Сэтгэл догдлуулсан бас санхүүгийн “хүнд дарамтанд” орсон арванхоёрдугаар сар шувтарч шинэ он гарахад цөөн хоног үлджээ. Бүтэн сар үргэлжилсэн албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн шинэ шилтэй залгаад хүмүүс удахгүй гэр бүлээрээ баярлана. Айл айлын амьдрал адилгүй ч монголчууд шинэ оноо элбэг дэлбэг байхыг бэлгэдэж эрвийх дэрвийхээрээ баярын ширээндээ ач холбогдол өгдөг нь бичигдээгүй уламжлал. Харин дараа нь амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, өр, төлбөрүүд нэхэгдэж эхэлнэ. Ингэхэд Монголд дундаж цалинтай өрх шинэ жилийн баяртаа хэдэн төгрөг зарцуулдаг болохыг бэлтгэн хүргэж байна.
ДУНДАЖ ЦАЛИНТАЙ ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ТӨСӨВ ОРЛОГООС НЬ ДАВЖЭЭ
Б.Цолмон-Эрдэнэ 37 настай нөхөр хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд төрийн байгууллагад ажилладаг байна. Тэд бол Монголд цалингаараа амьдарч буй мянга, мянган залуу хосын төлөөлөл. Сарын цалингаараа байр, машины зээлээ төлж, үлдсэнээр нь бүх зардлаа зохицуулж буй эгэл жирийн өрхийн нэг. Харин шинэ жилийн баярт сарын цалин нь хүрдэг болов уу?. Үүнийг тооцож үзье.
Хосуудын нийт орлого 3.9 сая төгрөг. Үүний 3 сая нь цалин бол нэмэлт 900.000 төгрөгийн /байр түрээслүүлдэг/ орлоготой. Харин орлогоосоо 1.5 сая төгрөгийн зээл төлдөг бөгөөд үлдэгдэл 2.4 сая төгрөг нь /тог, цахилгаан, дулаан зэрэг байрны мөнгө, СӨХ, хоол хүнс, шатахуун, гар утас, интернетийн төлбөр, өдрийн хоол зэрэг хэрэглээний төлбөр/ зэрэг урсгал зардалд шингэж байна. Үүн дээр нэмэлт зардал болох шинэ жилийн баярт нийт 3.2 сая төгрөг зарцуулах тооцоолол гарчээ.
Нийт 3.2 сая төгрөг
- Хосууд байгууллагын шинэ жилд нийт 1 сая төгрөг.
- Хүүхдүүд /2/ сургууль, цэцэрлэгийн шинэ жил нийт 200 мянган төгрөг
Хэрэв өрхийн урсгал зардлыг хүний наад захын хэрэглээ болох хамгийн бага дүнгээр 2.400.000 төгрөг дээр нэмэлт зардал болох шинэ жилийн баярт 3.2 сая төгрөг гэж тооцвол нийт 5.6 сая төгрөг /таван сая зургаан зуун мянган төгрөг/ буюу орлогоос -1.7 сая төгрөгөөр илүү давж байна. Тэгэхээр энэ мөнгийг зээлээр аргална гэсэн үг.
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТ 2 САЯ ТӨГРӨГ Ч ХҮРЭХГҮЙ, МӨНГӨ ДУТВАЛ КРЕДИТ КАРТ АШИГЛАНА
Өрхийн зарлага орлогоос давж буй тухай гэрийн эзэгтэй Б.Цолмон-Эрдэнэ “Шинэ жилээр 2 сая төгрөг ч хүрэхээргүй болж байна. Хамгийн багаар л бодоход л манай гэр бүлийн орлогоос 1 сая илүү гарч байгаа юм. Энэ мөнгийг илүү нэмэлт орлоготой тулдаа л аргалж байгаа ч мөнгө хүрэхгүй үед кредит картнаасаа авна. Энэ бол зээл шүү дээ. Кредит картын лимит 10 сая гаруй төгрөг ч одоогоор зөвхөн өдөр тутмын зардалд 5 сая төгрөг зарцуулсан байна. Тэгэхээр манай гэр бүлийн хэрэглээ хүрэхгүй болохоор л авч байгаа гэсэн үг шүү дээ” гэж байлаа. Түүний хувьд нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлөөд сард гар дээрээ 2 сая төгрөг авдаг бол нөхөр нь 1 сая төгрөг авдаг байна.
Харин сая ч хүрэхгүй цалинтай өрх толгойлсон айл шинэ жилийн баярт хэдэн төгрөг зарцуулдаг бол? энэ асуултад хүн бүр л өөр, өөрсдийн санхүүгийн нөхцөл байдал, боломжоос хамаарч харилцан адилгүй хариулт өгөх биз ээ.
БАЯРЫН ШИРЭЭНД 200 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЭХГҮЙ, ЗЭЭЛТЭЙ Ч ЗОХИЦУУЛНА
Энэ эмэгтэйг Э.Энхжаргал 45 настай өрх толгойлсон ээж. Тэр ганц охинтой бөгөөд ахлах ангийн сурагч аж. Түүний хувьд шинэ жилийн баяраар буузаа хийж, нийслэл салат, бялуутай тэмдэглэдэг. Тэрбээр “Баяраар бялуу, салат, тавгийн чихэр, ундаа зэргийг авахад 200 гаруй мянган төгрөг болдог. Одоо энэ мөнгө ч хүрэхгүй дээ. Юмны үнэ өсөөд одоо 300 гаруй мянган төгрөг болох байх гэж барагцаалж байна. Хэдий зээлтэй, мөнгө хүрэхгүй байсан ч энд, тэндээс зохицуулна даа” гэж байлаа. Тэрбээр 800 мянган төгрөгийн цалинтай, үйлчлэгчээр ажилладаг бөгөөд нийгмийн даатгал, татвараа төлөөд дунджаар 650 мянган төгрөг гар дээрээ авдаг. Үүнээс
- Зээл /банк болон аппликэйшн -2 / - 525.000
- урсгал зардал -125 мянган төгрөг /гар дээр үлдэж буй / нь хүрэхгүй, илүү давж буй нөхцөл үүсэж байгаа юм. Тухайлбал,
- хоол хүнс – 150.000 төгрөг
- түлш - 160.000 төгрөг
- унаа -60.000 төгрөг
хүүхдийн хэрэглээ -100.000 төгрөг буюу нийт 470 мянган төгрөг болж байгаа юм. Дээр нь нэмэлт зардал болох байгууллагын шинэ жил 160.000 төгрөг, гэртээ баярын бэлтгэлд дунджаар 200 мянган төгрөг зарцуулдаг гэж тооцвол нийт зардал төгрөг болж байна.
Зөвхөн шинэ жилийн баярт гэхэд л нийт 360 мянган төгрөг болно гэж тооцвол нийт дүнгээр 830.000 төгрөг болж байгаа юм. Энэ гар дээр үлддэг 125 мянган төгрөгөөс тооцвол -705.000 төгрөгийн илүү зардал олох ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, орлогоосоо давсан зарлагатай байна гэсэн үг.
Энэ бүгдийг дэлгүүрт өр тавих болон танилуудаасаа зээлэх бас аппликэйшны зээлээр аргалах байдлаар зохицуулдаг ч урд хормойгоор ард хормойгоо ч нөхөж хүрдэггүй бололтой.
МОНГОЛЧУУД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТ ДУНДЖААР 500.000-1.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ. ХАРИН ТАНЫ ШИРЭЭ...
Монголчуудын шил, шилээ дарсан олон баярын нэг нь шинэ жил. Баярын бэлтгэлд өнгөрсөн жил гэхэд 500 мянган төгрөгөөс 1.5 хүртэлх төгрөг зарцуулжээ. Тэр дундаа, баярын ширээний хоол хүнс, ууттай бэлэг ихэнх зардлыг эзэлдэг байна. Баярын ширээний зардлыг хамгийн бага дүнгээр тооцвол 218.610 төгрөг болж байгаа юм.
Мэдээж аливаа баяр ёслолыг тэмдэглэх үү, үгүй юу гэдэг нь тухайн хувь хүний эрх, өрхийн сонголтын асуудал. Мөн санхүүгийн нөхцөл байдал ч шууд хамаарна. Өнөөдөр Монголд дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм. Харин шинэ жилийн баярт дунджаар 500 мянган төгрөгөөс 1.5 сая хүртэл төгрөг зарцуулдаг гэх тооцоо бий. Зөвхөн хоёр айлаас жишээ татахад л аливаа баяр нь өдөр тутмын урсгал зардал дээр нь том ачаа болж орлогоос нь давж буй дүр зурагтай. Гэвч нэгэнт байхгүй мөнгө, хүрэхгүй хэрэглээг айлууд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэгчийн үлгэрээр өр тавьж зээлээр зохицуулах нь эргээд данс улайж, дарамтанд орох ч эрсдэлтэй.
ОРЛОГООСОО ДАВЖ ХЭТРҮҮЛЭН ӨР ЗЭЭЛ ТАВЬЖ БАЯР ТЭМДЭГЛЭХ НЬ ӨРИЙН ДАРАМТ, САНХҮҮГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ
Банк санхүүгийн академийн Эдийн засагч Ч.Сосорбарам: Шинэ жилийн баярыг тэмдэглэх, үгүй нь хувь хүн, айл өрхийн л сонголт. Өнөөдөр дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Хэдий баяр тэмдэглэх нь хувь хүний эрхийн асуудал ч орлогоосоо давж хэтрүүлэн баярлах нь эргээд тухайн өрхийг өрийн дарамтанд оруулах эрсдэл өндөр. Өөрөөр хэлбэл, хэт үрэлгэн, өр зээл тавьж баярлах нь өрхийн санхүүгийн байдалд хүнд тусах магадлалтай.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!