Цахим орчинд "Стимо" ХХК-ийн еэвэнг идсэн хүүхэд нь хордлого авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар нэгэн иргэн пост бичсэн байдаг. Тодруулбал "Стимогийн шанзтай еэвэнг идсэн охин минь ганц өдрийн тал бөөлжөөд, сахар нь нам унаж яаралтай тусламжаар эмнэлэгт хэвтэж хордлогоо тайлж бие нь арай дээрдэж байна" гэх утга бүхий мэдээллийг бичсэн байв.
Энэ талаар бид "Стимо" ХХК-ийн Хүнсний технологич үйлдвэрийн албаны дарга, Хүнсний технологич н.Сувдаатай утсаар холбогдож, тодруулга мэдээлэл авсан юм. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагийн орой тухайн пост бичсэн иргэн утсаар холбогдсон. Миний бие тухайн эмчилгээ хийлгэж буй эмнэлэгт нь бямба гарагийн өглөө очиж, хүүхдийн ээжтэй уулзсан. Хордлого авсан гэх хүүхэд нь 11 сартай бөгөөд ээжтэй уулзахад өөдөөс шууд 7 хоног эмнэлэгт хэвтсэний төлбөр 800 мянган төгрөг нэхсэн. Би тухайн хүмүүсийг яг хэд хоног эмнэлэгт хэвтсэнийг хэлж мэдэхгүй.
Манай байгууллага 30 жил хүнс үйлдвэрлэж байгаа. Бүх бүтээгдэхүүнээ технологийн дагуу үйлдвэрлэж байгаа. Худалдан авагч хүн бүтээгдэхүүний орц найрлагатай танилцаж, худалдан авалт хийх ёстой. Гомдол гаргасан иргэний хүүхдэдээ идүүлсэн Шанзтай еэвэн нь найрлагадаа арвайн гурил, масло, улаанбуудайн дээд гурил, элсэн чихэр агуулдаг. Ямар нэг хүнсний нэмэлт найрлага ордоггүй. 1 ширхэг нь 30-35 грамм жинтэй.
Тухайн гомдол гаргасан иргэний нөхөр нь оройн цагаар утсаар холбогдож "П минь, хүүхэд аллаа" гэх мэтээр дайрч давшилж, хэл амаар доромжилсон. Мөн миний хувийн утасны дугаарыг олон нийтийн сүлжээнд тавьж, хүнийг эвгүй байдалд оруулсанд гомдолтой байна. Хордлогын шалтгаан нь эцэслэж тодорхой болоогүй байхад, ингэж хувь хүн болон компанийн нэр хүндэд халдаж болохгүй. Би ч гэсэн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, хуулийн байгууллагад хандана" гэлээ.