Кофены үнэр бас намуухан хөгжим, бариста охины дотно инээмсэглэл, халуун дулаан орчин, хана дүүрэн номууд, хүүхдийн тоглоомын төв шиг булангийн хэсэг... энэ бол нийслэлийн захын дүүргийн гэр хороолол дунд орших Ид шидийн орон-2 төв.
-ХЭНД Ч ГЭСЭН БУСДАД ХУВААЛЦАХ ЗҮЙЛ БАЙДАГ-
Хоёр жилийн өмнө нээлтээ хийсэн Ид шидийн орон-2 төвд анх удаа зочлон очлоо. Энэ хугацаанд 250 гаруй хүүхэд тогтмол ирж үйлчлүүлдэг болсон бол байнгын хүүхдүүдэд хайраа зориулдаг хандивлагчид ч бий болж. Хүйтний улирал эхэлсэн, хичээл сургууль орж байгаа тул өглөө эрт тус төвд ирдэг хүүхдүүдийн тоо буурчээ...
Төв рүү ороход гурван бүсгүй хайрцаг дүүрэн тоглоом авч ирж хандивлаж байхтай таарав. Тэд өмнө нь Лантуун дохио ТББ-ын оффис дээр хандивлах зүйлээ өгдөг байсан бол энэхүү төвд хоёр дахь удаагаа ирж байгаа аж. Байгууллага дээрээ хандив цуглуулаад улиралдаа нэг удаа эздэд нь хүргэх гэж хичээдэг гэв. Хэн ч тэднийг тэг гэж шахаагүй байхад “хичээдэг” хэмээн ярих нь хайр хүргэсэн гэж. Хүн бүхэн хүүхэд бүрийн төлөө “хичээдэг” болчихвол... Тэдний нэг З.Гантунгалаг “Хэнд ч гэсэн бусдад хуваалцах зүйл байдаг. Ядаж л хүүхдэд цаг заваасаа илүүчилж болно. Таны мэддэг зүйл ч хүүхдүүд хэрэгтэй болж болно. Тиймээс энэ төвд ирж, хүүхдүүдэд чаддаг мэддэг зүйлээ зааж өгвөл хамгийн том хөрөнгө оруулалт болох болов уу” гэж хэлмээр байна гэсэн юм.
Гурван бүсгүй американо захиалжээ. Шилэн лангуун дээрх боорцгийг сонирхон нэг нэгийг аваад гарч одов. Удалгүй буцаж орж ирээд тус тусдаа 10, 10-ийг авсан нь боорцогны амт ямар байсныг илтгэх биз ээ.
Тэд хүүхдүүдэд тоглоом хандивлахаас гадна 250 сүү, 70 боорцог үлдээжээ...
-ДААЛГАВАРАА ХИЙ, НОМОО УНШ. ШАН НЬ СҮҮ, БООРЦОГ-
Тэйкний хажуугийн багананд жижиг цаасан дээр “50 боорцог үлдээлээ”, “30 сүү үлдээлээ” гэх зэргээр бичсэн жижиг цааснууд алаглана. Энэ бол Ид шидтэй кафегаар үйлчлүүлсэн хүмүүс хүүхдүүдэд зориулан урьдчилж мөнгийг нь төлсөн шүү гэдгээ бичиж үлдээсэн бяцхан захиа. Тус төвд ирдэг хүүхдүүд даалгавраа хийж шалгуулаад, эсвэл уншсан номоо ярьж өгөөд үүнээс хүртэх боломжтой аж. Хандивлагчгүй өдөр гэж бараг л үгүй тул тус төвийнхөн ч сэтгэл хангалуун бяцхан үйлчлүүлэгчдээ халуун сүү, боорцгоор дайлдаг байна.
Тэйкний буланд хоёр ч цаасан хайрцаг дүүрэн номын сангийн карт байх аж. 250 гаруй хүүхэд ийнхүү карт нээлгээд, номоо авч гэрээр уншиж байгаа гэнэ...
Бяцхан охин том дуугаар үелэн унших нь чихэнд тод сонсогдов. Энэ төвийн ажилтан бололтой ах хажууд нь сууж хянах нь охины аав аж. Охин хоёрдугаар ангийн сурагч гэв. Өнгөрсөн жилийн нэгдүгээр ангийн сурагчид хөл хорионы улмаас унших нь бүү хэл үсгээ гүйцэд мэддэг нь ховор. Хэрхэн ийм мундаг уншиж сурсныг нь асуухад аав нь “Ид шидийн орны ач” хэмээн хэлсэн.
Ид шидтэй кафены мэню хоёр үнэтэй. Нэгдүгээр үнэ нь ердийнх. Хоёрдугаар үнэ нь жаахан нэмэгдэлтэй. Тэр нэмэгдэл нь хүүхдүүдэд хандив болж очих тул үйлчлүүлэгч аль үнийг нь сонгохоо өөрөө шийднэ...
-Б.НАНДИНБАГАНА: ДҮҮГЭЭ НОМ РУУ ТАТАЖ ОРУУЛМААР Л БАЙНА-
““Тэрслүү охид” номын нэгдүгээр дэвтэр байна уу” хэмээн асуусаар орж ирсэн охиныг Б.Нандинбагана гэдэг аж. Найзууд нь түүнийг Юүүхүү гэж дууддаг гэсэн. Тэрбээр тус төвөөр үйлчлүүлж, хамгийн олон ном уншсан хүүхэд. Түүнтэй хэдхэн хором ярилцсан юм.
“Манай гэр ойрхон байдаг. Анх энэ төвийг баригдаж байхад их ирдэг байсан. Яаж барьж байна, юу болж байна гэж харах гээд л. Гэхдээ байгуулагдсаных нь дараа нэг хэсэг ирээгүй. Өнгөрсөн зургадугаар сараас хойш л ирдэг болсон. Тэгэхэд карт нээлгээд ном авч явж уншиж болдгийг нь мэддэггүй байсан. Энд ирж суугаад л уншдаг байсан. Дараа нь номоо авч яваад уншиж болох юм байна гэдгийг мэдээд гэр рүүгээ ном авч явж уншдаг болсон. Эхлээд 100 гаруй ном уншаад тэмдэглэл хөтөлсөн байсан ч хөдөө яваад орхиод ирсэн. Түүнээс хойш 90 гаруй ном уншсан” хэмээн ярих түүний хамгийн дуртай ном нь “Поллианна”. Баян ээжтэй, эрх дураараа охиныг нагац эгч нь хэрхэн хүмүүжүүлсэн тухай уг номд өгүүлдэг байна.
Тэрбээр “Дүүгээ ном руу татаж оруулмаар байгаа ч миний үгэнд орохгүй байгаа. Эрэгтэй болохоор л тэгж байх шиг байна. Эмэгтэй байсан бол оруулчихгүй юу” хэмээн хүүхдийн гэнэн сэтгэлээр хөөрөлдлөө.
Б.Нандинбаганы хувьд анх хичээлээ хийж, багш нараар шахуулж ном уншсаар байгаад номд дургүй болчихсон байсан. Найзуудаа дагаад анх ирэхдээ яг үнэндээ номд дургүй байсан учраас уншиж байгаа дүр үзүүлээд суудаг байсан ч удалгүй харж суусан номынхоо үйл явдалд хөтлөгдөн уншсанаас хойш илүү сонирхолтой ном хайж уншиж байгаа аж. Зарим үед гэртээ даалгавараа хийснээс энд ирээд хийхэд илүү төвлөрч чаддаг гэдгээ ч ярьсан.
Тэрбээр Ид шидийн орон-2 төвд иогийн дугуйланд явж эхэлсэн. Таалагдаж байгаагаа ч хуучиллаа. Мөн англи хэлний дугуйланд хамрагдаж, жижиг номуудыг орчуулахаар хичээж байгаа гэсэн.
Зургийг нь нийтэлж болох уу гэхэд “Ээжээсээ асууя” хэмээн зөвшөөрөл авснаар зургаа даруулсан. “Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө англи, орос хэл эзэмшсэн байх зорилготой” хэмээн ярих ухаалаг охин минь чиний хүссэн бүхэн биелж, мөрөөдөлдөө хүрэх зам чинь дурайж байна...
-"ОД"-УУДЫН МЭДРЭМЖИЙГ ХҮРТСЭН БЯМБАА ЭГЧ-
Ид шидтэй кафены бариста болох дотнохон инээмсэглэн, орж ирсэн хүүхэд бүрийн нэрийг мэддэг, тэдэнд төрсөн дүү шигээ ханддаг бүсгүйг Э.Бямбаа гэдэг аж. Лантуун дохио ТББ-д сайн дурын ажилтнаар гурван жил, ажилтнаар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн тэрбээр ярьсан. Ид шидийн орон 1-д хамгаалах байранд ажиллаж байгаад, энэ төв рүү шилжин ажиллаж байгаа юм байна.
Өглөөний 8 цагаас оройн 6.30 хүртэл ажилладаг түүнээс хаана амьдардаг вэ, өглөө 8 цагт кафегаа нээхийн тулд хэдэн цагаас гэрээсээ гардаг талаар нь сонирхоход “7 хоногийн 7 өдөр ажилладаг учраас эндээ байрлачихдаг юм оо” хэмээн цовоо дуугаар хариуллаа. Хэрэв амралтын өдрөөр амрах хүсэлтэй бол сайн дурын ажилчдаас өөрийнхөө оронд ажиллуулдаг гэсэн юм.
Түүний хувьд Нийгмийн ажилтан мэргэжлээр нэгдүгээр курст суралцаж байхдаа Лантуун дохио ТББ-д сайн дурын ажилтнаар оржээ. Тухайн үед нь багш нар болон найзууд нь “хичээлээ хийхгүй, тэр газар чинь чамд мөнгө өгч байна уу” гэх зэргээр шүүмжилж байсан ч зорилгынхоо төлөө явсаар л байж. Э.Бямбаа хөдөө өссөн, дороо нэг дүүтэй. Тэрсхэн өссөн охид дүүтэй болохын хүслэн. Тиймээс багаасаа л аавынхаа барьж өгсөн гэрт хамаатны дүү нараа хүмүүжүүлж гэр цэцэрлэгийн “багш”-аар ажилласан байна. Энэ нь ч Лантуун дохио ТББ-д сайн дурын ажил хийх сэдэл нь болжээ. Энэ ажлыг нь ч гэрийнхэн нь сайн ойлгож, зөвөөр хүлээж авдаг байна.
“Наймдугаар сарын сүүлээс л баристагаар ажиллаж эхэлсэн ч 250 гаруй хүүхдийн нэрийг цээжилчихсэн. Гэртээ харих гээд Улиастай руу автобусны буудал руу алхах зуур таарсан хүүхэд бүхэн намайг таньж, мэндэлж байгаа нь үнэхээр гоё санагддаг. Өөрийгөө “од” болчихсон юм шиг л төсөөлдөг. Ер нь дэлхийн “од”-ууд ч миний энэ мэдэрч байгааг мэдрээгүй байж магадгүй. Нэг хэсэг өглөө ажилдаа ороод ирэх бүрт л тэйкэн дээр нэг захиа тавьчихсан байдаг байсан. Нэр нь байсан ч яг аль хүүхэд тэр захиаг тавиад байсныг огт мэдээгүй. Бараг 7 хоног үргэлжилсэн захианы эзэн хэн юм бол доо гэж бодоод байж байтал нэг охин хичээлээ заалгаж байснаа “Эгчээ, би танд өглөө бүр гэнэтийн бэлэг барьдаг. Та мэдсэн үү. Ээжтэйгээ хамт дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр ирэхдээ би танд бичсэн захиагаа үлдээгээд явдаг байсан” гэж хэлсэн. Би тэр охинд “Ямар гоё юм бэ, эгч нь чиний захиагаар л өглөөг эхлүүлж, урам зориг авдаг” гээд хэлсэн чинь тэр охин маш их баярлаж, урамшсан. Хүүхэд бол аз жаргал гэж би боддог. Хүн л юм чинь бухимдах, ядрах үе гарна. Тэр үед үүдээр инээгээд орж ирж байгаа хүүхдүүдийг хараад л бүх зүйлээ мартаад, нэг мэдэхэд аз жаргалтай болчихсон байдаг” хэмээн тэрбээр ярьсан.
Биднийг ийн ярилцах зуур ахлах ангийн хоёр хөвгүүн орж ирлээ. Э.Бямбаа маань “Та хоёр хичээлээ таслаад явж байгаа юм уу” гэхэд нөгөө хоёр ном авахаар ирсэн гэдгээ хэллээ. “Ангийн чинь охидоос өдөр тодруулж асууна аа, та хоёр хичээлээ тасалсан л байна даа” хэмээн ёжтой харах нь дотроосоо ундарч буй хүүхдүүдийн төлөөх хайрынх нь илрэл...
“Бариста бол том мэргэжил шүү дээ. Би чинь сонирхлоороо л сурч байгаа. Маш их мэдрэмж шаардсан ажил учраас цаашид илүү сайжрахын тулд бичлэг үзэх зэргээр чадвараа ахиулж байгаа” хэмээн ярьсан “од” эгчийн хайраа шингээсэн кофе амттай байлаа.
-ИД ШИД БИДНИЙ ДОТОР БИЙ-
Ид шидийн орон 2 төвийн талаар дутуу мэдээлэлтэй хүмүүс “Эмзэг давхаргын хүүхдүүдэд л зориулагдсан” хэмээн ташаа ойлгох нь элбэг аж. Гэвч энэ бол хүүхэд бүрийн өмнө нээлттэй ертөнц гэдгийг очиж байж л мэдсэн. Нэгэн телевизийнхэн тус төвөөс сурвалжилга хийгээд дэлгэцээр цацахдаа “250 гаруй эмзэг бүлгийн хүүхдүүд тус төвөөр үйлчлүүлдэг” хэмээн ярьжээ. Энэ нь тухайн төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүдийн хувьд маш том гүтгэлэг болсон гэдгийг төвийн ажилчид хэлсэн.
Ид шидийн орон 2 төвд цэцэрлэгийн хоёр анги хичээллэдэг аж. 23 дугаар хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг голдуу хамруулсан байна. Мөн 16 төрлийн дугуйлан үнэ төлбөргүй хичээллэж байгаа нь бахархалтай санагдсан. Яг намайг очих үеэр уран зураг, иогийн дугуйлан хичээллэх цаг нь дөхсөн, хүүхдүүд цугларч байсан юм. Хэн ч тэднийг дугуйланд хамрагд гэж албадаагүй байхад өөрсдөө ийнхүү хөгжихийн төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа нь баярламаар...
Ид шид байдаг болохоор л ийм үг байдаг аж. Нэрнийхээ утгад нийцсэн үйл ажиллагаа явуулж буй газраас гарч явахдаа би ч гэсэн ид шидтэй эгч болмоор санагдав. Өөрийнхөө дотор байгаа ид шидийг илүү хүчтэй сэрээх ямар алхам хийх вэ хэмээн өөрийгөө уудалсаар гарч одсон...
Сурвалжилгыг бэлтгэсэн: Б.Цэдэвсүрэн