Э.Намуун, Г.Эрхэмбаяр: Хамгийн хэцүү нь хүүхдүүд рүү дайрах. Түүнийг давж гарах л хүнд даваа байсан. Бид бол олны танил учраас ачаагаа даах ёстой.

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
16 минут 31 секунд

"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, түүний гэргий жүжигчин Э.Намуун нартай удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй "Галбингаа" уран сайхны кино болон хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Галбингаа кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Энэ киног бүтээх сэдэл санаа хэрхэн төрж, энэ уран бүтээлийн ард гарахад хэдий хэр хугацааг зарцуулав?

Г.Эрхэмбаяр: -Кино хийх бодол 2, 3 жилийн өмнөөс бодогдоод л яваад байсан юм. Яг ажил болж, Гүрээ ах маань зохиолоо бичиж бэлэн болсон нь бол 2024 оны 8, 9-р сар. Зураг авалт 12 сарын эхээр эхлээд хаврын зургийг үлдээчихсэн байсан юм. тэгээд он гараад цагаан сарын дараахан үлдсэн зургуудаа авч, монтажны ажил эхэлсэн. Нийт 4-5 сарын ажил болсон. Энэ хугацаанд дуу клип зэрэг бүх ажлууд хийгдсэн.

-Киноны сэдвийг хэрхэн олсон бэ. Ямар сэдээ санаанаас үүдэлтэй юм бол?

-Надад нэг тийм эмзэглэл байсан юм. Ер нь уран бүтээл хийхэд сэдэл санаагаа, өөрийн мэдрэмж, эмзэглэлээ зохиолч, найруулагчидтайгаа мэдээж уулзаж ярилцана. Энэ бүтээл бол найзтайгаа уулзаад сууж байхад төрсөн эмзэглэлээс эхлэлтэй гэхэд болно. Манай найз төрөхийн эмч мэргэжилтэй хүн бий. Найзтайгаа уулзаад сууж байхад сүүлийн үеийн залуус ер нь хүүхэдтэй болох дургүй ч гэх юм хүүхдийг хойш тавих хандлагатай болчихсон ч юм шиг санагдсан юм. “Монголын үрс маш олон болтугай” гэдэг монгол хүний ерөөлийн үг мартагдаад байгаа ч юм шиг нэг тийм мэдрэмж төрсөн л дөө. Тэгээд л анхны сэдэл санаа төрсөн юм.

-Галбингаа киноны дууг сонссон. Маш тансаг үг хэллэгтэй маш гоё аялгуутай санагдсан. Дуучин Эрдэнэчимэг ч үнэхээр амилуулж гоё дуулсан сайхан уран бүтээл байна билээ. Кинондоо зориулж энэ дууг захиалсан уу?

-Тэгсэн. Ийм утга санаатай, ийм уран бүтээл хийх гэсэн юм гээд С.Энхсайхан найдтайгаа ярилцаад шүлгийг нь бичүүлсэн. Аян дээр нь манай Б.Санчир ажилласан. Кинондоо зориулж бүгдийг нь шинээр хийлгүүлсэн. Кино маань 2 дуутай. Тавдугаар сарын сүүлээр хоёр дахь дуугаа цацна. Тэр нь Чин.Эрдэнэбатын зохиол Маралжингоо, Батцэцэглэн хоёр дуулсан дуу байгаа. Энэ дууны шүлгийг Гүрээ ах бичсэн.

Дуучны сонголтыг яаж хийсэн бэ?

- Б.Санчир маань ийм аялгуу гарлаа гээд ярилцаад энэ ая хэнд хамгийн сайн зохих вэ, хэн яг энэ мэдржмжийг гаргаж чадах вэ гэж ярилцаад Г.Эрдэнэчимэг дээр тогтсон. Эрка маань үнэхээр амилуулсан.

-Яагаад Галбингаа нэрийг өгсөн юм бэ?

-Яг энэ нэр бол Гүрээ ахаас л гарсан байх. Дуун дээрээ киноныхоо нэрийг түлхүү оруулах ёстой гээд Галбингаа гэж өгсөн. Энэ нэрийн утга нь бүрэн бүтэн байх, азжаргалтай байх, үр хүүхдүүдийнхээ төлөө байх гэсэн утгыг агуулдаг юм билээ. Амар амгалан цаг үед оршин тогтнодог үлгэр домгийн шувуу гэдэг.

Өөрийнхөө өдийг зулгааж өндөгнийхөө үүрийг засдаг шувуу. Тиймээс эх хүний мөн чанартай холбогдож байгаа мэт санагдсан. Ер нь янз бүрийн домог бий. Киноны санаатай их зохицож байгаа учраас энэ нэрийг өгсөн.

Галбингаа кинонд танай амьдралтай ижил төстэй зүйл бий юу?

Галбингаа гэх үгийн утга агуулга, билэгдлийг бодож үзэхэд бид хоёрын бүтээсэн амьдралтай төстэй юм уу гэх бодол төрж байсан удаа бий. Бидний бүтээсэн одоогийн амьдрал Галбингаа шиг бүтэн болгож, бүрэн болгох гэсэн тэмүүлэл.

Энэ уран бүтээлийг ханьдаа зориулсан гэж ярьж байхыг тань сонссон. Чамд зориулсан шүү гэж өөрт нь хэлэв үү?

Хэлсэн хэлсэн. Би тайз, дэлгэцийн урлагт зүтгээд 25 жил болж байна. Сургуулиа төгсөөд л шууд орсон. Энэ хугацаанд уран бүтээлүүдэд би жүжигчний хувьд дүр бүтээхийн төлөө л ажиллаж ирж.

Хүмүүс ярьдаг шүү дээ. Ном бичих ёстой, мод тарих ёстой гэдэг ч юм уу. Үүнтэй л ижил би ханьдаа уран бүтээл зориулъя гэж бодсон юм. Уран бүтээлч хүн уран бүтээл ханьдаа зориулна гэдэг бол үнэ цэнэтэй бэлэг байх гэж бодсон. Энэ кино гарах бүрт “Намуунаад зориулсан кино байна” гэж яригдаж үлдэнэ гэдэг бол гайхалтай зүйл. Тиймээс уран бүтээл л үлдээе гэж бодсон юм.

- Өөрт тань зориулж Галбингаа киног бүтээж байгаа гэж хэлж байсан уу?

Э.Намуун: Манай хүн “Би чамд хайртай шүү” гэдэг үгийг өдөр тутамдаа шууд хэлээд байдаггүй, ер нь дотогшоо, тайван амгалан талдаа хүн. Тиймээс энэ киног чамдаа зориулж хийж байгаа гэдэг үгийг сонсоод надад ямар их хайртайгаа илэрхийлсэн илэрхийлэмж нь юм байна гэж бодсон. Энэ далимаар хэлье "Маш их баярласан шүү".

-Тэр мэдрэмжийг та үгээр илэрхийлж эвлэхээр байна уу?

-"Галбингаа" л гэж хэлмээр юм уу. Надад мэдрэгдсэн халуун дулаан сэтгэл, хайр, хичээл зүтгэл, амар амгалан гээд Галбингаа гэж илэрхийлвэл илүү дөхөх юм шиг. Үнэхээр сэтгэл дүүрнэ гэж байдаг. Үнэхээр хүнд байж болох, хүний сэтгэлээс гарч болох тэр их хайрыг илэрхийлэх хамгийн оновчтой зүйл нь уран бүтээл гэж би мэдэрсэн. Хоёулаа урлагийн хүн учраас тэр үү, надад кино зориулж хийж байгаа нь, тэрэндээ зориулсан үг, ая, дуу гээд бүх юм нь урлагаар дамжиж хайрын илэрхийлэл болж байгаад нь сэтгэл дүүрэн мэдрэмж авсан.

-Галбингаа кинонд таны амьдралтай ижил төстэй зүйл нь юу вэ?

-Бүрэн бүтэн байлгах, ганц үр хүүхэд гэхээсээ илүүтэй, монголчууд бие биетэйгээ харилцаж байгаа байдлыг харахад биедээ сэтгэл гаргах нь дутуу болчихсон мэт санагддаг. Бүгд л илэрхийлж байгаа үгээ хүртэл сошиалаар, утсаар дамжуулдаг болчихсон.

Жишээ нь, өөрийгөө л хичээж амьдаръя. бусад нь яах нь надад падгүй гэсэн хандлага илүү газар аваад байна уу гэх эмзэглэл байдаг. Манай кинон дээр энэ сэдвийг хөндөж, хүн хүнээ гэсэн халуун сэтгэл, хүн хүнийхээ төлөө, энэрэх, хайрыг нийгэмд илүү мэдрүүлэхийг зорьсон тийм уран бүтээл болсон болов уу гэж найдаж байгаа.

-Хүлээлт ямар байна?

Э.Намуун: Зүрх сэтлгэлтэй л бол кино маань таалагдах байх гэж найдаж байгаа. Гэхдээ болоогүй юманд ам гараад юу гэхэв.

Г.Эрхэмбаяр: Миний хувьд сайн, муу кино болжээ гэж дүн тавихаас урьтаж, цаг гучин минутыг энэ кинонд зарцуулаад дулаахан, зөөлөн мэдрэмж аваасай гэж л хүсч байгаа.

-Самсара жүжигт тоглож байх завгүй үедээ кино уран бүтээл хийх цагаа яаж зохицуулсан бэ?

-Ажил л юм чинь. Яг ийм хэмнэлээр ажиллахаар биед дасал болчихдог юм билээ. Өглөө 08:00 цагт хурууны хээ дарж ороод орой 18:00 цагт хурууны хээ дарж гардаг байсан бол бүх зүйл төлөвлөгөөний дагуу явчих байх. Мэдээж таван цагт ажил тарна. 18:00 цагт уулзъя гэдэг ч юм уу, 20:00 цагт гэртээ очно ч юм уу. Ийм төлөвлөгөөнүүдийг гаргах боломжгүй ажил шүү дээ. Урлагийн хүмүүсийн ажил тогтсон цаггүй. Шөнийн 05:00 цагт ч ажиллаж л байдаг. Эсвэл заримдаа 13:00 цаг хүртэл унтаж л байдаг. Цагийн ямар ч баримжаагүй. Зарим үед зунжингаа зурагтай. Эсвэл өвөлжингөө амарч байдаг ч үе бий. Бид бол уран бүтээлээ дагаж амьдардаг улс.

-Та 2 бие биенээрээ хамгийн их бахархаж байсан үе хэзээ вэ?

Э.Намуун: Би бол одоо үеийг хэлнэ. Ямар хүчтэй хүн бэ, ямар олонтой юм бэ, хувийн зохион байгуулалт, сүр хүчээр нь үнэхээр их бахархаж байна. Мэдээж би уран бүтээлийн дүр бүрээр нь бахархдаг. Хамт амьдарсан энэ амьдралынхаа туршид хамгийн их бахархал төрсөн үе гэвэл яг одоогийн энэ Эрхмээ.

Г.Эрхэмбаяр: Өдий зэрэгт хүргэсэн аав ээжийн буянаар учирч, одоо сайн сайхан амьдарч яваа байх гэж боддог. Одоо бол миний бүх зүйлийн ард чиглүүлж байдаг хүн бол Намуунаа. Тиймээс би ханиараа байнга бахархдаг. Тэр үе гэж тодорхойлохгүйгээр цаг үргэлж л бахархал төрдөг.

-Хүүхдүүддэ цаг зав гаргах боломж хэр олдож байна?

Э.Намуун: Гарна, гарна. Хүүхдүүд маань анхныхыгаа бодвол бүгд өсвөр насных болчихсон. Энэ насан дээрээ хүүхдүүд болж өгвөл л ганцаараа байхыг эрмэлздэг болчихдог шүү дээ. Ер нь л аав ээж байхгүй бол тухтай байчих гээд байдаг үе рүүгээ орчихсон байна. Бид хоёрт чөлөөт цаг гарах бүрт хүүхдүүдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлдэг. Гэхдээ завгүй үедээ бол яагаад ч цаг гаргаж чаддаггүй. Тэр үед хүүхдүүд маань ар гэрээ асуудалгүй аваад үлддэг.

Том болчихсон хүүхдүүдийн аав ээж байх мэдрэмж ямар байна?

-Ёстой гоё шүү. Бараг хүүхдүүддээ эрхлээд, хайрлуулж, эвийлүүлээд бас л гоё мэдрэмж юм билээ шүү.

- Хоёр тусдаа, хоёр өөр орчинд байсан гэр бүлийг нэгтгээд, нэгэн цул болгож авч явах тэр ухаан, арга барилынхаа тухай хуваалцаач?

Г.Эрхэмбаяр: Хүний амьдрал болсон хойно сайн, муу, сайхан муухайтай, салж нийлж, алдаж оносон замыг туулсныг маань монгол түмэн мэднэ шүү дээ. Болно болохгүй гэж явсаар байгаад л бид 2 учирсан. Яах вэ, эмч ч юм уу өөр мэргэжилтэй хүмүүст ч гэсэн салж нийлсэн амьдрал үзэж, туулсан хүн байдаг байх. Амьдрал юм чинт тийм ээ. Харин бид хоёрын хувьд бол өөр шүү дээ. Бид олны танил, нийгмийн нүдэн дээр ил байдаг онцлог мэргэжилтэй хүмүүс. Тийм ч учраас тэр их дайралтуудыг авч байсан байх. Тэр их магтаалыг ч бас энэ мэргэжлийнхээ онцлогоор л авдаг. Дайралт ирлээ гээд түүндээ нэг их эмзэгнлэж, хүндээр хүлээж авдаггүй. Яагаад гэхээр мэргэжлийн онцлог учраас. Мэргэжлийн онцлогоо дагаж, алдсан бол түүнийхээ ачааг даадаг байх ёстой гэж л бодож, хичээж амьдардаг.

Э.Намуун: Манай кинон дээр үр умайнаас уу, сэтгэлээс үү гэдгийг хэн ч таашгүй гэдэг юм. Тиймээс хайр нэг байхад умайнаас гарсан байна уу үгүй юу, цусных байна уу, ясных байна уу надад ялгаагүй санагддаг. Хайр л нэг байх учиртай. Үүнийг би амьдралаараа мэдэрсэн. Ер нь бол миний хүүхэд, миний ээж, миний аав гэдэг бол хайр дээр тогтдог юм билээ. Тэнд нэг их ухаан хэрэггүй хайр л үнэн байхад бусад нь аяндаа болчихдог.

-Үнэн хайрлаж байгаа цагт ухаан зараад арга олох гээд байх шаардлагагүй болдог гэж үү?

-Ухаан зарах асуудал мэдээж байлгүй яах вэ. Жишээ нь бага насны хүүхэд бол загналаа гэхэд би буруу юм хийсэн учраас загнуулсан гэсэн ойлголт авахгүй шүү дээ. Тэгэхээр загнавал бүгдийг нь загнаж ч юмуу, эсвэл магтвал ташраар нь магтдаг. Манай 2 бага охин 2 насны зөрүүтэй. Тухайн үед чацуу шахам үе тэнгийн ижилхэн хоёр байсан юм. Тиймээс илүү дутуу мэдрэмж төрүүлэхгүйн тулд яг ихэр юм шиг хувцасладаг байсан. Жишээ нь, ягаан цэнхэр 2 өөр өнгө аваад өгчихвөл минийх яагаан, чинийх цэнхэр гэх гээд байна шүү дээ. Тиймээс бүх юмыг нь яг адилхан авч өгдөг байсан. энэ мэтчилэн бага насанд нь ялгаж салгасан мэдрэмж өгөхгүйгээр, амнаас гарсан үг бүрээ цэгнэдэг байсан үе бий. Одоо бол бүх юмны ард гарчихсан. Хүүхдүүд маань ч том болчихсон. Аав ээжийгээ ойлгож, хайрлаж харламжлах үе дээрээ ирчихсэн байна.

-Тухайн үед олны танил учраас дайралт их ирсэн байх. Тэр үеийг яаж давж туулсан бэ?

Э.Намуун: Ирсэн дайралт бүрийг тосож аваад, эмзэглээд нурж унаад байвал давж гарахгүй. Нэг их ач холбогдол өгөхгүй байя гэж боддог. Бид хоёрыг бол юу ч гэж хэлсэн яах вэ. Түрүүн Эрхмээгийн хэлснээр бид ачаагаа даах ёстой. Харин хүүхдүүд рүү дайрах хамгийн хэцүү юм билээ. Түүнийг давж туулах амаргүй даваа байсан.

Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

-Зохиол дээрээ ажиллаж байгаа. Гоё уран бүтээл гарах байх.

Самсара жүжгийг гадаадад тоглох сураг байсан?

-Энэ хавар бид нийт 46, 47 удаа тоглосон. Энэ 5-р сарын 24-нд Авсралийн Сидней хотод тоглохоор тов гарсан байгаа. Намар Улаанбаатартаа дахиад тоглоно. Үргэлжлүүлээд 21 аймгаар тойрох төлөвлөгөөтэй байгаа.

126: 32 эдийн засагч, 31 хуульч, эрхзүйч, 2 математикчтай ПАРЛАМЕНТ бодлого тодорхойлж байна
126: 32 эдийн засагч, 31 хуульч, эрхзүйч, 2 математикчтай ПАРЛАМЕНТ бодлого тодорхойлж байна
 
Ангууч буюу Б.Баттөрийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Өсвөр үе, хүүхэд залуучуудын элч“-ээр томиллоо
Ангууч буюу Б.Баттөрийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Өсвөр үе, хүүхэд залуучуудын элч“-ээр томиллоо
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!