Хөрөнгө мөнгө, газрыг нь шийдээд өгсөн бол нийслэлчүүд 2021 онд шинэ цэнгэлдэх хүрээлэн буюу “Хийморь цогцолбор”-той болох байв. Тодруулбал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг боловсруулах уралдааныг 2019 наймдугаар сарын 6-наас 16-ны хооронд зарлаж, “Хаус Дизайн” ХХК-ийн “Хийморь" цогцолбор бүтээл тэргүүн байрт шалгарч байв.
2019 онд Ерөнхий сайдаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллаж байсан юм. Тэрбээр 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дугаар захирамжаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах дээрх ажлын хэсгийг байгуулсан юм. Тухайн үед одоогийн Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байлаа.
Олон түмэн ч 50000 метр квадрат талбайд гөлмөө дэлгэсэн эмээл хэлбэртэй, авто замын үндсэн нэвтрэх хэсгийн хаалга нь нум сум хэлбэртэй, стадионы баруун зүүн талын төв хаалга нь дөрөө хэлбэртэй архитекторын өвөрмөц шийдэл бүхий цогцолбортой болох нь гэж баярлацгааж байв.
Гэвч харамсалтай нь санхүүжилт, газрын асуудлын аль, аль нь шийдэгдээгүй өдийг хүржээ.
Энэ хугацаанд “Хаус дизайн” компанийн дизайнер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг өөрийн "Хийморь" бүтээлээ шав тавихыг үзэлгүй 2020 онд таалал төгссөн юм. Түүний хувьд Чингис Хааны хөшөөт цогцолбор, Их Майдар, Морин хуур цамхаг зэрэг төслийг санаачлан, бүтээснээрээ монгол түмний хүндлэлийг хүлээсэн эрхэм байв.
Угтаа бол "Хийморь" цогцолборыг Засгийн газрын наймдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтсон. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар яригдаж байв.
Нийслэлээс удаа дараа "Хийморь" бүтээлийн авторын гэрээгээ цуцал гээд шахаад байсан
Энэ талаар “Хаус Дизайн” ХХК-иас тодруулахад "Шинэ цэнгэлдэх Нисэх, Яармагын аль нэгт барихаар яригдаж байсан. Сүүлд Яармагын тэр хавьд барихаар тогтсон ч иргэдийн газар болж таарсан. Газрын маргаантай явсаар хаа, хаанаа ажил яваагүй. Нийслэлээс ч газрын асуудал хөрөнгө мөнгийг шийдэж өгөөгүй. Манайхаас ТЭЗҮ зэрэг бүх бичиг баримтаа боловсруулаад өгтөл төсөв мөнгө нь бас л бүтээгүй. Зураг төслийн мөнгөө ч нийслэлээс эргүүлж авч чадаагүй л явна. Нийслэлээс удаа дараа "Хийморь" бүтээлийн авторын гэрээгээ цуцал гээд шахаад байсан" гэв.
Нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэлийн ерөнхий архитекторын газраас мэдэх хүн алга. Бүгд л бараг "Юун шинэ цэнгэлдэх хүрээлэн билээ" гэх янзтай байх аж.
Бид хаана ч ялгарах архитектурын онцлогтой болж хөгжих ёстой
“Хаус дизайн” компанийн дизайнер, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан амьд ахуй цагтаа "Эмээл стадионыг арав хоногт зураагүй, арван жил толгойдоо бодож, судалгаа шинжилгээ хийж, олон архитектурчтай хамтран макет хийж туршиж үзэж байсан төсөл. Зураг төслийн багт хамтран ажилладаг гадаад дотоодын 2-3 байгууллагуудтай нэгдэн, санаа оноогоо нийлүүлж зурсан. Би архитектур дизайны салбарт олон жил ажиллаж байна.
Бид хаана ч ялгарах архитектурын онцлогтой болж хөгжих ёстой. Уламжлалаа ярих юм бол Монголын дайчид. Цэргүүд хол замд аян дайнд явахдаа эмээлээ дэрлэж унтдаг. Одоо ч хөдөө шөнө адуу манаж байгаа залуус эмээлээ дэрлэж унтахад нөмөртэй, нөөлөгтэй байдаг гэдэг. Гэх мэтчилэн олон санаануудаас үүнийг нь архитектурлаг талаас нь инженерийн хийц талаас нь ашиглавал яасан юм гэж бодсон" гэж ярьж байжээ.
"Хийморь” цогцолбор нь гөлмөө дэлгэсэн эмээл хэлбэртэй, авто замын үндсэн нэвтрэх хэсгийн хаалга нь нум сум хэлбэртэй бөгөөд стадионы баруун зүүн талын төв хаалга нь дөрөө хэлбэртэй байхаар төлөвлөсөн нь үндэсний хэв шинж бүхий архитекторын өвөрмөц шийдэлтэй цогцолбор юм. Ингэхдээ авто зам, ногоон байгууламж нь баруун ба зүүн жигүүр гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд баруун жигүүрээс зүүн жигүүр хүртэл явахын тулд замын доод хэсэгт байрлах тунель гарцаар гарна. Мөн стадионы доторх хүмүүсийн агаарыг чийгшүүлэх зорилгоор стадионы төв орц гарцан дээр усан оргилуур төлөвлөж өгчээ.Тус цогцолборын эдэлбэр газрын хэмжээ нь 30 га бөгөөд нийт барилгажих талбай нь 50000 метр квадрат гэж ерөнхий зурагт тусгажээ.
Таван жил гацсан "Хийморь" гацаанаас гарах уу ?
Шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид зургаадугаар сарын 14-нд Монголд ирсэн.
Ямартай ч зураг, төсөл нь бэлэн байгаа “Хаус Дизайн” ХХК-ийн “Хийморь" бүтээлийг ашиглах уу аль эсвэл шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр. Ямартай ч “Хаус Дизайн” ХХК-ийн зүгээс энэхүү саналаа илэрхийлсэн бөгөөд ирэх долоо хоногт хурлаар шийдэгдэх гэнэ.
Гэвч нөгөө талдаа "Хийморь" бүтээлийг бус шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргаж ч магадгүй. Учир нь “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ” гэж ярьжээ.
Хэрэв тэгвэл Монгол төрийн залгамж чанар алдагдсан болохыг дахин батална биз. Хотын дарга, албан тушаалтнууд өмнөх удирдлагуудын хийж байсан ажлыг үгүйсгэх, харлуулах бүр цаашлаад зогсоож шинээр өөрсдөө дүрэм хөтөлбөр зохиож ажил хийдэг боллоо. Нөгөө л үрэлгэн байдал ноёрхсоор. Нэг төсөл хөтөлбөрийг төсвийн болон төслийн хөрөнгө оруулалтаар хийдэг.
Гэтэл нэг дарга гарч ирээд зогсоож, шинэ хөтөлбөр боловсруулж, сурталчилдаг. Өмнөх ажлынхаа үр дүнг үзээгүй байж, цаасан дээр мөнхөрсөн бүтээн байгуулалтын тод жишээ нь шинэ цэнгэлдэх хүрээлэн болох “Хийморь“ цогцолбор.
Нэг дарга нөгөөгөөр солигдсон ч төрийн албаны залгамж чанар хэвээр оршдог болсон цагт Монгол Улс хөгжлийн тухай ярьж эхлэх нь.