Бүсгүй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Магадгүй зарим нь сэтгэлийн гоо сайхныг магтдаг бол зарим нь гадаад төрхийн сайхныг магтах нь бий. Тийм ч учраас бүсгүй хүн бүрийн гоо үзэсгэлэнг илүүтэй тодотгохын тулд төдийгөөс өдий хүртэл хичээж яваа нэгэн бүсгүйг энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьж ярилцлаа.
Тэр бол охид бүсгүйчүүдийн дунд хэдийнээ Make up artist Ari нэрээр хүндлэгдсэн Дэлхийн Дархан аварга Make up artist Ц.Ариунзаяа юм.
-Ярилцлагаа юун түрүүнд таны үндсэн мэргэжлээс нь эхэлье гэж бодож байна. Мэйк ап артист болохоосоо өмнө ямар мэргэжилтэй байсан юм бэ?
-Би геологич мэргэжилтэй. Хүмүүс чулуу судлаачаас нүүр судлаач болоо юу л гэдэг юм. Мэргэжлээрээ ч чамгүй хугацаанд ажилласан. Тэр мэргэжлийг сонгоод төгсчихсөн, ромбо, дипломоо авчихсан учраас гэр бүлээ бодоод ажиллана шүү дээ. Их сургуульд сураад 4 жил, мэргэжлээрээ ажиллаад 2 жил болсон.
-Тэгвэл яагаад мэргэжлээ сольчихсон юм бэ?
-Мэргэжлээрээ ажиллаж байхдаа ямар ч аз жаргал мэдрэхгүй байсан. Өдөр бүр нэгэн хэвийн. Компьютерын ард өглөөнөөс орой хүртэл суухад ажлын 8 цаг маш удаан өнгөрдөг байсан. Тэгээд л би өөрийнхөө дуртай зүйлийг бага багаар хайх ёстой юм байна гэж бодоод, хайж эхэлсэн. Гэтэл миний хамгийн их дуртай зүйл бол нүүр будалт байсан.
Би 6-р ангид байхдаа үсээ төрөл төрлөөр засаж, янзлаад л гоёж, гангалаад л явдаг байсан юм. Тэр үед л миний хүсэл сонирхол бага багаар гарч ирээд байсан юм билээ. Бас дээр нь намайг анх нүүр будалт сонирхож эхэлж байх үед "Pony make up" гэдэг youtube-р байсан юм. Тэгээд л түүний будалтуудыг хараад, дуурайж үзээд нүүр будалтын анхны суурь хичээлээ сурч байлаа.
-Одоо хэдэн жил мэйк ап артистаар ажиллаж байна?
-10 гаруй жил. Ойролцоогоор 12 жилийн хугацааг нүүр будалтын урлагт зориулсан байна. Намайг анх нүүр будалтаар сураад, энэ мэргэжлээр ажиллаж, амьдаръя гэтэл хоолоо олж иднэ гэдэг жаахан хэцүү байсан л даа. Түүгээр ч зогсохгүй мэргэжил гэж хүлээн зөвшөөрөгддөггүй байсан. Гэхдээ л би шийдсэн.
Энэ мэргэжлийг улам илүү хөгжүүлье, давхар өөрийнхөө дуртай зүйлийг ч хийе гэж бодоод гэр бүлийнхэн, найз нөхдөдөө өөрийгөө мэйк ап-чин боллоо гэдгээ хэлж, зөвшөөрөл авч байсан. Энэ магадгүй тухайн үед жаахан эргэлзсэнийх л байх.
-Гэхдээ л та зөв шийдвэр гаргаж чадаж ээ?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед надад бодогдож байсан зүйл бол сонгосон мэргэжлээрээ 4 жил сурч, чамгүй хугацаанд ажиллачхаад үүнийгээ хаях юм байх даа. Би үүнийг хийгээд мөнгө олохгүй зөвхөн хүмүүсийг хөөрхөн болгохын төлөө л ажиллах юм байх даа гэж бодож байсан. Бараг энэ салбарын талаар юу ч мэдэхгүй байсан гэж хэлж болно. Гэхдээ л өөрийнхөө шийдвэрт бат зогсоод гэр бүлийнхэндээ, "Би гурваас зургаан сарын хугацаанд ямар ч мөнгө олохгүй ажиллана. Олдсон мөнгөөрөө гоо сайхны хэрэгсэл, нүүрний будаг авна. Намайг хүлээгээрэй" гэж хэлж байсан. Гэхдээ би нэг сарын дараагаас л мөнгө олж эхэлсэн.
Хүн дуртай зүйлээ хийхээр маш их давшиж, шунаж, өгсөж хийдэг юм билээ. Одоо үүнийг яадаг юм бол, түүнийг яах юм бол гээд л дуртай зүйл рүүгээ улам илүү татагдаж, тэмүүлж байдаг юм билээ. Тэр нь магадгүй хүнд маш их зүйл сургадаг юм болов уу гэж бодсон.
-Та саяхан Дэлхийн аваргаас 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн шүү дээ. Ингээд Дэлхийн 3 удаагийн аварга болсон. Сэтгэл маш өндөр байгаа байх тийм үү?
-Тийм шүү. Дэлхийн аваргын тэмцээн маань манай салбарынхны хувьд гоо сайхны олимп гэж нэрлэгддэг хамгийн том тэмцээн. 78 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Манай Монголын мэргэжлийн үсчин, гоо сайхны холбоо маань тамирчдаа 19 жилийн турш сойж оруулсан.
Миний хувьд 2019 онд Францын Парис хотод анх удаа Дэлхийн аваргын тэмцээнд очиж, оролцож үзэж байсан. 2021 онд "Неон" төрлөөр Дэлхийн аваргын алтан медаль хүртээд 2022 онд "Хуримын нүүр будалт" төрлөөр Дэлхийн аварга хүртсэн. Харин 2023 онд тэмцээндээ оролгүй өнжөөд, энэ жил буюу 2024 онд мөн адил "Хуримын нүүр будалт" болон "Креатив" буюу бүтээлч төрөлд оролцоод "Хуримын нүүр будалт"-аар алтан цом, "Креатив" будалтаар хүрэл цом хүртсэн байгаа. Маш их баяртай байна, догдлол ч дүүрэн байсан.
-Бүтэн 3 удаагийн аварга гэхээр Дархан аварга юм байна шүү дээ. Олон удаа шагнал хүртсэн ч ялалтын мэдрэмжүүд нь өөр өөр байсан байх?
-Хамгийн анх Дэлхийн аварга болоход сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрээд 10 хоног юу болж байгааг ч мэдэхгүй өнгөрсөн. Тэгээд л гэнэт 10 хоногийн дараа ухаан орж байлаа. Харин хоёр дахь удаагаа Дэлхийн аварга болоход хамгийн түрүүнд надад бодогдсон бодол нь,
"Хоёр дахь удаагаа аварга болбол Хошой аварга болдог юм байна. Хүмүүс ч Хошой аварга гэж дуудах юм байна. Тиймээс энэ удаад баяраа маш сайхнаар мэдэрнэ. Өмнө нь юу болж байгааг ч мэдэхгүй өнгөрсөн юм чинь одоо л бүгдийг хамгийн гоёор, тайвнаар мэдэрнэ шүү" гээд л бодсон юм. Гэтэл юун тайван байх. Дэндүү их хөөрөөд, догдолчихсон чинь даралт унаад, ухаан алдахаа шахаж билээ.
Тэгээд сая гурав болон дөрөв дэх удаагийн шагналаа хүртсэн гэдгээ сонссон чинь үнэхээр сайхан санагдсан. Учир нь би хошой аварга болсныхоо дараа "Өөрийгөө дахиж Дэлхийн аваргын тэмцээнд оролцохгүй, болчихсон, цэг тавьчихсан. Үүнээс хойш шавь нараа бэлдье" гэж бодож байсан юм.
Магадгүй бусдын нүдэнд энэ нь тэмцээн юм шиг харагдаж байгаа боловч манай мэргэжлийнхний хувьд асар том сургууль болдог.
Жил бүр тэмцээнд орохдоо ямар нэг зүйлийг илүү ихээр мэдэж, ойлгож, сурч авдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа Монголынхоо далбааг харах үнэхээр сайхан байсан. Тийм болоод ч тэр үү энэ удаа сэтгэл хөдлөлөө маш сайн удирдаж чадсан. Баярласан, догдолсон мэдрэмжийг яаж хадгалж, хаана гаргаж, хэрхэн барих вэ гэдгээ ойлгодог болчихдог юм байна.
-Тэр бүх мэдрэмжийг нь хамгийн ойрын хүмүүс нь хамтдаа хуваалцдаг байх?
-Мэдээж тэгэлгүй яахав. Сүүлийн жилүүдэд буюу ковидоос хойш ДАШТ маань онлайнаар явагддаг болсон. Тэр ч утгаараа дэлхийн өнцөг булан бүрээс маш олон оролцогч оролцох боломжтой ч болсон. Үүний зэрэгцээ энэ тэмцээн нь дан ганц артистын оролцох тэмцээн биш багийн тэмцээн болж байгаа юм. Учир нь онлайнаар оролцохын тулд артист нүүрээ будна, модель будалтыг маань амьдруулна, гэрэл зурагчин маань дэлхийн стандартад нийцсэн чанартай зураг авна. Тэр ч бүү хэл манай шавь нар маань ч гэсэн хамтдаа оролцож, бие сэтгэлээ зориулж байж бид бүгдээрээ энэ амжилтыг гаргаж байгаа юм. Тиймээс энэ бол дан ганц миний амжилт бус бидний баг хамт олны амжилт гэсэн үг.
Түүнээс гадна би нэг зүйлд эмзэглэдэг юм. Олон жил хичээж зүтгэж, бүхнээ зориулан байж гаргасан амжилтыг маань хүмүүс "Чи ёстой азтай юм аа" гэж хэлж байхад би маш их гайхаж байсан юм. Угтаа бол аз гэдэг зүйл чинь сохроор ирээд байгаа юм биш. Би түүнийг бүтээх гэж өөрийнхөө бүхий л хүч хөдөлмөрийг дайчилсан байна, сонгосон мэргэжлээ хүртэл хаяад энэ зүйлийг хөгжүүлэхийн төлөө гэр бүлээ хүртэл хойш нь тавиад ажилладаг байсан байна. Тийм учраас аз гэдэг зүйлийг ялт ч үгүй хөдөлмөрөөр л бий болгоно. Хөдөлмөрлөж байгаа хүн азтай байна.
Гэхдээ аз гэдэг зүйл дандаа шулуун дардан замаар явахад олддоггүй. Ялангуяа уран бүтээлч хүн бол дандаа шат ахиж байх ёстой юм болов уу гэж боддог.
-Мэйк ап гэдэг зүйлийг тодорхойл гэвэл та юу гэж тодорхойлох вэ?
-Мэйк ап гэдэг бол урлагийн нэг төрөл. Мэйк ап артист бол уран бүтээлч. Уран зураг болон нүүр будалт хоёр явцуу утгаараа яг л адилхан. Гэхдээ хамгийн том ялгаа нь нэг нь цаас, даавуу гэх мэт биет дээр зурж уран бүтээл туурвиж байгаа бол нүүр будалт нь хүний нүүрэн дээр л урлагийг бүтээж байгаа юм. Би ингэж л хувьдаа тодорхойлдог.
-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Таны хувьд магадгүй хэн нэгэнд баярлалаа гэдэг үгийг хэлье гэвэл хэнд хэлэх вэ?
-Мэдээж хамгийн түрүүнд ээждээ, эгчдээ, гэр бүлдээ баярлалаа гэж хэлнэ. Гэхдээ өнөөдөр онцлоод нэг хүнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тэр хүн бол манай аав.
Би бага байхдаа аавыгаа алдсан юм. Тэгээд хувь заяаны тохиолоор би хамгийн анхны Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор Парис явахдаа хадам аавтайгаа анх удаагаа уулзаж байсан юм. Гэхдээ эхний тэмцээндээ би амжилт гаргаагүй сэтгэл гундуу байсан ч гэсэн анх удаагаа хадам аавтайгаа уулзсандаа баяртай байдаг.
Хэдий тухайн үед амнаас маань аав гэдэг үг гарахад хэцүү байсан ч аавтайгаа эргээд уулзсан мэт л санагдсан. Магадгүй би аавыгаа алдаад олон жил болсон болохоор ч тэр үү аав гэдэг хүний нөмөр нөөлөг, үрдээ өгдөг сайхан мэдрэмжийг нь мартчихсан байсан юм билээ. Хүн хүнээ мартана гэж байхгүй харин байхгүй байгаад нь дасчихдаг юм билээ. Тэгээд л тэр үед хадам аавтайгаа уулзаад миний дотор байсан бяцхан Ариунзаяа эргээд л гараад ирчихсэн.
Тиймээс ааваа тандаа маш их баярлалаа. Та надад тэмцээнд орсноос минь илүү тийм том хайр, аз жаргалыг мэдрүүлсэн шүү. Та надад бэлэг байсан шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.