Цагдаагийн албан хаагчид хүний эрхийн мэдрэмжгүй ажилладаг гэх олон нийтийн шүүмжлэл бий. Энэ нь ч үнэний ортой. Ялангуяа насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах ажиллагаа манайд "тэг" заажээ. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн хохирогч 11 настай хүүхдээс мэдүүлэг авах үеэр эрэгтэй цагдаа "Ямар хэргийн улмаас хэрхэн хохирсон талаар үнэн зөвөөр тодорхой ярина уу. Хэдэн удаа, хаана, хэдий хугацаанд, хүчиндэж байсан бэ" гэж асуусан байх юм.
Өөр нэг хохирогч 13 настай хүүхдээс "Чамайг хүчирхийлж байхад чиний бэлэг эрхтэн хэр их өвдсөн бэ, өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу" гэж асуусан талаар Хүний эрхийн Үндэсний комиссын /ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд дурджээ.
Уг нь олон улсад "Эрэгтэй цагдаагийн ажилтан ганцаараа хохирогч хүүхэдтэй ярилцлага хийх, мэдүүлэг авах ёсгүй. Энэ ажлыг эмэгтэй цагдаа гүйцэтгэх ёстой" гэж үздэг аж. Учир нь ихэнх тохиолдолд бэлгийн хүчирхийлэл үйлдэгч нь эрчүүд байдаг учраас тухайн хүүхэд эрэгтэй хүнээс айх, тэдэнд итгэх итгэлгүй болсон байдаг. Тиймээс мэдүүлгийн явцад эмэгтэй цагдааг чухалчилж авч үздэг шалтгаан нь энэ.
ХЭҮК-оос гуравдугаар сарын 21-нд авсан мэдээллээр "2023 оны шүүхээр шийдвэрлэгдсэн 40 хавтаст хэрэгт мэдүүлэг авсан 112 тохиолдлын 81 буюу 72.3 хувьд нь эрэгтэй, 31 буюу 27.7 хувь нь эмэгтэй цагдаа байсан" гэв.
Цагдаа ямар ч хэрэггүй сүр хүчийг хохирогч хүүхдэд харуулж, мэдүүлэг авахдаа хууль сануулж, гарын үсэг зуруулсан байна
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Хохирогч хүүхэдтэй хүнлэг харьцах зарчим алдагдсан байна. Ийм байдлаар асуулт асууж болохгүй. Насанд хүрсэн хүнээс асуух асуултыг хүүхдүүдээс асууж байна. Энэ нь хэргийн шийдвэрлэлт болоод хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлнө. Магадгүй ийм асуулт асуудаг учраас хохирогч хүүхэд мэдүүлгээсээ буцдаг байх магадлалтай.
Түүнчлэн 14-өөс доош насны хохирогч хүүхдүүдээс мэдүүлэг авахдаа "Хохирогч нь худал мэдүүлэг өгсөн бол Зөрчил болон Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ" гэдгийг сануулж гарын үсэг зуруулсан байх юм.
Цагдаа ямар ч хэрэггүй сүр хүчийг хүүхдэд харуулж, энэ нь хүүхдийг айлгах нөхцөлийг бүрдүүлж байна" гэдгийг онцлов.
Хохирогч хүүхдүүдийг 2-3 удаа дуудаж болсон явдлыг дахин яриулж, сэтгэлийн дарамт үүсгэжээ
Уг гэмт хэргийн улмаас сүүлийн 5 жилд 1553 эмэгтэй, 77 эрэгтэй хүүхэд өртөж хохирсон байна. Үүнээс 0-7 нас 110, 8-13 нь 685, 14-17 нас 835 байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл санааны хувьд маш их гүн цочролд орсон байдаг учраас харилцааны нарийн арга техникийг цагдаагаас шаарддаг. Тиймдээ ч олон улсад хохирогч хүүхдийг олон дахин дуудахаас аль болох зайлсхийж, нэг удаа чанартай мэдүүлэх авах гэсэн зарчмыг баримталдаг аж.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “18 буюу насанд хүрээгүй хүнээс авах мэдүүлгийг 2 цагийн хугацаагаар тасралтгүй явуулж болох ба түүнээс илүү хугацаагаар явуулах бол 30 минутын завсарлага авна. Нэг удаагийн мэдүүлэг авах нийт хугацаа 4 цагаас илүүгүй байна” гэж заажээ. Энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг дараах жишээнээс харж болохоор.
ХЭҮК-ын илтгэлд "2023 онд шийдвэрлэгдсэн нийт 40 хэргийн 5 буюу 12.5 хувьд 1 удаа, 19 буюу 47.5 хувьд нь 2 удаа, 10 буюу 25 хувь нь 3 удаа хохирогчоос мэдүүлэг авсан" гэдгийг онцолжээ. Түүнчлэн тасралтгүй 2 цагаас дээш хугацаагаар мэдүүлэг авсан тохиолдол 5 байна.
Манайд хохирогч хүүхдээс мэдүүлэг авах үйл явц нь хүүхдийг залхаан цээрлүүлсэн, эрүү шүүлт тулгасан байхыг үгүйсгэхгүй
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэлийн гүн шарх авдаг учир дахин, дахин яриулах, олон байцаагч солих нь хохирогчийг сэтгэлийн шархыг хөндөж, давхар хүчирхийлэл, сэтгэлийн дарамт болдог. Тухайлбал, 7,13 настай хүүхэд 3 цаг тасралтгүй байцаагчид мэдүүлэг өгсөн байх жишээний. Хүүхдээс мэдүүлэг авахдаа дунджаар 10 хамгийн ихдээ 22 асуулт асууж байна. 22 асуулт бол өндөр тоо. Энэ нь нэгдүгээрт хуулийн зөрчил, хоёрдугаарт хүүхдийн сэтгэлзүйд том дарамт үүсгэдэг. Олон улсын байгууллагаас 14-өөс доош насны хохирогч хүүхэдтэй 45 минутын хугацаанд ярилцах зөвлөмжийг өгдөг.
Манайд хохирогч хүүхдээс мэдүүлэг авах үйл явц нь хүүхдийг залхаан цээрлүүлсэн, эрүү шүүлт тулгасан байхыг үгүйсгэхгүй" гэв.
Хохирогч хүүхэд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй өнөөдрийг хүрчээ
ХЭҮК-оос 2023 онд шүүхээр шийдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хохирогч бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нийт 40 хавтаст хэрэгт дүн шинжилгээ хийхэд хохирогч хүүхэд 21 хэрэгт өмгөөлөгчгүй, 19 хэрэгт өмгөөлөгчтэй оролцсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нийт 21 өмгөөлөгчийн 7 нь шүүхийн шатнаас, 12 нь мөрдөн байцаалтын шатнаас оролцжээ.
Мөрдөгч хохирогч 7 настай хүүхдээс "Мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгөх үү" гэж асуухад хүүхэд "Надад өмгөөлөгч байхгүй" гэж хариулсан байна.
Мөрдөгч хууль ёсны төлөөлөгч буюу ээжээс нь "Охиныхоо мэдүүлэгт өмгөөлөгч байлцуулж өгүүлэх үү" гэж асуухад ээж нь "байлцуулахгүй" гэж хэлээд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгүүлжээ.
Үүнээс харахад хохирогч хүүхэд эцэг эх асрамж хамгаалагчийн дарамтанд орох эрсдэлтэй байна. Гэвч насанд хүрээгүй хохирогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй өнөөдрийг хүрчээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд насанд хүрээгүй хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй гэсэн үг. Уг хуулийн цоорхойны улмаас хэдэн хүүхэд хохирч үлдсэнийг хэн ч мэдэхгүй.
Мэдүүлэг авах 565 өрөөний 49 нь хүүхдийх. Гэвч тус өрөөнүүдийг хүүхдэд зориулж тохижуулаагүй
Олон улсад хохирогч хүүхэдтэй харьцахдаа тусгай өрөө нь нарны гэрэлтүүлэг, агааржуулалт сайтай, төмөр хайрцаг, сав, гав, бороохой нүднээс далд, аль болох цайвар өнгийн тохижилттой өрөөнд уулзахыг эрмэлздэг аж. Ингэснээр хүүхэдтэй ярилцлага хийх болон мэдүүлэг авах үйл явцыг хялбар болгож, амжилттай явуулахад нөлөөлж чаддаг юм байна.
Монгол Улсын хэмжээнд мэдүүлэг авах шаардлага хангасан буюу прокурор зөвшөөрөл олгосон нийт 565 өрөө байгаагаас 49 нь хүүхдээс мэдүүлэг авах өрөө. Гэвч тус өрөөнүүдийг хүүхэд нас, бие, сэтгэхүйд тохируулан тохижуулаагүй гэв.
ХЭҮК-ын дүгнэлт
- Хохирогч хүүхдээс олон дахин мэдүүлэг авдаг, мөрдөгч, прокурор солигддог, ижил хүйсийн мөрдөгч оролцуулдаггүй, хууль сануулдаг, мэдүүлэг авах хуулийн хугацааг хэтрүүлдэг, мэдүүлэгт гарын үсэг зуруулдаг, хэрэг хянан шалгах ажиллагааг урт хугацаанд явуулж байгаа зэрэг нь хохирогч хүүхдийг давхар хохироох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
- Насанд хүрээгүй хохирогч эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй байна.
- Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, тэр дундаа сэтгэл санааны хохиролыг нөхөн төлбөр олгох сангаас олгох талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,
- Хохирогч хүүхдийн бие махбод болон сэтгэц учирсан хохирол, бусад холбогдох зардлуудыг бүхэлд шийдвэрлэж, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлбөр олгох сангаас олгох шаардлагатай байна.
- Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан хохирогч төвтэй нөхөн сэргээх бүтцийг боловсронгуй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээ дутмаг байна.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!