Манай сэтгүүлч Б.Мягмарсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр /2024.07.03/ Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.