
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.
Шадар сайд Н.Номтойбаяр, Шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилтийг шалгах хүрээнд аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.
Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарчээ. Агаар, хөрсний температурын халалт нэмэгдэж, ургамлын ургалт зогсонги байдалд орсноор ургамлын гарц муудах төлөвтэй байгаа талаар аймгийн удирдлагууд мэдээлэв.
Энэ үеэр орон нутгийн зүгээс 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах болон дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр хэд хэдэн хүсэлт тавилаа.

Тухайлбал, БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Улиастай хотын 25 МВт-ын дулааны станцын царцсан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх хүсэлт гаргав. Тус төсөл 2023 онд эхэлж, 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа ч үндсэн гүйцэтгэгч компанитай холбоотой санхүүжилтийн асуудлаас шалтгаалан ажил зогсоод байгаа аж.
Мөн Завхан аймаг нүүрсний уурхайгүй тул Хөвсгөл аймгийн “Могойн голын нүүрсний уурхай”-гаас хэрэгцээгээ хангадаг бөгөөд тус уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэж, өвлийн нүүрсний нийлүүлэлтийг хэвийн байлгахад анхаарах хүсэлт тавьжээ.
Үүнээс гадна Арц суурь боомт чиглэлийн авто замын дараагийн багцын санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэх, Арц суурийн бүтээн байгуулалтын төсвийг ирэх оны улсын төсөвт тусгах саналыг уламжлав.
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн хүрээнд зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх газар олгох, аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх хүсэлт мөн гаргалаа.
Түүнчлэн зарим сумын Засаг даргын Тамгын газар болон эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэх, Ховд-Завханыг холбох 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, шаардлагатай сумдын 0.4 кВ-ын цахилгаан шугамыг шинэчлэх саналыг тавьсан байна.
Шадар сайд Н.Номтойбаяр орон нутгаас тавьсан санал, хүсэлтүүдийг шат дараатай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, холбогдох зарим асуудлыг Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд уламжлахаа илэрхийллээ.

