1000 оюутан, багш, судлаачийг Японд сургахаас 905-ыг Коосэн, бакалаврын хамтарсан, зэргийн болон зэргийн бус хөтөлбөрт хамруулаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн урилгаар Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнгөрсөн сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийжээ.

Энэ үеэр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд хатагтай Тошико Абе, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч хатагтай Имото Сачико болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын газраас хэрэгжүүлж буй мега төслүүдийг танилцуулан, тус төслүүдэд ажиллах шаардлагатай инженер техникийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, боловсролын шинэчлэл, хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, оюутан солилцоо зэрэг чиглэлээр санал солилцсон байна.

Боловсролын сайд П.Наранбаяр цаашид ч оюутан солилцоог дэмжих хүсэлтэй байгаа бөгөөд Коосен сургуулийн үйл ажиллагааг дэмжиж буйд талархал илэрхийлэв. Сайд Тошико Абе энэ онд Монгол Улсын Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой, Япон-Монголын хооронд "Соёлын солилцооны хэлэлцээр" байгуулсны 50 жилийн ой тохиож байгааг дурдаад хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсад Коосен сургуулийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, шаардлагатай тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болсноо Японы талаас дуулгаж, Япон-Монголын найрамдлын бүлгийг идэвхжүүлэн, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар ярилцсан байна.

Урьдчилсан судалгаанаас үзэхэд инженер техникийн 38,000 гаруй ажилтныг үе шаттайгаар бэлтгэх хэрэгцээ шаардлага бий. Одоогоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Японд сургахаас 905-ыг Коосэн, бакалаврын хамтарсан, зэргийн, зэргийн бус хөтөлбөрт хамруулаад байна. Эдгээрээс 730 оюутан, багш, судлаач сургуулиа амжилттай төгсөж, үндэсний хэмжээний томоохон компаниудад ажиллаж байгаа юм.

Мөн АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн талаар ярилцаж, тус эмнэлгийн үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал нэгджээ. Монгол-Японы эмнэлэг нь Монголд нэн шаардлагатай байгаа, өмнө нь хийгдэж байгаагүй 10 гаруй төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, зардлаа давсан захирлын урамшуулалтай ТӨК-иудыг цэгцэлнэ
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, зардлаа давсан захирлын урамшуулалтай ТӨК-иудыг цэгцэлнэ
 
Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна гэв
Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!