Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийн санаачилгаар “Шунхлай“ групп ивээн тэтгэж 21 аймгийн эмнэлгүүдэд ясны мэс заслын багаж хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 44 секунд

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ГССҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийн санаачилсан “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төслийг Шунхлай групп “БИ МОНГОЛ ЭМЧ” ТТБ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд нийт 20 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд “OgS Orthopedics” брэндийн яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах юм. Тус хандивын төсөл нь хэрэгжсэнээр орон нутагт жилд 8’000-10’000 мэс засал хийгдэх боломж бүрдэж, эмчилгээний үр дүн 20-30 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн орон нутгийн эмнэлгийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэй иргэдэд тулгардаг зардал, чирэгдэл, шилжилт хөдөлгөөн багасах, эмнэлгүүдийн тогтвортой байдал нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

“OgS Orthopedics” яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нь С.Отгонгэрэл эмчийн удирдлага дор Монголын орчин, нөхцөлд зориулагдан бүтээгдэж, патентлагдсан ба ISO 13485 чанарын шаардлагыг хангаж, FDA-ээр баталгаажсан юм. Тус төхөөрөмж ямар ч эмнэлгийн орчин, нөхцөлд хялбар, хурдан шуурхай ашиглах боломжтойгоос гадна өвчтөнд бага зовуурь өгөх инженерийн шийдлээр бүтээгдсэн.

Одоогоор уг төхөөрөмжийг Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь аймгийн эмнэлгүүдэд ашиглагдсан ба мэс заслын хугацааг 20-30 хувиар бууруулж буй нь ажиглагдаж байна.

С.Отгонгэрэл эмч эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа тулгуур эрхтний гэмтэл, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд шинэ аргачлал, тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

С.Отгонгэрэл эмч “Манай орны алслагдсан бүс, орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, хүн хүчний нөөц хомс байдаг. Хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай эмчилгээ үзүүлэхийн тулд бид нэгдэж, дэмжиж ажиллах ёстой. Энэхүү төхөөрөмж маань зөвхөн нэг удаагийн хэрэглээ бус, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” бол зөвхөн нэг удаагийн хандив биш. Энэ бол эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй болгох, орон нутгийн эрүүл мэндийн салбарыг жигд хөгжүүлэх үндэсний хэмжээний бодит шийдэл" гэдгийг онцлов.

“Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төсөл нь энэ оны тав дугаар сарын 15-аас 30-ний хооронд үргэлжлэх бөгөөд тав дугаар сарын 20-оос эхлэн мэс заслын тоног төхөөрөмжөө аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлж эхлэх юм. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Шунхлай групп нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлага, сайн сайхны хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хандивын төсөл нь ч мөн адил нийгэмд эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, үндэсний инновацыг дэмжих шинэ жишиг болно гэдэгт хамтрагч байгууллагууд итгэлтэй байгаа аж.

“Төв талбайн ТОМ ЦАГААН АСРЫГ Улаанбаатар марафоны дараа  БУУЛГАЖ, хоёр байршилд 3-4 сар түрээслүүлэхээр ярьж байна“
“Төв талбайн ТОМ ЦАГААН АСРЫГ Улаанбаатар марафоны дараа БУУЛГАЖ, хоёр байршилд 3-4 сар түрээслүүлэхээр ярьж байна“
 
Төмснөөс бусад ногооны үнэ нэмэгдэж Монгол лууван, сонгины үнэ 5000 төгрөгт шүргэв
Төмснөөс бусад ногооны үнэ нэмэгдэж Монгол лууван, сонгины үнэ 5000 төгрөгт шүргэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!