Д.Пүрэв-Очир: ИТХ-ын төлөөлөгчдийн тоо 14/14 болж тэнцсэн учраас мөрийн хөтөлбөрөө хамтарч хэрэгжүүлэх саналыг намын бүлгүүдэд хүргүүлсэн

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
5 минут 48 секунд

"Хойд бүсийн зөвлөл" анхдугаар хуралдаан Булган аймагт болж, өндөрлөлөө. Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цөөн хором ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Танилцуулгаас Булган аймаг хойд бүсдээ ядуурлын түвшин харьцангуй өндөр харагдаж байна. Үүнд юу зонхилон нөлөөлж байна. Ер нь ядуурлын түвшинг бууруулахын тулд ямар ажил хэрэгжүүлэхээр байгаа вэ?

-Ажлын байр, үйлдвэржилт байхгүйгээс шалтгаалж, ядуурлын түвшин өндөр байгаа. Булган аймагт ажлын байр бий болгоё гэвэл хөдөө, аж ахуйд тулгуурласан үйлдвэр, технологийн паркийг байгуулж ёстой гэсэн тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Аль салбарт ажлын байр илүү хомстолтой байгаа вэ?

-Ер нь хөдөө, аж ахуйд тулгуурласан үйлдвэржилтийг бий болгож байж, ажлын байр бий болно гэж үзэж байгаа. Одоогоор нийт 4000 гаруй төрийн албан хаагч бол бусад нь худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбар дахь хувийн хэвшлийн ААН-үүд байна.

-Орон нутгийн хөгжлийг хойш татдаг хүчин зүйлсийн нэг нь улс төржилт байдаг. Хойд бүс, тэр дундаа Булган аймагт улс төржилтийн асуудал ямар хэмжээнд байна?

-Ард иргэдийн сонголтоор МАН-ын 15, АН-ын 14 буюу ИТХ-ын 29 төлөөлөгч сонгогдсон. Энэ сонголт бол цаашдаа улс төржилтөө багасгаад, нутаг орноо хөгжүүлж, ачааг нуруун дээрээ үүрээд яваач ээ гэсэн дүнг тавьсан болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө, Булган аймаг маань улс төржилтөө хойш нь тавиад, эвлэлдэн нэгдэх тал руугаа явж байна.

-Хоёр нам хамтарна гэж ойлгож болох уу?

-Ер нь тогтвортой байдлаар эвсэх тал руугаа ороод явж байгаа.

-Таныг аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш хууль бус томилгоо хийсэн зэрэг үндэслэлээр ИТХ хуралдаж, огцруулахаар шийдвэрлэсэн. Гэвч Ерөнхий сайд ИТХ-ын энэ шийдвэрийг хүлээж аваагүй. Үүнийг та юу гэж харж байна?

-Хууль ёсны эсвэл хууль бус гэдгийг шүүх эцэслэн тогтооно. Сумдын ИТХ хуралдаад, сумын Засаг даргаа томилуулах саналаа нааш нь өргөн барьсан. АТГ-аас холбогдох бичиг баримтыг авч, хуулийн дагуу эрх зүйн үндэслэлийг нь судалж байгаад л томилсон.

Үүн дээр нөгөө талаас гомдол гаргасан асуудал нь шүүх дээр явж байгаа. Мөн асуудал үүсээд буй сумын ИТХ дахин хуралдаж, Засаг даргаа огцруулах санал ирүүлсний дагуу миний бие дөрөвдүгээр сарын 25-ны өдөр захирамж гаргаж, ажлаас нь чөлөөлсөн.

Таны хувьд өнгөрсөн хугацаанд томилгоо хэр хийв?

-Томилгоо гэхээс илүү ажил руугаа ороод л явж байна. Төрийн албан хаагчдыг нэг нам нь гарахаар халдаг, нөгөө нам нь гарахаар томилдог байдлыг зогсоож, үлгэрлэж ажиллая гэж бодож байгаа. Өнөөдрийн байдлаар би хэн нэгнийг ажлаас нь намын харьяаллаар ажлаас нь чөлөөлсөн зүйл байхгүй.

-МАН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Одончимэг АН-д нэгдэж буйгаа мэдэгдсэн. Та аймгийн МАН-ын хорооны даргын хувьд дээрх төлөөлөгчид ямар нэг хариуцлага тооцох уу?

-Энэ бол тухайн төлөөлөгчийн эрхийн асуудал. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн хоорондын үл ойлголцлоос болоод, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод нэг сарын хугацаа өнгөрөөгүй байтал намын бүлгээсээ гарах шийдвэрийг гаргасан. Бие даагч болж байна гэсэн үг.

Тийм учраас хоёр нам адил 14 төлөөлөгчтэй болж байна. Ийм тохиолдолд улс төржилтийг багасгаад, эвсээд цааш явах нь зөв болов уу. Бид энэ асуудлыг аймгийн намын хорооны Тэргүүлэгчдийн хурал, Хяналтын хороонд өгөөд байна. Энэ намаас нэр дэвшиж гарч ирчхээд, яагаад нэг сар ч болоогүй байж ийм шийдвэр гаргах болов.

Хэрэв цаашид энэ шийдвэр давтагдах уу гэдэг дээр бодлогын шийдвэр гаргаад, холбогдох арга хэмжээг авна.

-Аймгийн ИТХ-ын даргаар АН-ын хүн томилогдсон. Энэ явдлыг юу гэж харж байна?

-Түрүүн миний хэлсэн л зүйл. 14/14 болсон учраас нутаг орны засаглалын тогтвортой байдлыг хангахын тулд хоёр намын бүлэгт санал хүргүүлсэн байгаа. Ямар санал вэ гэхээр "Аймгийн хэмжээнд бүсийн анхдугаар зөвлөгөөн болж буй мөн манай аймаг байгуулагдсан түүхт ой болох гэж байна. Ядуурал, нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа нөхцөлд ирэх дөрвөн жилд Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хамтраад хэрэгжүүлэх саналыг хүргүүлсэн. Энэ хоёр бүлэг маань хүлээж аваад, шийдвэрээ гаргаж буй л асуудал.

-Сөрөг хүчнээс томилогдсон ИТХ-ын даргатайгаа хэр гар нийлж ажиллах вэ. Дахиад улс төржилт үүсэх юм биш биз дээ?

-Гайгүй байх өө. Ойлголцоод ажиллах боломж бүрэн бий гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

ШҮҮХ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
ШҮҮХ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
 
Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлгийг 17 тэрбумаар өргөтгөнө. Гурав дахиа тендер зарлаад байна
Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлгийг 17 тэрбумаар өргөтгөнө. Гурав дахиа тендер зарлаад байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!