Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж, өнөөдөр /2025.04.07/ ялагчдаа тодрууллаа.
Буриад, Казак, Дархад, Цаатан гээд эх орны өнцөг булан бүрт амьдарч байгаа ястан үндэстнүүдийн өв соёл, тэдний ахуй, өдөр тутмын амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ.
Тус уралдааны мэргэжлийн төрөлд тэргүүн байранд шалгарсан гэрэл зурагчин Ц.Батбаярын “Амин үр” бүтээл нь модон өлгийтэй жаахан охины зураг байх бөгөөд үүгээр цаатан түмний өв соёл, жилээс жилд бүдэгрэн замхарч байгаа нүүдлийн соёлыг харуулжээ.
Харин мэргэжлийн төрөлд 2-р байрт шалгарсан, гэрэл зурагчин Э.Мөнхчулууны “Хөдөлмөрийн үр шим” бүтээл нь төрийн одон медалиар шагнагдаад гарч ирж буй агшныг мөнхөлжээ. Гуравдугаар байрт гэрэл зурагчин Д.Занданбатын “Цэцэрлэг тарлаа” хэмээх бүтээл шалгарсан бөгөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын дархад түмний ахуйг тусгажээ. Энэхүү бүтээлд хүүхдээ чаргаар цэцэрлэгт нь хүргэж өгч яваа аав байх бөгөөд өвөлдөө -50 хэм хүрдэг энэ суманд цэцэрлэгийн жаалууд бүгд модон чаргаар цэцэрлэгтээ явдаг аж.
Харин мэргэжлийн төрлийн тусгай байрт, гэрэл зурагчин Б.Бямба-Очирын “Аавын ялалт” хэмээх бүтээл шалгарсан бөгөөд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын тулааны дараах хүүхдүүдтэйгээ уулзаж буй агшинг буулгасан байна.
Тус уралдааны сонирхогчдын төрөлд гэрэл зурагчин Ц.Батбаярын “Зочилсон нь” хэмээх бүтээл тэргүүн байранд шалгарсан бол, хоёрдугаар байрт гэрэл зурагчин Ж.Найрамдалмаагийн “Аав ээжийн 9 эрдэнэ” хэмээх бүтээл шалгарсан байна. Энэхүү бүтээл нь зурагчин бүсгүйн өөрийнх нь 9 хүүхдийн аз жаргалтай мөчийг буулгажээ. Гуравдугаар байранд шалгарсан “Хилчний гэргий” хэмээх бүтээл бол гэрэл зурагчин Б.Будхүүгийн бүтээл юм. Эх орны энхийн манаанд хамтран зүтгэж байгаа эхнэр, нөхөр хилчдийн жаргалтай агшинг тэр гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ.
Гэр бүлийн халуун дулаан харилцаа, өнөөгийн байдал, хүмүүсийн амьдрал, хувь заяа, аз жаргал, баяр гуниг, аж байдал гэх мэт амьдралын хором бүрийг бүх өнцгөөр харуулсан “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл иржээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 30 бүтээлийг шалгаруулж Монголын Театрын музейд үзэсгэлэн гаргасан байна.
Манай Улс анх удаа гэр бүлийн яамтай болсон бөгөөд Засгийн газраас гэр бүлд суурилсан цогц бодлого явуулахаар төлөвлөж байгаа тухай Гэр бүл нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр онцоллоо.
Дашрамд дурдахад уралдааны сонирхогчдын төрлийн тэргүүн байранд шалгарсан Ц.Батбаяр нь Говь-Алтай аймгаас, мэргэжлийн төрлийн хоёрдугаар байрт шалгарсан Э.Мөнхчулуун нь Дундговь аймгаас оролцжээ.
“Монгол гэр бүл” гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн хугацаанд олон нийтийн хүртээл болох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!