УИХ-ын хаврын ээлжит чуулган нээхтэй зэрэгцэн Ухаа худгийг ЗГ-ын тэмдэглэлээр буюу хууль зөрчиж авсан гэх Энержи ресурс ХХК-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэвлэлд мэдээлэл өгсөн билээ.
Тэрбээр "Би 28 жил эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажилласан хүн л дээ. Өөрөөр хэлбэл залуу насаа олигархуудын хулгайг илчилж баримт цуглуулж нэвтрүүлэг ярилцлагууд хийсээр өнгөрөөсөн юм. Монголын ард түмний баялгийг хулгайлж хувьдаа завшигчдын олонхи нь говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс би Говийн бүсийг сонгож УИХ -д нэр дэвшсэн юм. Говийн ард түмэн надад итгэл өгсөн. Би яагаад УИХ- ын гишүүн болсон бэ гэвэл эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллаж хулгайчдыг илчлээд илчлээд дийлдэггүй юм бол хууль тогтоох дээд байгууллагад нь орж байгаад шударга ёсыг тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулья гэж зүтгэсэн юм. Одоо надад ажиллах л үлдсэн. Засгийн газраас “Энержи ресурс” хэмээх мафижсан аж ахуйн нэгж Ухаа худагийн ордыг луйвраар авсаныг нотлож УИХ-д Тогтоолын төсөл өргөн барьлаа.
Засгийн газрын ажлын хэсгийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл ахаллаа. Тийм ээ, энэ бол үнэн. Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын хувьд үе үеийн эрх мэдэлтнүүдийн нэгэн адил эл компанийн эрх ашигт үйлчилсэн бол магад амар байх байсан биз. Мөнгө эрх мэдлээр цалигаж олон жилийн турш, эрх мэдлийн оргилд санаа амар суух байлаа. Гэвч тэгсэнгүй. Энэ компанийн луйврыг илчилж Монголын ард түмний хулгайлагдсан баялгийг авч өгөхөөр шийдсэн нь талархууштай алхам мөн. Тиймээс Говийн бүсээс сонгогдсон УИХ- ын гишүүний хувьд дэмжиж , УИХ дээр манлайлж ажиллана. “Ухаа худаг” бол миний сонгогдсон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг.
Энэ бол улсын төсвөөр хайгуул хийгдсэн Монголын ард түмний өмч. “Энержи ресурс” бол баялаг бүтээгч биш баялаг хулгайлагч. Тэд цагтаа Засгийн газрыг Централ тауэрт хуралдуулдаг байсан. Дуртай шийдвэрээ хүссэн үедээ гаргадаг. Тэдний хувьд Засгийн газар, УИХ бол зүгээр л нэг цэгийн үйлчилгээ. Тэд шүүх, цагдаа, прокурор АТГ -г ямагт эрхшээлдээ байлгадаг байсан. Ийм л байсан. Харин одоо энэ бүхнийг эцэс болгоё. Залуу насаа зориулсан үйл хэргээ гүйцээж ард түмнийхээ талд шийдвэр гаргахад хүчин зүтгэе. Ёстой шүүрэн шанага болтол шалгая. Төрийн сүлдэнд тангараг өргөсөн УИХ -ын гишүүний хувиар шударга бустай тэмцэж УИХ-аас шударга шийдвэр гаргах үйлст оролцоё. Ингэхийн тулд өөрийнхөө бланк дээр 32 гишүүний гарын үсэг цуглуулж хянан шалгах түр хороо байгуулж болсон үйл луйврыг ард түмэндзээ нээлттэй мэдээлэл өгье.
УИХ-ын гишүүд, АН маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Надад дэмжлэг хэрэгтэй. Тэр дэмжлэг бол ард түмэн. Би сая нөхдийн хамт Хөх Монголын хөх аянаараа 21 аймгаар яваад ирлээ. Ард түмнээ яаж ингэж ядуу дорой амьдруулж чадав аа гэж эмтэрлээ. Иргэд шударга ёсыг, баялгийн тэгш хуваарилалтыг хүсч байна. 28 жилийн турш гүтгүүлж, доромжлуулж, хилсээр ял сонсож, эх орноосоо дүрвэ хэмээн тулгуулж явсан надад одоо ухрах айх юм алга. Тиймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээд үзье. Ард минь асаалттай танк болж түших нь Говийн бүсээс минь эхлээд Монголын нийт ард түмэн байгаасай гэж хүснэ" гэжээ.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!