичиг баримтууд хэрэгжих шатанд нэлээд асуудалтай тулгарна. Тухайлбал, хамтарсан Засгийн газраас гарах тухай асуудлыг МАН-ын Бага хурал шийдчихсэн.

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт манай намын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөөс нэлээд нь орсон. Тиймээс дээрх шийдвэртэй холбоотойгоор энэ хөтөлбөрүүд хэрэгжихгүй байх, нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуй хохирох нөхцөл рүү орж магадгүй учраас энэ талаас нь харвал маш хохиролтой зүйл.

Гэхдээ бид том сөрөг хүчний хувьд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ЗГ-ыг шахаж, шаардаж ажиллах болно. Хэрэв манай намын сайд нар засаг дотроо байсан бол намын мөрийн хөтөлбөрийн ажлууд илүү амархан хэрэгжих боломжтой байсан. Гэхдээ нөхцөл байдал нэгэнт өөрчлөгдөж байгаа бол парламентын зөвшилцлийн хүрээнд асуудлуудаа тодорхой хэмжээнд шийдээд явж болно.

-Танай нам Засгийн газраас гарлаа гэхэд УИХ-д цөөнх болсон ИЗНН, Үндэсний эвслээс кабинетаа нөхөж бүрдүүлнэ гэж харж буй. Тэд засагт хамтарлаа гэхэд танай намын мөрийн хөтөлбөрийн ажлуудыг үргэлжлүүлж хийх үү, ямар ч улс төрийн намын гол амбиц нь засгийн эрхийг авах, хамтарсан бол өөрийн мөрийн хөтөлбөрөө тусгуулахыг зорино шүү дээ?

-Бидний хувьд тухайлсан ажлуудыг ямар сайд нь хариуцаад явж байна түүнд шахалт үзүүлэх замаар өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн биелүүлэх талаас ажиллана. Мэдээж УИХ-д тодорхой тооны судалтай намууд засагт эвсэж ороход маш том хариуцлага тэдэнд ирнэ.

Өөрөөр хэлбэл УИХ-аар өөрсдийнхөө бодлогод нийцсэн зарим нэг шинэ хөтөлбөрүүд шинэ Ерөнхий сайдын бодлого, төлөвлөгөөтэй зангидагдаж орж ирнэ. Тэр үед кабинетын гишүүд нь нэг цул болж, нэг бодлого, зорилтын төлөө нэгдэж чаддаг байх ёстой болно. Гэхдээ энэ бол Монголчуудын хувьд тун хэцүү зүйл.

-Хамтарсан Засгийн газраас танай намын сайд нар гарч байгаа дүр зургийг харахаар танай нам хөөгдөж, урилга өгсөн МАН жудаггүй зангаа гаргалаа гэж ойлгохоор байна шүү дээ?

-Би шинэ парламент байгуулагдсаны дараа хамтарсан Засгийн газар байгуулагдахаар яригдаж эхэлсэн цагаас нь дэмжээгүй. Ард түмний сонголтын дагуу эрх баригч нь ажлаа хийгээд, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг хяналтаа тавиад ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж, хэвлэлийн хурал хүртэл хийж байсан. Тухайн үед хэвлэлийн хурлыг хамт хийе гэхэд манай намын гишүүд байгаагүй.

-УИХ-д олонх МАН-ын энэ үйлдлийг юу гэж дүгнэж байна?

-Энэ бол МАН-ын дотоод зөрчилдөөн. Манай намд ч ийм асуудал зөндөө л гарч байсан. Шуудайд хийсэн олон үхрийн эврийг эвцэлдүүлэхэд хэцүү байдаг шиг олон хүний санаа бодлыг нэг талд харуулна гэдэг хэцүү. Гэхдээ МАН сахилга баттай намын хувьд гарам дээрээ засгийн газраа огцруулж байгаа нь дотоод асуудлыг нь л харуулж байна. Намынх нь Бага хурлаар манай намыг л гаргах тухай зүйл яригдсан юм билээ. Одоо бид Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үү, эсвэл огцруулах уу гэдэг асуудал орж ирэхийг хүлээж байна.

-Ардчилсан нам өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлтэй хэрнээ МАН-ын далласан газар гарч ирээд, далайхад нь далд орчихдог байж болохгүй байх. МАН-д ажилд орсон, хатавчинд нь суусан гэх зэргээр шүүмжлүүлчхээд өнөөдөр эрх баригч намын дотоод асуудал гээд хүлээн зөвшөөрөх нь хэр зохистой вэ?

-Нуулгүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд маш олон зүйл дээр МАН-тай хавсаадаж улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг олон улстөрч байсан.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа М.Энхболдтой нийлж, Х.Баттулга У.Хүрэлсүхтэй нийлж байсан бол өнөөдөр намын удирдлагууд Л.Оюун-Эрдэнэтэй нийлж байна.

Бид МАН-ын хавсарга маягаар хэзээ хүртэл явах юм бэ. Бид намын чин үнэнч гишүүдийнхээ итгэлээр өөрсдийнхөө улс төрийг хийж, том хүчин, эрх баригч болж болохгүй юм уу гэдэг асуудал манай намын зовлон болж ирсэн. Тиймээс одоо нэгэнт Засгийн газраас гарч байгаа бол шийдвэртээ манай гишүүд бат зогсох ёстой.

Ардчилсан нам эвлэлдэж, нэг цул болж хүчтэй сөрөг хүчнийхээ ажлыг хийж эрх баригч нарт ташуур болж ажиллах ёстой. Ардын намаар асуудлаа заалгахгүй байсныхаа үр дүнд бид 2028 оны сонгуульд амжилт гаргана.

-Бидний тамгыг МАН хэзээ өгөх бол гэсэн хүлээцтэйгээр бид өнгөрсөн цаг хугацааг алдсан-

-Та УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон гишүүн. Нам дотроо харьцангуй тогтвортой, манлайлалтай хүн гэж яригддаг. Өнгөрсөн парламентад танай нам 14 гишүүний бүлэгтэй байсан. Энэ удаад 42 болж олуулаа болсон. Ялгаа юун дээр харагддаг юм байна?

-Цөөхүүлээ байхаар илүү амь нэгтэй байдаг юм билээ. 2016-2020 оны парламентад увайгүй гурван нөхөр байсан л даа. Тэд өнөөдрийн МАН-ын хүчирхэгжүүлэх бүх зүйлийг хийсэн. 2020-2024 оны парламентад сонгогдсон манай намын гишүүд маш сайн ажилласан. Сөрөг хүчний үүргээ ч сайн биелүүлсэн.

Дээр нь илүү нэр хүндтэй намын удирдлага гарч ирсэн учраас УИХ-д 42 суудалтай болсон гэж боддог. Гэхдээ үүнээс ч олуулаа болох боломж байсан. Тэр хүртлээ бид өнгөрсөн хугацаанд сайн улс төр хийж чадаагүй. Хэтэрхий их МАН-ыг аялдан дагалдсан.

Бидний тамгыг МАН хэзээ өгөх бол гэдэг хүлээцтэйгээр он цагийг алдсан. Үр дагавар нь 2024 оны сонгуульд нөлөөлсөн гэж үздэг.

-Одоо ч энэ түүх давтагдахгүй байх магадлал бий юу? Хамтарсан засагт орсон ч хадгаа буцаалгасан танай намын даргыг огцруулах асуудал дотроо нэлээд яригдаж байгаа юм билээ? дараагийн даргаа сонголоо гэхэд Дээд шүүх хүлээж авахаас эхлээд нам дотроо талцаж, тамганы хэрүүл дахиад гарах вий?

-Манай нам сөрөг хүчний үүргээ хэр зэрэг биелүүлэхээс шалтгаална. Өнгөрсөн хугацааных шиг МАН-ын сонирхол АН-ын цөөхөн гишүүнтэй бүлэг дотор орж ирээд тас хувааж, бидний улс төрийг сайн хийлгэж чаддаггүй байсан үзэгдэл Ардчилсан намыг хүчгүй харагдуулдаг байсан. Энэ байдал нийгэм рүү гарахаараа дотроо л болдоггүй юм байна гэж харагддаг байсан. Шуудхан хэлэхэд МАН-ын урт гар манай намд орж ирсэнтэй холбоотой.

Харин өнөөдрийн парламентад байгаа 42 гишүүний маань олонх нь шинэ гишүүд. Тэдэнд ужгирсан хоорондын зөрчил байхгүй учраас эв нэгдлээ илүү хангаж, хугацаа алдалгүй сөрөг хүчний байр сууриндаа байж чадвал ард иргэдийнхээ итгэлийг авч чадна. Ингэж ажиллаж чадвал МАН бидний даргыг, тамга тэмдгийг өгдөг цаг ард хоцорно.

-МАН-ын урт гар одоо ч танай нам дотор байгаа юу?

-Байж л байгаа шүү дээ.

-Жишээ нь хэн ?

-Мэдээж болж байгаа улс төрийн үйл явдлыг бүгд харж байгаа байх. Заавал хүний нэр хэлмээргүй байна. Ямартай ч энэ Засгийн газраас АН гарсан тохиолдолд маш хүчтэй, хатуу бүлэг болж хувирна.

-Л.Оюун-Эрдэнэ хувийн асуудлаа хамтарсан Засгийн газрын зовлон болгосон-

-Хамтарсан засаг, Ерөнхий сайдын огцрох эсэх дээр тулсан нөхцөл байдлын цаана Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын институт хоорондын зөрчилдөөн илэрч буй гэж олон хүн тайлбарлаж байна. Ялангуяа танай намын Х.Тэмүүжин гишүүнээс эхлээд гүйцэтгэл засаглалын эрх хэмжээ үлэмж томорч ирснийг ярьдаг. Та юу гэж хэлэх вэ?

-Парламентад нэг нам нь олонх болсон хэр нь Ерөнхийлөгч нь нөгөө намаас сонгогдсон тохиолдолд улс төрийн зөрчил гарч л байсан. Гэтэл дотроосоо буюу парламентад олонх, Ерөнхийлөгч нь тухайн намаас сонгогдсон тохиолдолд бас л зөрчил үүсдэг. Тэгэхээр үеийн үед байж ирсэн энэ эрх ашгийн зөрчилдөөнийг бид анзаарах л ёстой. Засаглалын тэнцвэрийг хэрхэн хангах уу гэдгийг бид парламент дээрээ анхаарч, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг эргэж харж өөрчлөх л хэрэгтэй.

Манай Х.Тэмүүжин гишүүн засаглалын тогтолцоог маш их анхаарч эрүүл зарчим барьж ярьдаг. Парламентын засаглалтай мөртөө саяын ҮХӨ-өөр Засгийн газарт маш том эрх мэдлийг нээж өгсөн. Товчхондоо Ерөнхий сайдад том эрх мэдлүүд бий. Сүүлдээ парламентын гишүүдийг барих замаар парламентаа дарангуйлах юм руу орж ирж байгаа юм.

Нөгөө талд маш том эрх мэдэлтэй Ерөнхийлөгч байгаа. Ерөнхийлөгчийн институт, Засгийн газрын институт хоёрын хоорондын зөрчил маш өндөр учраас энэ зөрчлийг арилгахад ҮХӨ-өөр задалж, томилгооны эрхүүдийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байгаа.

Ер нь бол МАН-ынхан АН-ын сайд нарыг засагт ороод хэтэрхий их ажил хийж байна гэж айсан. Бизнес хийж байгаа хүмүүсийн дийлэнхийн дүгнэлтээр МАН-ын сайд нар нийгмийн шинжтэй ажлуудаа өөрсдөдөө хуваарилж авчхаад галтай том ажлуудаа АН-ын сайд нар руу өгчихсөн. Тэр хэрээр АН-ын сайд нар зоригтойгоор ажлаа урагшлуулж байна гэдэг яриа гарсан. Энэ нь МАН-д өгч байгаа олон нийтийн дүн учраас тэд хамтралаа болих шийдвэрээ гаргасан. Түүнээс биш Засагт орсон нэг ч сайдад асуудал яригдаагүй.

-ҮХНӨ хийх нь энэ цаг хугацаа мөн үү?

-Одоо бол цаг хугацаа нь биш. МАН ийм гүнзгий хагаралтай болсон байгаа үед ҮХНӨ-ийг хийхэд маш хэцүү. 2019 оны ҮХНӨ-ийг бүрэн дүүрэн хийж чадаагүй нь өнөөдрийн нөхцөл байдлаас харагдана.

-Танай намын дарга тамгаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн. Гэхдээ намын гишүүд олонхоороо энэ асуудлыг шийднэ. Намын даргаа солих асуудалд ямар байр суурьтай байна?

-Одоо үйлчилж байгаа дүрмээр намын дарга УИХ-ын сонгуульд ялагдах юм бол ажлаа өгөх зохицуулалттай. Гэтэл С.Эрдэнэ даргын хийсэн өөрчлөлтөөр хэрэв парламентад суудал ахиулж чадвал ажлаа хийнэ гэсэн дүрмийг өөртөө зориулаад хийчихсэн байсан.

Тэгэхээр энэ дүрмийг Улс төрийн намын дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор хэлэлцүүлж байна. Өнгөрсөн хугацаанд олон дарга нар ҮБХ-оороо буюу дарга тойрсон хэдхэн хүмүүсээр асуудлаа шийддэг болсон. Харин сайн нь Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж дүрмээ маш сайн болгож авах шаардлага гарч байгаа. Дүрмийн шинэчлэлийг манай намын жирийн гишүүд, маш сайн дэмжиж байгаа.

-Тэгэхээр одоо байгаа дүрмээрээ намын даргаа солих боломжгүй юм байна гэж ойлголоо. Шинэчилсэн дүрэм батлагдсан тохиолдолд ямар нөхцөл үүсэх вэ?

-Бид таван сардаа багтаагаад намын дүрмийн шинэчлэлийн төслөө орон даяар явж хэлэлцүүлсэн. Одоо үүнийг ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлж, намын Их хурлаар оруулж батлах ёстой. Дараа нь Дээд шүүхэд бүртгүүлсний үр дүнд АН-ын шинэ дүрэм амилна. Намын даргаас эхлээд үүр, сонгууль албан тушаалтныг бүгдийг шинээр зохион байгуулахаар байгаа. Бид үндсэндээ дарга руу гүйдэг биш, жирийн гишүүд дээрээ очдог болох өөрчлөлтийг дүрмээрээ хийж өгч байгаа.

Мөн намын Их хурлаас намын даргыг сонгодог болж өөрчлөгдөж байгаа. Ингэснээр Монголын өнцөг булан бүрээс ирсэн дэд төлөөлөгчдөөс бүрдсэн Их хурлаасаа намын даргаа сонгоно.

Намын гишүүддээ илүү хүлээн зөвшөөрөгдсөн, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах чадвар бүхий намын даргатай болно.

-Танай намын дараагийн даргын асуудал аль хэдийн яригдаад эхэлчихсэн явна лээ. Байж болох хувилбарт таны нэр ч яригдаж байсан. Танд намаа удирдъя гэсэн амбиц бий юу?

-Би одоохондоо энэ талаар бодож үзээгүй л явна.

-Танай намын бүлэг хамтарсан Засгийн газрыг багагүй эсэргүүцэж байсан. УИХ руу оруулсан зарим хуулиудад бүлгийн завсарлага авах, шүүмжлэх, эсрэг санал өгөх зэргээр багагүй л үйлдэл хийсэн. Хамтарсан засгийн бодлогын бүлэг дээрээ унагаадаг үзэгдэл өөрийн сайд нараа өнөөдрийн нөхцөл рүү түлхэх нэг шалтгаан болсон нь МАН-ын Бага хурлын тогтоолоос уншигддаг?

-Тийм олон хуулиудыг эсэргүүцээгүй. Мэдээж ганц хоёр хуулиудыг дэмжээгүй нь үнэн. АН-ын бүлэг өнгөрсөн хугацаанд ЗГ-аас оруулж ирсэн бүх том мега төслүүд болон улс орны хөгжлийг урагшлуулахтай холбоотой асуудлуудыг дэмжиж ирсэн. Харин зарим хүмүүсийн эрх ашгаа шургуулах зорилгоор засгаас оруулж ирсэн хуулиудыг эсэргүүцсэн. Энэ бол эх орныхоо эрх ашгийн төлөө байсан.

-Миний хувьд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талд кнопоо дарна-

-Ерөнхий сайд итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслөө УИХ-д хүргүүлчихсэн. Өнөөдөр түүнийг нь хэлэлцэх гэж байна. Та болон танай намын гишүүд яаж хүлээж авч саналаа өгөх эсэх нь сонин байна?

-Ерөнхий сайдын оруулж ирж байгаа итгэл хүлээлгэх асуудал өөрөө хуулийн зөрчилтэй. Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар итгэл хүлээлгэх асуудал нь төсөв болоод бодлогын асуудлаар гэж байгаа. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн гаргасан тогтоолын төсөл төсвийн асуудлаар биш. Төсөв тодотгох тухай ч агуулга байгаагүй.

Хоёрдугаарт, бодлогын асуудал талаас түүнд гурван юмыг хөндсөн байна лээ. Өөрөөр хэлбэл 14 мега төсөл, эрчим хүчний реформын асуудал, бүсчилсэн хөгжлийн тухай байсан. Гэтэл яг энэ гурван асуудлын хүрээнд ЗГ-аас оруулж ирсэн хөтөлбөр, хуулийн төслүүдийг бид анхнаасаа парламентаар батлаад л явуулсан шүү дээ. Нөгөө талаас орлого нотлох тухай асуудал нь бодлогынх биш. Л.Оюун-Эрдэнийн хувийн асуудал. Тиймээс үндсэн шалтгаан нь орлого нотлох тухай байсаар атал хуульд нийцүүлэх нэрээр бодлогын гурван асуудал маягаар хөндөж оруулж ирж байгаа нь буруу. Энэ нь цаашлаад Үндсэн хуулийн зөрчил рүү ч хөтөлж магадгүй.

Тиймээс тогтоолын төслийн агуулга, утга санаа, хуульд нийцэж буй эсэх асуудалд УИХТГ маш хариуцлагатайгаар судалж хэлэлцүүлэх ёстой л гэж хэлмээр байна.

Миний хувьд бол өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үүргийн хангалттай л биелүүлсэн гэж боддог. М.Энхболдыг огцроход нь, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болж, огцроход нь, У.Хүрэлсүхийг мөн болж, огцроход нь, одоо Л.Оюун-Эрдэнийг хоёр удаа ерөнхий сайд болоход нь эсэргүүцэж байсан.

Тэр байтугай МУ-ын Ерөнхийлөгчийг батламжлах асуудал УИХ-аар орж ирэхэд нь ганцаархнаа эсрэг кноп дарж байсан. Ганцаараа эсрэг өгөхөөр нуруу руу хүйт даагаад жаахан хэцүү л юм билээ. Тиймээс миний хувьд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талд кнопоо дарна.

Парламентад суудалтай том сөрөг хүчний хувьд, эрх баригч намынхаа дарга, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол улс төрийн тэмцлийн хамгийн том амжилт. Үүний төлөө Ардчилсан намын гишүүд ажиллах ёстой гэж хэлэх байна. Улс төрийн тэмцлийг хуйвалдаж хийх нь маш буруу.

-Залуус үзэл бодлоороо нэгдэж “Огцрох амархан” жагсаалыг 3 долоо хоногийн турш хийж байна. Залуучуудын шаардлагыг юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхий сайдыг орлогоо нотол л гэж байгаа юм билээ. Нотолж чадахгүй бол огцрох нь зүйн хэрэг. Нотолж чадвал жагсаал тарах шиг амархан зүйл байхгүй.

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна. Засгаас гарч дангаараа сөрөг хүчний ажлаа хийснээр 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулиар эрх баригч нам болж чадна гэсэн итгэл байгаа юм байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалыг хэрхэн харж байна?

-Одоогоор энэ сэдвээр ярих арай эрт байна. Мэдээж улс төрийн том сөрөг хүчний хувьд бодлого, нүүдэл байлгүй л яах вэ.

Ярилцсанд баярлалаа

Маргааш буюу “Хүүхдийн баяр“-аар Төв талбайд ямар арга хэмжээ болох вэ
Маргааш буюу “Хүүхдийн баяр“-аар Төв талбайд ямар арга хэмжээ болох вэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.