Шинэ жилийн баяр хаяанд ирж, хөтлөгч, дуучид, ресторануудын эрэлт нэмэгдлээ. Байгууллага хамт олон баярын арга хэмжээгээ дуу хууртай, дурсамж наргиантай мартагдахааргүй тэмдэглэн өнгөрөөхийн тулд тэдэнд мөнгө хайрлалгүй төлдөг. Тэр ч утгаараа жилээс жилд үнэ ханш нь өсөж байгаа.
Тиймээс бид шинэ жилийн баяраар хөтлөгч, дуучид, ресторанууд ямар үнэ ханштай байгааг сурвалжиллаа. Энэ жил шинэ залуу хамтлаг, дуучдын үнэ ханш бага зэрэг өссөн бол "акул"-ууд өмнөх жилийнхээ тогтсон үнээр байгууллага, хамт олны баярын арга хэмжээг "чимнэ".
-"АКУЛ"-УУД 2-3 ДУУГ 5-6 САЯ ТӨГРӨГӨӨР ДУУЛНА-
Дуучдын хамгийн доод ханш нэг сая төгрөгөөс эхэлж байна. Олонд төдийлөн танигдаагүй залуу дуучдын үнэ 500 мянгаас 1.5 сая төгрөг бол сүүлийн үед трэнд болж буй залуу дуучид 2-3 сая төгрөгийн үнэ ханштай байна. Харин хамгийн их эрэлттэй байдаг олны танил хамтлаг, дуучид 4-6 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд нэг дуугаа 3 сая төгрөгөөр үнэлж, 2 дуу 6 сая, 3 дуу 9 сая төгрөгөөр дуулахаа мэдэгдсэн байна. Харин Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр 2-3 дууг 4-5 сая төгрөг, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нар 2-3 дууг 6 сая, Дижитал хамтлагийн Эрка буюу Г.Эрдэнэбилэг 2-3 дууг 4 сая төгрөгөөр дуулах бол охид, эмэгтэйчүүдийн дунд "шуугиан тарьдаг" ThunderZ 4 сая, Seryoja 4 сая, Jason 3-3.5 сая төгрөгөөр дуулна. Харин залуу дуучин Magnet Brain 3 дууг 3 сая, Namone 2 сая, Лууяа 1.5 төгрөгийн ханштай байна.
ХУРД, НИКИТОН ЗЭРЭГ "МАГНАТУУД" ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД 12-20 САЯАР ДУУЛНА
Хамтлагуудын тухайд, Татар 2-3 дууг 4.5-5 сая, LUMINO 5 сая, Киви 6 сая, 3 охин 6 сая, амьд хөгжмийн A sound хамтлаг 6 дууг 3-3.5 сая төгрөгөөр дуулж байна. Харин Хурд, Никитон зэрэг "Магнатууд" 12-20 саяар үнэлжээ. Тодруулбал, Хурд хамтлаг 2-3 дуу 18-20 сая, Никитон хамтлаг 30 минут нь 12 сая төгрөгөөр баярын арга хэмжээг доргионо. Харанга хамтлагийн тухайд энэ шинэ жилээр АНУ-д байх тул баярын арга хэмжээнд дуулахгүй гэсэн юм.
-Э.УУГАНБАЯР, Э.ЦОЛМОНБАЯР, Т.БАРХҮҮ, О.ТЭМҮҮЖИН ТЭРГҮҮТЭЙ ХӨТЛӨГЧИД ХАМГИЙН ҮНЭТЭЙ Ч ЭРЭЛТТЭЙ БАЙНА-
Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид баярын арга хэмжээг 3-5 саяар хөтлөх аж.
Харин олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах боломжтой юм байна.
Тухайлбал, жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Т.Бархүү, О.Тэмүүжин, Ж.Алтаншагай, Бооёо буюу Н.Ариунболд нар нэг арга хэмжээг 5 сая төгрөгөөр хөтөлнө. Тэдний захиалга дүүрч, сул өдөр цөөхөн үлджээ. Харин “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, У.Цогтбаяр зэрэг хөтлөгчид 4 саяар хөтлөх аж.
-ХӨТЛӨГЧ, ДУУЧИД, УРАН БҮТЭЭЛЧДИЙН БАГЦ 3-40 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА-
Сүүлийн жилүүдэд хамт олны шинэ жилийн баярыг бүрэн хэмжээгээр нь зохион байгуулж, хөтлөгч, дуучид, уран бүтээлчдийг нэг нэгээр нь эрж хайх бус багцаар авах үйлчилгээг санал болгодог хүмүүс олон болсон. Энэ нь цаг зав хэмнэхээс гадна тус бүрд нь авахаас хямд тусдаг гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Ийм үйлчилгээний хөтлөгч, дуучин, уран бүтээлчид нь хэн байх, ямар урлагийн номер үзүүлэхээс шалтгаалаад үнэ ханш нь 3-40 сая төгрөгийн ханштай байна. Мэдээж алдартай дуучин, жүжигчид, өвлийн өвгөн, цасан охидтой, чадварлаг хөтлөгчтэй бол үнэ ханш нь өсдөг. Учир нь шинэ жилийн арга хэмжээг чадварлаг хөтлөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Тухайлбал, Хөтлөгч Барслхагва, Дуучин Seryoja, Болд, Киви хамтлаг, Чоно хамтлаг, EXOTIC DANCE, Хийлийн дөрвөл, фото зурагчинтай багц 39 сая төгрөг бол Хөтлөгч Ганга, Дуучин Тэмка, Пунсаа, Өвлийн өвгөн, цасан охин, фото зурагчинтай багц 3.2 сая төгрөгийн ханштай байна.
-ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН НЭГ ХҮНИЙ МЕНЮНЫ ҮНЭ ДУНДЖААР 180-300 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ-
Улаанбаатар хотод тав алхаад л таарах ресторан, лоунж, зочид буудал шинэ жилийн захиалгаа авч эхэлсэн бөгөөд менюгээ танилцуулаад эхэлжээ. Баярын багц нэг хүнийх дунджаар 169-180 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал,
Төв номын сангийн орчимд байрлах Mazzy Lounge гэхэд шинэ жилийн багц 169, 219, 299 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус газрын хувьд 30-50 хүний хамт олны захиалга авах боломжтой. Харин найзуудын шинэ жил тэмдэглэх “багц” байхгүй. Хэрэв арваннэгдүгээр сард шинэ жил тэмдэглэхээр болбол тодорхой хувиар хямдрал үзүүлж болохыг тус газрынхан хэлэв.
Баянгол дүүрэгт байрлах Mild River Club 180, 230, 300 мянган төгрөгийн сонголттой бөгөөд 40-50 хүнтэй хамт олны баярын захиалгаа авч байгаа аж. Хэрэв наана нь буюу арваннэгдүгээр сард захиалга өгвөл хямдрал үзүүлэх боломжтой гэдгийг тус газраас хэлэв.
Мөн Нарны хорооллын урд “Astory Grand Hall“ –д “Хүрээ үдэш-2025” байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн хөтөлбөр гаргажээ. 400-500 хүртэл хүн хүлээн авах боломжтой гэнэ. Үнэ ханш 295 мянган төгрөг аж. Ерөнхийдөө зочид буудал, ресторан үйлчилгээний газрууд цөөн хүнтэй шинэ жилийн захиалга авах нь ховор байна.
Ялангуяа сүүлийн үед хүмүүс найз нөхдийн дунд шинэ жил тэмдэглэх болсон. Тэгвэл ийм багц меню байхгүй, дунджаар 30-50 хүний захиалга авч байгаа юм байна.
Үнэ ханшийн хувьд шинэ жилийн багц меню нь 185 мянган төгрөгөөс 290 мянга төгрөг хүртэл үнэтэй байгаа юм. Үнэ нэмэгдэхийн хэрээр хоол болон зууш, уух зүйлийн сонгол нь нэмэгдэж байгааг тус зочид буудлын менежер тайлбарлалаа. Зарим газар арваннэгдүгээр сарын дунд болон сүүлчээр тэмдэглэхээр урьдчилсан захиалга өгдөг байна. Үүнд ихэвчлэн худалдаа үйлчилгээний байгууллага багтана. Түүнчлэн, 40-70 хүртэл зочин хүлээн авах хоёр жижиг ресторан захиалга авч байгаа бөгөөд Баасан, Бямба гарагийн сонголттой. Шинэ жилийн үндсэн багц меню 185 мянган төгрөгөөс хямдарч 166 мянга 500 төгрөг болжээ. Тодруулбал, Монголын нэг өдөр ресторан 70 хүртэл хүн хүлээн авах бол Wine House ресторан 40 хүртэл хүн хүлээн авах боломжтой.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!