Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуны улирал гэрэл зурагт мөнхрөх вий

Огноо
Унших
3 минут 51 секунд

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад

Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ

Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад

Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно...Их зохиолч Д.Нацагдоржийн “дөрвөн цаг” найргийг мэдэхгүй Монгол хүн байхгүй. Хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал энэ найрагт л мөнхөрч, зүлэг ногоон тал зөвхөн гэрэл зурагт үлдэх вий. Ийм аюул бидний хоолойд тулсан асуудал болжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ч.Сономдагва ингэж ярьж байв.

Тэрээр “Ган гачиг, зудын давтамж ойртсон. Жил дараалан ган, зуд нүүрлэж байна. Хавар намар урт болж, зун богиносч байна.

Өвлийн улирал ч богинослоо. Цаашид хавар, намар гэсэн хоёр л улиралтай болох дүр зураг ажиглагдаж байна. Ногоон өнгөний цаана хүртэл асуудал байгаа. Харахад л ногоон байснаараа бэлчээрийн унаган ургамал ургаж байгаа гэсэн үг биш.

Ялангуяа цөлжиж эхэлж байгаа бэлчээрийн талхлалт, доройтолд өртөж эхэлж буй хөл газрын ургамал буюу бидний хэлж заншсанаар шарилж ургах нөхцөл бүрдэж байна. Энэ нь малын болон бусад хоол амьтны хоол тэжээл болох боломжгүй ургамлууд юм. Ганцхан өвслөг ургамалтай хээр, говь цөлийн бэлчээр багасч байгаа юм биш” гэсэн юм.

Энэ зун ус ихтэй, гэнэтийн аадар борооны давтамж нэмэгдэх тул үерийн гамшигт үзэгдэл болох эрсдэлтэй болохыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн.

Нийслэлд өнгөрсөн зуны долоо, наймдугаар сард их хэмжээний бороо орсны улмаас 4 удаа үер болж, 31,6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, байгууллага, 231 тээврийн хэрэгсэл өртсөн. Мөн 21 байршилд гудамж, зам талбай усанд автаж, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болсон билээ. Гэтэ уур амьсгалын өөрчлөлтийн илрэх шинж тэмдэг нь жилд унах хур тундасны хэмжээ байдаг аж. Гэхдээ хэмжээнд өөрчлөлт гараагүй юм шиг боловч хур тундасны орох эрчим өөрчлөгдөж байгааг профессор Ч.Сономдагва хэлсэн. Түүний тайлбарласнаар хур тунадасны эрчим өөрчлөгдөж байна гэдэг нь нэг өдөрт ордог хур тундас нэг цагт эсвэл 10 минутад буюу хүчтэй аадар бороо, үер болох үзэгдлийг хэлж байгаа аж.

Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн мэдрэг хүчтэй өртөж буй улсын нэг болжээ. Ялангуяа малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрсэн нь гол нөлөөлж буй хүчин зүйл болохыг судлаач профессор Ч.Сономдагва тодотгож байлаа.

Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт эцсийн тулгамдсан асуудал биш аж. Хэрэв малын тоо толгойг цөөрүүлж бэлчээрээ хамгаалж чадвал уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэхгүй, хөрс нөхөн төлжих боломжтой гэдгийг ч бас тодотгосон. Учир нь, ус, алт, нүүрс зэрэг дуусдаг баялагтай харьцуулахад нөхөн төлжих, сэргэх боломжтой юм байна.

ХЭҮК: Намууд үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, хэн нэгнийг гутаах худал мэдээлэл тараахгүй байх ёстой
ХЭҮК: Намууд үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, хэн нэгнийг гутаах худал мэдээлэл тараахгүй байх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.